Нийтийн эзэмшлийн талбайд 219 ААН, иргэн газар эзэмших зөвшөөрөл авчээ
Сүүлийн жилүүдэд нийслэл хотод газрын  маргаантай асуудлууд ар араасаа ундрах болсон. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд аль өнгөтэй өөдтэй  газруудыг эрх мэдэлтнүүд гарын үсэг зурж,   бизнесийн ашиг хонжоо хайсан хүмүүст худалдах болсон. Үүнээс үүдэж сургууль, цэцэрлэгийнхээ өргөтгөлийг барьж чадахүй, сурагчид тоглох талбайгүй болсон хэд хэдэн тохиолдол ч гарч байсан. 

Тэгвэл саяхан хотын дарга нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргалаа. Тодруулбал нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохгүй юм байна.

Энэ нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой аж.Энэхүү захирамж мэдээж хэрэг нийслэлчүүдийн санааг амрааж буй. Гэвч Монголын хууль гурав хоног гэдэг шиг уг захирамж биелэлээ олохгүй байх вий гэдэгт  ихээхэн санаа зовж буйгаа иргэд хэлж байна. 

Урьдчилсан судалгаагаар нийслэлийн хэмжээнд 219 иргэн, хуулийн этгээд нийтийн эзэмшлийн талбайд хоёр жил ба түүнээс дээш хугацаанд газар эзэмших зөвшөөрөл авсан байна. Үүнээс 103 нь барилгын ажлаа эхлүүлэхээр хашаа барьсан бол 116 нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа аж. Эдгээр газрыг эзэмшиж буй бүх аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан ч зарим бичиг баримт нь дутуу, шаардлага хангахгүй байгаа аж. 

Тиймээс дээрх газруудыг хуулийн байгууллагуудаар шалгуулж, зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд эзэмших зөвшөөрлийг нь цуцлах бөгөөд нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүрэгт 430 аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газраасаа гадна 13.13 га талбайд зөвшөөрөлгүй хашаа барьж, ТҮЦ болон чингэлэг байруулсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.