Б.Түвшинжаргал: Матад сумын сургуулийн 230 хүүхэд бүгд таеквондогоор хичээллэдэг
Залуу хүн зорилготой байна гэдэг хамгийн том  амжилт. Тэгвэл тэр зорилго нь зөвхөн өөрт хамаатай бус өрөөл бусдын төлөө байна гэдэг гайхалтай үйл хэрэг. Монгол улсын алс зүүн хязгаар Дорнод аймгийн  урд захын нэгэн сумын сургуулийн 230 хүүхэд бүгдээрээ таеквондогийн спортоор хичээллэдэг тухай та хаа нэгэнтээ сонсож байсан болов уу.

Эл ажлыг дөнгөж 27 настай залуу хэдийнээ найман жилийн өмнө эхлүүлжээ. Түүнийг Б.Түвшинжаргал гэдэг. Тэрээр 19 насандаа таеквондогийн спортоор хичээллэж эхэлжээ.

Спортод хөл тавьсан энэ л үеэ Б.Түвшинжаргал сайн үйл, сайхан түүхээр эхлүүлсэн байна. Тэрээр төрөлх сумынхаа хүүхдүүдэд таеквондо зааж “Ялалт” нэртэй клубыг үүсгэн байгуулжээ.

Тус клубээс 10 гаруй спортын мастер, дэд мастер төрж, 30 гаруй бүстэй тамирчид төрөн гарчээ.

Ингээд бид Монгол улсын спортын мастер, таеквондогийн хар бүстэй тамирчин,улсын шүүгч Б.Түвшинжаргалтай цөөн хором сонирхолтой яриа өрнүүллээ.

-Таеквондогийн спортоор хичээллээд хэдийнэ найман жил болжээ. Энэ бол бага биш хугацаа болов уу. Таны энэ спортыг сонгох болсон түүхээс яриагаа эхлье.

-Анх таеквондогийн спортоор наймдугаар ангиа төгсөөд буюу 2007 оноос хичээллэж эхэлсэн. Энэ үед би Дорнод аймгийн Матад суманд найман жилээ дүүргэчихээд аймгийн төв рүү шилжиж ирээд байсан юм. Тэгээд л таеквондогийн клубтээ элссэн. Анх таеквондогоор хичээллэж эхлэхдээ 19 настай байлаа.

-Тэгвэл хэзээнээс багшилж эхэлсэн бэ. Сумынхаа маш олон хүүхдүүдийг энэ спортоор хичээллэж эхлэхэд нь тусалсан гэж сонссон юм байна?

-Би дунд сургуулийн сурагч байхдаа спорт их сонирхдог хүүхэд байв. Өвлийн хүйтэнд ямар ч халаалтгүй хүйтэн зааланд гүйж харайж бэлтгэл хийнэ. Ингэсээр нэг л мэдэхэд орой болчихсон байна. Тухайн үед хөдөөгийн сумын сургуульд спортын секц дугуйлан гэдэг зүйл бараг л байгаагүй шүү дээ. Тиймээс өөрөө дур сонирхлоороо л хичээллэдэг байсан.  Харин аймгийн төвд орж ирээд таеквондогийн клубт хичээллэж эхлэнгүүтээ өөрийн мэдсэн сурсан зүйлээ бусад хүүхдүүдэд ч гэсэн зааж сургая гэж шийдээд клуб байгуулах ажлыг эхлүүлсэн юм.
 

-Шавь нар маань үүрийн 04:00 цагт “Багшаа бэлтгэлээ хийе” гээд гэрийн үүдэнд зогсож байдаг-


-Өөрөөр хэлбэл өөрөө энэ спортоор хичээллэж эхэлсэн даруйдаа багшилж эхэлсэн гэсэн үг үү?

-Тиймээ. Над шиг л спортоор хичээллэхийг хүссэн ч боломж, бололцоо олдохгүй байгаа хүүхдүүдэд боломж олгож, сурсан мэдсэнээ заая гэж шийдсэн юм.



-Дунд сургуулиа ч дүүргээгүй хүүхэд  клуб нээн ажиллуулана гэдэг их зориг шүү. Энэ ажлыг гэр бүлийнхэн чинь хэр дэмжиж байв?


-Аливаа ажлыг эхлүүлэхэд саад бэрхшээл асар их байдгийг бүгд мэднэ шүү дээ. Надад ч гэсэн тийм л байсан. Гэхдээ миний бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг гэр бүлийнхэн маань, нутгийн зон олон, сумын удирдлагууд гээд бүгд маш ихээр дэмжсэн. Үүний үр дүнд өнөөдөр манай сумын бүх хүүхдүүд таеквондо гэдэг спортыг мэддэг болж, тодорхой хэмжээнд хичээллэж, эхнээсээ амжилт гаргаад явж байна.

