Британийн InspireMe Festival-д болох 10 ОНЦГОЙ үйл ажиллагаа
Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival өнөөдөр, маргааш Шангри-ла Моллд болно. Энэ арга хэмжээний хүрээнд болох 10 онцгой үйл ажиллагааг танилцуулъя.


1. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай багачуудад ном уншиж өгнө


Олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог Бямба гарагийн 12:00 цагаас Шангри-ла Моллд байрлах Багачуудын Музейд хүүхэд багачуудад ном уншиж өгнө. Зохиолч Ж.Дашдондог нь "Алтан үлгэр" хүүхдийн шилдэг зохиолын 108 номын цувралыг  хэвлүүлж байжээ. Тэрээр хүүхдийн уншлагыг Монгол ахуй нөхцөлд тохируулан орон нутгийн сумд хооронд олон мянган бээрийг туулан хүүхэд багачуудад номын сангаа хүргэсээр иржээ.
 

2. Дэлхий дахинд хаягжилтын цоо шинэ аргачлал нэвтрүүлэгч компани Монгол хэл дээр апп гаргаснаа танилцуулна
 

What3words нэрээр олон улсад танигдан олон шагналын эзэн болсон Британийн инноваци нэвтрүүлэгч компани 170 гаруй оронд нэвтрээд буй гар утасны апп-ныхаа Монгол хэл дээрх хувилбарыг гаргаад байна.  Монгол Шуудан компанитай хамтран Монгол улс даяарх хаяг тодорхойгүй байдлыг бүрэн шийдэхээр ажиллаж буй тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод зохиогдож буй INSPIREmeFESTIVAL-д зочилж байна. What3words апп-г татаж авсан байхад та Говийн ганц айлыг ч олоод очно. 
 

3. Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Их Британи улсын боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдана
 

Их Британийн их, дээд сургуульд суралцахыг хүсэгчдийн зорин ирэх үйл ажиллагаа бол INSPIREmeFESTIVAL юм. Британид боловсрол эзэмших талаар бүхий л шатны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, шилдэг сургуулиудыг танилцуулах зэрэг маш олон үйл ажиллагааг зохион байгуулахаар Британийн сургуулиудын Монгол дахь түнш байгууллагууд болох  STUDY UK, BPP University, City University of London, Nogoon Jade нар бэлтгэлээ базаагаад байна.
 

4. Монгол сарлагийн хөөвөрийг Лондонд тансаг бараа болгож буй Tengri брэнд өдөрлөгт бүтээгдэхүүнээ танилцуулна 
 

Лондонгийн дээд зэрэглэлийн эрэгтэй хослол урлагч дэлгүүрт Монгол сарлагийн хөөвөрийн утсаар нэхсэн бүс  барааг нийлүүлж буй Tengri брэнд өдгөө 1,500 малчин өрхүүдийг төлөөлж байна. Энэхүү брэндийг үүсгэн байгуулагч Ненси Жонстон INSPIREmeFESTIVAL-д оролцож Англи чамин хийц, Монгол малын түүхий эд, дэвшилтэт технологи нийлэн хэрхэн тансаг хэрэглээг бүтээдэг талаар сонирхолтой яриа хийнэ. 


5. Авьяаслаг Монголчууд 2015 нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын тоглолт болон сюрпризүүд


Британийн SYCOtv-н форматыг Монголдоо амжилттай хөрвүүлж Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгээрээ телевизийн салбарын үе үеийн рекордыг эвдэж буй Монгол ТВ-н баг хамт олон Британийн өдөрлөгийн үеэр нэвтрүүлэгтэйгээ холбоотой хэд хэдэн зарлал, сюрпризүүдийг хийхээр зэхэж байна.  Мөн 2015 оны шилдэг оролцогчид урилгаар оролцон сэтгэлд хоногшсон үзүүлбэрүүдээрээ бэлэг барихаар боллоо.  Үүнээс гадна Монгол ТВ сувгийг үүсгэн байгуулагч Чинбатын Номин өдөрлөгийн  хүрээнд энтрепренер залуусын уулзалтад оролцож  сонирхолтой яриа хүргэнэ.
 

