2017 оны улсын төсвийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 92.3 хувийн саналаар баталлаа.  Мөн Авилгын тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай   зэрэг дагалдах хуулийг баталсан юм.

Ирэх 2017 онд зэсийн баяжмалын экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын 3 хувиас давахаар байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу зэсийн үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцжээ.  Ирэх оны төсөвт 1 тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 4,599.0 ам.доллар, зах зээлийн үнийг 4,800.0 ам.доллар байхаар тооцож, Тогтворжуулалтын санд 7.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2017 онд тухайн жилийн ДНБ-ий 9.9 хувиас илүүгүй байх юм.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн төслийг тооцоход нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбумтөгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байна.  Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь тухайн жилийн өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх. Монгол Улсын 2016 оны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.0 хувьтай, 2005-2016 оны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж 22.5 хувьтай тус тус гарсан байна. 2017 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 8,564.0 тэрбум төгрөгөөр тооцож, нийт зарлагын өсөлт -11.7 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-д заасан тусгай шаардлагыг хангаж байгаа аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь 2017 онд ДНБ-ий 85.0 хувиас хэтрэхгүй байх юм.

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд туссан Засгийн газрын шинээр авах зээл, гаргах үнэт цаас, өрийн баталгаа, тэдгээрийн эргэн төлөлт болон Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээг оруулан тооцсоноор 2017 оны эцэст Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 84.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж хууль боловсруулагчид үзжээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine