Эрсдэлийн удирдлагын форум 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын “Эрсдэлийн удирдлагын форум-2016”-г долоо дахь жилдээ "Мандал Женерал Даатгал" ХХК, “Голомт банк”, “Willis Towers Watson” хамтран Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Тус Форумын зорилго нь улсын хэмжээнд тулгараад буй эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах замаар нийгмийн эрсдэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах явдал байдаг билээ.

Монгол Улсын “Эрсдэлийн удирдлагын форум-2016” нь дараах ерөнхий сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа:
 
  • 2017 оны Макро эдийн засгийн эрсдэл ба бизнесийн төлөвлөгөө
  • Эрсдэлийн удирдлагын дэлхийн стандарт: Дэд бүтцийн салбар
Энэ удаагийн Форумын онцлог нь Монгол улсад бизнес эрхлэхэд тулгардаг түгээмэл эрсдэлүүдийг удирдах талаар дотоодын дэд бүтцийн салбарын төлөөлөл болсон Монгол компани, гадаадын хөрөнгө оруулалттай мега төслийн эрсдэлийн удирдлагын туршлагаас сонсох, туршлага хуваалцахад оршиж байсан бөгөөд бизнес эрхлэгчдийн санааг чилээж буй ирэх оны макро эдийн засгийн төлөв байдал, хямралыг дагасан эрсдэлийн асуудлуудад мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоо, таамаг гэх зэрэг ул суурьтай мэдээ мэдээллүүд тус форумын үеэр яригдсан юм.



Түүнчлэн “Мандал Женерал Даатгал” ХХК Монгол улсын Суурь Эрсдэлийн Индексийн анх удаа тооцоолсныг танилцууллаа.
Форумд Монгол улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах төвшний 350 гаруй албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцсон нь тус форумын ач холбогдол, үр дүн, нэр хүнд, цар хүрээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж мөн цаг үеээ олсон чухал сэдвүүдийг хөндөж чаддагийг харуулж байна.
Бусдад түгээх
  • gplus