МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд

Шаардлага хүргүүлэх тухай

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нь 2015 оны 01-р сард тухайн үед эрх барьж байсан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа тамгыг ч хүлээлгэн өгөөгүй үедээ МҮОНРТ-д  улс төрийн зорилгоор томилогдон ирж өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд тус байгууллага нь, түүхэндээ байгаагүй “улстөржсөн” төдийгүй, МҮОНРТ-ийн өмчийг үнэгүйдүүлж, уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтууллаа.

Олон нийтийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэх, нийтлэл нэвтрүүлгийн бодлого тодорхойлох чадамжгүй болж, нэгэн цагт Ц.Оюундарийн өөрийнх нь тодорхойлж байсан шиг “Живж буй аварга титаник” өнөөдөр бодит биеллээ оллоо.

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй олон нийтийн телевизэд үр дүнгүй бүтцийн өөрчлөлт хийж, Монголын мэдээ агентлагийг ямар ч тооцоо судалгаагүйгээр бие даасан суваг болгож, кабелийн телевизүүдээс ч доогуур рейтингтэй, үзэгчгүй, цагаа дүүргэж чаддаггүй, цалингаа тавьж дийлдэггүй, боловсон хүчний нөөцгүй болгон доройтуулсан нь ерөнхий захирал Ц. Оюундарийн бодлогын алдаа болсон.

ММ агентлагийн төдийгүй МҮОНРТ-ийн брэнд мэдээллийн хөтөлбөр Цагийн Хүрд хөтөлбөрийг ч үзэгчид аль сувгаар үзэхээ мэдэхгүй бухимдаж, утасдаж байсныг олон нийт гэрчилнэ. Энэ нь татвар төлөгчдийг мэдээллээр хангах үндсэн үүргээ зөрчиж, Олон Нийтийн Радио Телевизийн тухай хуулийг ч зөрчсөн ноцтой асуудал юм.

УИХ-ын сонгуулиар ч МҮОНРТ хэт 1 талыг барьсан, зөвхөн эрх баригч Ардчилсан намд давуу эрх олгож, үйлчилсэн мэдээллийг цацаж байсан нь үзэгчид, сонгогчдын эрхийг зөрчсөн үйлдэл байлаа.

Жил гаруйхан хугацаанд ММ агентлаг болон Монголын Мэдээ сувгийн захирлыг 4 удаа сольж, МҮОНРТ-ийн дэд захирлыг 3 удаа, MNB 1-р сувгийн захирлыг 3 удаа тус тус сольсноор телевизийн нийтлэл нэвтрүүлгийн бодлого бүрэн алдагдах үндэс суурийг тавьсан. Мөн данхар бүтцийг цомхотгох нэрээр уран бүтээлчдээс 80 гаруй хүн халж, оронд нь 100 гаруй хүн шинээр ажилд авсан байдаг. Ийнхүү халаа сэлгээгээр хамт олныг айлгаж, сүрдүүлснээр жирийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчид айдас хүйдэст автаж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх ашиг нь зөрчигдсөөр ирлээ.

Ц.Оюундарийн МҮОНРТ-д учруулсан балаг санхүүгийн зөрчлүүдээр үргэлжилнэ. МҮОНРТ-ийн төв байрны урд жигүүрийн хэсгийг тэр чигт нь, хувийн студи, продакшнд түрээслэх нэрээр балгас болголоо. Үүний уршгаар МҮОНРТ-ийн уран бүтээлчид амьсгалах ч зайгүй ажлын байрны хүнд нөхцөлд ажиллаж, уран бүтээлээ хийж байна.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий захирал Ц.Оюундарь нь сардаа үндсэн цалин 3 сая төгрөг, ур чадварын нэмэгдэл 20 % буюу  600 мянган төгрөг, гар утасны төлбөр нь 120 мянган төгрөг, мөн санхүүгийн тайлан балансын шагнал, МҮОНРТ-ийн эфирээр явж байгаа захиалгат, болон төслийн нэвтрүүлгийн зуучийн мөнгийг нэмбэл цаг наргүй ажилладаг уран бүтээлчид, инженер техникийн ажилчдын сард  авдаг 540 мянган төгрөгийн цалингаас даруй  10 дахин их цалин, урамшуулал авч байна.

 

Ц.Оюундарь захирлын Шилэн данс хөтөлдөггүйн шалтгаан буюу МҮОНРТ-ийн нийт хамт олонд ил болсон санхүүгийн баримтууд...

 

1. 2016 он гэхэд байгууллагын төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулахын тулд 580 мянган евро буюу 1 тэрбум 200 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Энэ мөнгийг олохын тулд Төрийн банкинд байгууллагын ажилчдын цалингийн дансыг барьцаалан 1 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас өндөр хүүтэй зээлж, үлдсэн 200 сая төгрөгийг уран бүтээл, цалинд зориулагдах сангаас гаргасан байна.

2. Рио-2016 олимпийн наадмыг дамжуулахын тулд 1 сая ам.доллар буюу 2 тэрбум гаруй төгрөгийг маркетингийн судалгаагүй зарцуулсан учраас өнөөдөр МҮОНРТ арилжааны банкинд өндөр хүүтэй өрийг үргэлжлүүлэн төлж байна.

3. МҮОНРТ нь Ази Номхон Далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны бүрэн эрхт гишүүний хувьд олимпийн наадмыг дамжуулах эрхийг 1 сая доллараас хэд дахин хямд авах боломж байсан гэж хардах бүрэн үндэслэл бий. Нөгөө талаас ингэж өндөр үнээр олимпийн эрх худалдан авахаар улайрахдаа байгууллагын ажилчдын цалингийн фондыг барьцаалж, өр зээл тавьсан нь МҮОНРТ-г дампууруулж, улмаар үнэгүй хувьчилж авах эрх баригчдын санаархлын гар хөл болсон байх ч үндэслэл бий гэсэн хардлага хамт олны дунд ам дамжин яригдсаар ирснийг энд онцлох нь зүйтэй.

4. Улсын онц чухал обьектийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, баар цэнгээний газар болгохоор “EVENT HALL” гэгчийг засварлахын тулд, 720 сая төгрөгийг зарцуулаад  байна.

5. 190 сая төгрөгөөр бартерийн гэрээ хийж лед дэлгэц авна хэмээн хувь компанитай гэрээ байгуулсан. Гэвч тухайн гэрээлсэн лед дэлгэц нь МҮОНТ-ийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр агуулахад хадгалагдаж байна. Энэ ажилд байгууллагаас 40-өөд сая төгрөгийг зарцуулсан санхүүгийн факт баримт, жишээ олон байна.

6. Дээр дурьдсанчлан сонгуулийн үеэр хэт 1 талыг барьж ажиллахдаа Риогийн олимпоор мөнгө босгоно гэсэн шалтгаанаар байгууллагад санхүүгийн 2 тусдаа данс хөтлүүлж, асар их хэмжээний мөнгийг оруулж гаргасан баримт ч бий.

Жил гаруйн өмнө Ерөнхий захирал Ц.Оюундарь томилогдон ирэхдээ “...Дэлхийгээр нэг мөнгө тэнэж байна. Тэр мөнгийг олж ирээд энэ байгууллагыг өөд нь татна” гэж амлаж, хэвлэл мэдээллээр ч энэ тухай ойр ойрхон ярилцлага өгч байсан. Байгууллагын ажилчдад ч цээжилтэл нь ярьж байсан ч 2 хүрэхгүй жилийн дараа харахад байгууллагыг өрөнд баригдуулснаас өөрөөр хийсэн дорвитой ажил алга. Харин ч 3 суваг болон салсан МҮОНРТ нь нийтлэл, нэвтрүүлгийн бодлого нь доройтсон, үзэгчдийн сэтгэлд хүрсэн хэдхэн уламжлалт нэвтрүүлгээс өөр үзүүлэх харуулах, сонсгох юмгүй, уран бүтээлчдийг хэт олон хэсэг нэгжид тараан хуваарилснаар хүч нь тарамдсан байдалтай болж, ажиллах урам зориггүй болсон албан хаагчдын амьдрал ахуй нь ч өөдөлсөн зүйлгүй явна.

Байгууллага маань түүхэндээ байгаагүйгээр өр ширэнд баригдаж байхад Ерөнхий захирал Ц.Оюундарь үүний хариуцлагыг хүлээж, огцрохын оронд харин ч байгууллагын мөнгөөр дэлхийгээр нэг аялж зугаалж, зураг хөргөө даруулж, олон нийтийн сүлжээгээр зарлаж, уусан идсэнээ гайхуулж явна.

 Дэлхийгээр нэг мөнгө тэнэж явна, түүнийг олж ирээд байгууллагаа өөд нь татна гэсэн амлалтыг нь МҮОНРТ-ийн жирийн ажилтан ажилтнууд мартаагүй байна. Тиймээс богино хугацаанд асар их доройтлыг огцом авчирч, санхүүгийн ноцтой хохирол учруулсаар байгаа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцохыг хамт олны зүгээс хатуу шаардаж байна.

Энэхүү шаардлагаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, АТГ, УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хороо, Өргөдлийн байнгын хороо, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Аудитын Ерөнхий газарт шалгуулахаар тус тус хүргүүлснээ мэдэгдэж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл энэ шаардлагыг яаралтай хэлэлцэн, ерөнхий захирал Ц.Оюундарийг нэн даруй үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол хамт олны зүгээс тэмцлээ хурцатгахаа анхааруулж байна.

МҮОНРТ-ИЙН АЖИЛЛАГСДЫН ТҮР ХОРОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-11-10 00:20:21
    ATГ шудрага ажиллавал идсэн юм гарна даа, АН хүн болохороо МУГЖ С.Жавхлан, Ерөнхийлөгч Элбэгдоржтой хийх шууд ярилцлагыг хааж байсан удаа ч байгаа шүү дээ. ...
  • би 2016-11-09 13:30:49
    олон тэрбум төгрөг залгидаг энэ ТВ г хувьчилвал таарна төрд заавал тв хэрэггүй
  • Зочин 2016-11-09 06:43:23
    Энэ хүн яалт ч үгүй ардчилсан намын хүн л дээ Гэхдээ нэг их улс төржөөд үндэсний телвизээ бужигнуулаагүй байхаа