6. Кембриджийн Их Сургуулийн эрдэмтдийн эмхтгэсэн “Монголын Түүх” номыг анх удаа олон нийтэд танилцуулна
 

Монгол судлалын чиглэлээр бичигдсэн дэлхийн олон эрдэмтдийн томоохон бүтээлүүдийг нэгтгэн анх удаа Англи хэл дээр гаргасан энэхүү 3 боть номыг NEPKO хэвлэлийн газар зохиогчийн эрхийн дагуу уншигч түмэнд толилуулна.  Уг бүтээлийг   Кембрижийн их  сургуулийн профессор  Монгол болон Дотоод Ази судлалын танхимын захирал  Дэвид Снийт  эмхэтгэн гаргасан. Энэ бүтээлд гадаадын нэрт эрдэмтэд болох Чарлз Браун, Игор дэ Рашвилц, Дэвид Морган, Овэн Латимор, Каролин Хампри нарын Монголч эрдэмтдийн судалгааны ажлууд төдийгүй Монголын судлаач зохиолч эрдэмтэдийн бүтээлүүд мөн багтсан байна.
 

7. Харри Поттер ном албан ёсны зохиогчийн эрхтэйгээр Монгол хэл дээр гарах гэж байна


Британийн нэрт зохиолч Ж.К. Роулингийн бичсэн, 65 хэлнээ хөрвүүлэгдэн дэлхийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчидийг байлдан дагуулсан Харри Поттер уран зохиолыг Интерномын хамт олон зохиогчийн албан ёсны эрхтэйгээр Монгол хэлнээ хөрвүүлэн гаргахаар болжээ.
 

8. Бизнес эрхлэгчдэд Британи улсаас худалдааны санхүүжилт авах боломжийг танилцуулна
 

Британи, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх олон ажлууд хийгдэн сүүлийн жилүүдэд энэ харилцаа эрчимтэй хөгжиж байна. Британиас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад Британийн төрийн экспортын санхүүжилтийн агентлаг дэмжлэг үзүүлж, зээл олгох боломжтой юм. Дэмжлэг авах нөхцөл, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжтой зэрэг мэдээллийг INSPIREmeFESTIVAL –н үеэр дэлгэрэнгүй хүлээн авах боломжтой ба энэ сэдвээр Британийн ЭСЯ-ны Олон Улсын Худалдааны хэлтэс илтгэл тавина.
 

9. Британи улсын Чевнинг тэтгэлэгээр төгсөгчдийн баяр болно
 

Британи улсын Засгийн газрын Чевенинг тэтгэлэгт хөтөлбөрт өдгөө 140 Монгол оюутан хамрагдаж тус улсын шилдэг их сургуулиудад суралцаад байна.  Тэдгээр төгсөгчдөөс нийт 30 хүн боловсролын дипломоо Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолдоос гардан авах ёслол Бямба гарагт Британийн өдөрлөгийн хүрээнд зохиогдоно. Мөн тус өдөрлөгийн хүрээнд энэ тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авах боломжтой.  
 

10. Британи Монголын спортын хамтын ажиллагааг танилцуулна
 

Британи болон Монгол улсын иргэд хоорондын хамтын ажиллагаа спортын салбарт түлхүү өргөжиж байна. Британи улсын ЭСЯ-аас энэ жил хоёр улсын армийн хоёр дахь удаагийн поло тэмцээнийг Монголд зохион байгуулсан. Мөн Британийн иргэн Пол Уотсон Монголын Баянгол хөл бөмбөгийн багийг дасгалжуулж, олон улсын тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлсээр байна. Түүнчлэн Монгол улс болон Британийн рагби хөлбөмбөгийн багууд удахгүй Монгол улсад учраа таарах бэлтгэл хийгдэж эхлээд байгаа бол Монголд анхны крикетийн талбайг барин тус спортыг хөгжүүлэхээр ажиллаж буй хоёр орны иргэд Британийн өдөрлөгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. #INSPIREmeFESTIVAL –н үеэр IMAX кино театрт Our Beautiful World болон Underhill хэмээх Британий хөлбөмбөгийн соёлыг харуулсан кинонууд үнэ төлбөргүй гарна. 
 

11.  Британи улсын Монгол дахь сайн дурын байгууллагуудын олон жилийн хөдөлмөрийн үр шимийг таниулна


Британичуудын 1.2 тэрбум төгрөгийн хандив хэрхэн Монгол хүүхдийн эрүүл, мэнд боловсролд зарцуулагдаж буй, мөн тус улсын байгаль орчны мэргэжилтнүүд Монгол улсын зэрлэг ан амьдтыг устан үгүй болохоос хамгаалан ажиллаж буй,  Монголын бэлчээрийн газар нутгийг цөлжилтөөс хамгаалахад судалгаа шинжилгээг явуулж буй Британи Монголын хамтарсан төслийн мэдээллийг #INSPIREmeFESTIVAL-аас олж авах боломжтой.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.