Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар чамгүй олон асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор ард түмний амьдралд ойр, хөрсөн дээр буусан шийдвэрүүдийг баталсан нь онцлох үйл явдал байлаа. Энэ дунд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төсөл, ахмад настанд олгох “Насны хишиг”, хүүхэд харах үйлчилгээний тухай асуудал гэх зэрэг шийдвэрээ хүлээсэн олон асуудал багтсан юм.

Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүулэх тухай хуулийн төслүүдийг ч хэлэлцэж эхлээд буй.
 
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт онцлох нэгэн үйл явдал болсон нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан юм.
 
Ингээд дээрх асуудлын хүрээнд хэн юу хэлсэн талаар “Хэн юу хэлэв” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.

 

С.Чинзориг: Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй

 /УИХ-ын гишүүн/
 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байгаа. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг санаачилсан юм.
 
Тэрбээр “Хууль санаачлах эрхийнхээ дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр хуулийн төсөл боловсруулаад, Засгийн газраас санал аваад УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулийн төсөл байнгын хороогоор, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байна.
 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр дөрвөн багц асуудлыг шийдвэрлэхээр тооцож байгаа. Даатгалд хамрагдсан хэлбэрээсээ хамаараад, хүүхэд асарсныхаа тэтгэмжийг авч байгаа ээжүүд ялгавартай тэтгэмж авдаг хуулийн зохицуулалт одоо үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл, заавал даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ асарсны тэтгэмжийг цалингаасаа 100 хувь авдаг. Харин сайн дураараа даатгалд хамрагдсан ээжүүд цалингаасаа 75 хувь авдаг. Тиймээс нэгэнт хүүхэд төрүүлээд, асарсныхаа тэтгэмжийг авч байгаа ээжүүдэд даатгалд хэрхэн хамрагдсан гэх хэлбэрээсээ үл хамаараад 100 хувь тэтгэмжээ авдаг болох нь зүйтэй гэсэн зохицуулалт оруулж өгсөн.
 
Хүүхэд төрүүлээд, хүүхдээ гурван нас хүртэл нь буюу цэцэрлэгт хамрагдах хүртэл нь ээжүүд гэртээ хардаг. Гэтэл энэ хугадаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалддаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ээжүүдийн тэтгэмжтэй байх хугацааны буюу найман сарын шимтгэл төлөгдөөд, үлдсэн нь тасардаг. Үүнээс болж үлдсэн хоёр жилийн шимтгэл тасарч ээжүүд хохирч байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд, хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, улсад ажилласан жил тасалдахгүй байхаар тусгасан.
 
Түүнчлэн ээжүүдтэй холбоотой өөр нэг зохицуулалт нь олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх асуудал юм. Одоо үйлчилж байгаа хуулиар дөрөв буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг 50 настай тэтгэвэрт гарахыг нь зөвшөөрдөг. Энэ бол ээжүүдийн нийгмийн хамгааллыг шийдсэн чухал хууль. Гэхдээ ээжүүд 50 настай тэтгэвэрт гарчихаар ажилласан жил нь бага тооцогдоод тэтгэвэрт гарахдаа бага тэтгэвэр тогтоолгодог дутагдалтай тал бий.
 
Тиймээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцож байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжид улсад ажилласан нийгмийн даатгал төлсөн жил дээр нь зургаан жил нэмэгдээд тухайн ээж тэтгэвэрт гарахдаа тэтгэврээ өндөр тогтоолгох боломжийг бүрдүүлж өгч байгаа гэсэн үг” хэмээн хуулийн төслөө тайлбарлажээ.
 

Г.Өнөрбаяр: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд 11,12 сард 1.7 тэрбум төгрөг олгоно

 /Хөдөлмөр, нийгтийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга/
 
УИХ-ын дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шшшлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, Хүүхэд харах үйлчилгээний талаархи асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанаар ч энэхүү асуудлыг хэлэлцэн төсвийн санхүүжилтэд 5.8 тэрбум төгрөг нэмсэн юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийсэн.
 
Энэ үеэрээ тэрбээр “Хүүхэд харах үйлчилгээний хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан. Гэвч хугацаа нь хойшилж, дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл манай яамны зүгээс ажлын хэсэг гаргаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газруудыг шалгасан. Одоогийн байдлаар 2557 иргэнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгосон. Үүнээс 1206 нь энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд 6553 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа. Мөн улсын хэмжээнд 875 Хүүхэд харах үйлчилгээний газар ажиллаж байна.
 
Энэ онд Хүүхэд харах үйлчилгээнд 10328 хүүхэд хамрагдана гэж тооцоод улсын төсөвт 10.6 тэрбум төгрөг суулгасан. Гэвч Хүүхэд харах үйлчилгээ удааширч, дөрөвдүгээр сараас эхэлсэн учраас төсвийн тодотголоор 5.5 тэрбум төгрөг нь хасагдсан. Харин өнгөрсөн 9, 10 дугаар сарын санхүүжилтэд 2.8 тэрбум төгрөг олгосон.
 
Тэгвэл 11, 12 дугаар сарын санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөг олгоно гэж тооцсон байгаа. Улсын хэмжээнд 1206 Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч байгаагийн 609 нь нийслэлд байна. 6553 хүүхдийн 3000 орчим нь нийслэлд байгаа юм. Ерөнхий мэдээлэл өгөхөд ийм байна” хэмээн мэдээлэл өгсөн юм.
 

Н.Алтанхуяг: Зүгээр хараад сууж чадахгүй болохоор Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдсэн

 /Монгол Улсын Ерөнхий сайд асан/
 
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
 
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол миний хувь улстөрчийн шийдвэр. Би Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд Монголын нийгмийн өнөөдрийн байдлыг, манай Засгийн газраас хойших үйл ажиллагааг хараад зүгээр сууж, тэвчиж чадахгүй боллоо. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж бодоогүй байсан. Улс орны нөхцөл, дураараа авирлаж байгаа үйл ажиллагаа, хууль ёсыг гажуудуулдаг, бизнесийг дарамталдаг байдлыг хараад сууж чадахгүй. УИХ-д байхдаа би үгээ хэлж, тэмцдэг байсан.
 
Эд бохир аргаар манай Засгийн газрыг унагаасан. Манай Засгийн газар унасан гол шалтгаан хоёр жил болсны дараа улам тод харагдаж байгаа. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монголдоо, ард түмэндээ ашиггүй олон үйлдлийг хийхгүй гэж эсэргүүцсэн. Тэглээ гэж манай Засгийн газрыг огцруулсан.
 
Тиймээс АН шинэчлэгдэж, өөрчлөгдөх ёстой. Гэхдээ АН- ын, ардчиллын гол тулгуурыг хэн ингэж нурааж хаяв гэдгийг гаргаж, ойлголцох ёстой. Тэр чиглэлээр манай намынхан ажиллаж байх шиг байна.Дүрэм, дарга хоёрыг өөрчилсөнөөр намаа шинэчиллээ гэж ойлгож болохгүй. Энэ намыг өөрийн гэсэн толгой, үзэл бодолтой, хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй хүмүүс гарч ирж удирдана гэдэгт би эргэлзэхгүй байна. Өөрийн гэсэн толгой, үзэл баримтлалтай хүмүүс байх ёстой. Хэн нэгний утсан хүүхэлдэй АН-ын дарга байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-12 00:29:42
    Чинзориг гэрээ засаагүй байж төрөө засна гэж юу байх бэ дээ.