-Хөрөнгө санхүүгийн  асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Мэдээж  санхүүгүй бол ямар ч ажил урагшлахгүй. Тэр дундаа анх эхэлж байгаа бол бүр хэцүү. Нутгийнхан маань үүнийг мэддэг учраас хандив өгч байсан л даа. 500-1000 төгрөгнөөс эхлээд сэтгэлээрээ хандив өгсөн. Сумын удирдлагууд шаардлагатай үед машин тэрэг хүртэл гаргаж өгч тусалж байлаа. Одоо ч гэсэн цаг үргэлж дэмжиж байдагт үнэхээр их баярлаж явдаг.

-Матад сумын сургуулийн бүх сурагчид хичээллэдэг гэж сонссон. Айлын энэ олон хүүхдүүдийг ганцаараа даагаад спортоор хичээллүүлнэ гэдэг амаргүй ажил байх?

-Тиймээ. Манай сумын сургуулийн 230 хүүхэд бүгд таеквондогоор хичээллэдэг. Шавь нар маань өглөө эрт үүрийн 04:00 цагт гэрийн үүдэнд ирээд багшаа бэлтгэлээ хийе гээд зогсож байдаг. Үнэхээр хөөрхөн. Өглөө үүрээр бэлтгэлдээ гараад нар мандаж эхлэхэд бэлтгэл маань ид дундаа орж байдаг. Манай нутагт нар их сайхан манддаг шүү. Бид өдөрт дор хаяж долоон цагийн бэлтгэл хийдэг. Зун бол их амар байдаг л даа. Хүүхдүүд маань бүгд хөл нүцгэн бэлтгэлээ хийнэ. Харин өвлийн цагт  их хэцүү. Бэлтгэлийн заалны асуудал хүндрэлтэй. Заал олдсон ч жижиг дээр нь халаалтгүй байх тал бий. Тэгсэн ч тэмцээн уралдаанд орохдоо бүх хувцсаа давхарлаж өмсөөд л бэлтгэлээ базаана даа.



-Клубын тамирчдынхаа амжилтаас дурдвал?

-Найман жилийн хугацаанд  300 гаруй хүүхэд манай клубт хичээллэсэн гэж дээр хэлсэн. Таеквондогийн тэмцээнүүд ер нь маш ихзохиогддог. Энэ болгонд манай тамирчид өндөр амжилт үзүүлдэг. 2009 оноос хойш ер нь тасралтгүй улсын аваргаа хамгаалж байна. Сүүлийн нэг жил хоёрдугаар байрт орсон. Манай  тамирчдаас Болдсайханы Буянтулга /спортын мастер, хар бүстэй/ өсвөрийн дэлхийн аваргад оролцож шилдэг 15-д багтаж байлаа. Дараа нь манай тамирчин Д.Дашням Азийн “Алтан цом”-ын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан амжилтууд бий.

-Ямар ч спортод өмнөө зорилготой байвал амжилт гаргана-



-Хамгийн сүүлд танай тамирчид ямар тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлсэн бэ?

-Хамгийн сүүлд 14 хоногийн бэлтгэл хийж, дөрвөн тэмцээнд оролцлоо. Энэ тэмцээнүүдээс манай клубын тамирчид 80 медаль хүртсэн.

-Ингэхэд тамирчдаас улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан хүн бий юу?

-Б.Буянтулга маань одоо зарлагдах шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцох тамирчдаас чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байгаа.

-Монголд өнөөдөр таеквондогийн спортын хөгжил ямар шатандаа яваа вэ?

-Таеквондогийн спорт манайд дөнгөж хөгжиж байгаа спорт биш. Монголын хамгийн анхны таеквондогийн клуб 1993 онд байгуулагдаж байсан түүхтэй.  Одоогоор 60 гаруй клубт 5000 гаруй тамирчин хичээллэж байна. Эхнээсээ олимпийн наадамд оролцож эхэллээ. Олон улсын чанартай тэмцээнүүдэд манай тамирчид тун амжилттай оролцож байна. Миний хувьд энэ спортыг аймгийнхаа бүх сумын сургууль, аймгийн төвийн их дээд, бага дунд бүх сургуулиудын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах  хөтөлбөр боловсруулж байгаа. Таеквондо өөрөө хүнийг маш зөв хүмүүжүүлдэг. Тэр дундаа сайн талаас нь илүү нээж өгдөг спорт учраас хүн бүр хичээллээсэй гэж боддог.  Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэд хэдэн суманд таеквондогийн сургагч багш ажиллаж, хүүхдүүдэд энэ спортыг зааж байна.



-Танай клубт хэдээс хэдэн насны хүүхдүүд хичээллэж байна вэ?

-Албан ёсны бүртгэлтэй найман жилийн хугацаанд 300 гаруй тамирчин бэлтгэлээ. Тэднээс  10 гаруй спортын мастер төрсөн байна. Манай клуб Дорнод аймгийнхаа төв Чойбалсан хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа. 4-34 хүртэлх насны тамирчид одоогоор манай клубт хичээллэж байна.

-Хүүхдүүд маш багаасаа ирдэг юм байна. Ер нь энэ спортыг сонгоод хичээллэе гээд ирж байгаа хүүхдүүдэд хамгийн түрүүнд юуг  хэлдэг вэ?

-“Рио 2016” олимпийн наадамд анх удаа манай таеквондогийн тамирчин оролцсон. Ингэж оролцохдоо тун өндөр амжилт үзүүлж, дэлхийн аварга чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчныг ялсан нь манай таеквондочдод ямар их ирээдүй, боломж байгааг харуулсан. Үүнээс болоод  энэ жилээс энэ спортыг сонгож ирэх хүүхдүүдийн тоо маш ихээр нэмэгдсэн. Миний хувьд таеквондоог сонгоод ирж байгаа хүүхдүүдээс хамгийн түрүүлж нэг л зүйлийг асуудаг. Тэр нь юу вэ гэхээр “За яг ямар зорилгоор хичээллэхээр шийдэв ээ” гэж. Энэ нь маш чухал. Ямар ч спортод өмнөө зорилготой байх юм бол амжилт гаргахад амархан байдаг. Зүгээр нэг урсгалаараа явж байгаад амжилт гаргана гэж байхгүй. Спорт өөрөө маш их хичээл зүтгэлийн дараа амжилт дагуулдаг онцлогтой.



-Таеквондогоор хичээллэхийн ач тус?

-Өнөөдөр хоёр дээд сургууль төгссөн хүн дэлгүүрт худалдагч хийж байх жишээтэй байна. Гэтэл багаасаа ямар нэгэн спортын төрлөөр  хичээллэсэн хүн зан ааш, нийгэмд эзлэх байр суурь гээд бүх зүйл нь төлөвшчихсөн байдаг.  Адаглаад бие нь эрүүл саруул байдаг юм.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач. Залуу хүн, ялангуяа тамирчин хүний хувьд том зорилготой болов уу?

-Спортын хүний хувьд олимпийн наадамд оролцох нь хамгийн том зорилго байдаг. Миний хувьд ч ялгаагүй. Би хэдийгээр клуб байгуулаад дасгалжуулагч, багш хийж байгаа ч тамирчны хувиар тэмцээн уралдаануудад оролцдог. Одоогоор Армийн Азийн аварга шалгаруулах маш том тэмцээнд бэлдэж байгаа. Үүнээс гадна найман жилийн хугацаанд манай клуб өөрсдийн гэсэн бэлтгэлийн заалгүй явж ирсэн. Энэ асуудлаа шийдвэрлэхээр аймгийн төвд хоёр давхар спорт заал барихаар газрын асуудлаа шийдчихээд байна.  Бэлтгэлийн өрөөтэй, амралтын өрөөтэй, душтэй  стандартын шаардлага хангасан заал барихаар төлөвлөөд байгаа. Одоогоор газрын асуудлаа шийдвэрлэсэн. Хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдчихвэл ажлаа эхлүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ylalt Tuvshin 2016-11-12 06:53:12
    Baylalaa Sansartaa ajlin amjilt husie
    202.70.46.210
    Мэдэгдсэн Хариулах
  • сонорзаяа 2016-11-11 03:47:43
    үнэхээр гайхалтай юмаа сэтгүүлчийн ур чадвар харагдсан сайхан яриа болжээ
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-11-11 01:30:44
    Амжилт
    124.158.112.56
    Мэдэгдсэн Хариулах
  • би  2016-11-11 01:19:25
    үнэхээр мундаг юмаа. монгол залуус юуг ч хийж бүтээж чаддагийг харуулж байгаа залуу байна даа. сайхан ярилцлага болжээ
    202.131.233.102
    Мэдэгдсэн Хариулах
    • ylalt 2016-11-14 23:44:16
      Bayrlalaa
      202.70.46.212
      Мэдэгдсэн Хариулах