Үндэсний урлагийн их театраа драмын “бөөр”-нд наасаар байх уу

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг өөрчилж Үндэсний урлагийн их театр болгов. Ингэж өөрчилснөөр Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүулж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэх сайн талтай аж.
 
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ. Тиймээс л концертын байгууллагаас театр болгож байгаа нь зөв.
 
Өнөөдөр Монголын үндэсний урлагийг эх орондоо болоод дэлхий дахинд сурталчилж, хөгжүүлж авч яваа энэ байгууллага ямар ч байсан чуулга биш театр боллоо. Харин Үндэсний урлагийн их театраа УДЭТ-ын “бөөр”-нд наасаар байх уу гэдэг асуулт одоо урган гарч ирнэ. Өмнө нь гарч л байсан асуудал л даа. Гэхдээ чуулга болоод театрын ялгаа арай өөр байх. Тиймдээ ч одоо энэ асуудлыг нухацтай ярих цаг болсон. Хоёр том урлагийн байгууллага нэг дор шахалдаж байгаа тэр байшинг өнөөдөр Драмын театр л гэдэг. Ихэнх хүмүүс тэнд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга /Үндэсний урлагийн их театр/ байрладаг гэдгийг мэдэхгүй гэхэд болно. Драмын театр л гэдэг. Тэгэхээр Драмын театрын “бөөр”-нд наалдсан гэж хэлж болохоор байгаа биз дээ.
 
Тиймээс л улс ойрын хэдэн жилдээ нэгийг бодож, хоёрыг тунгааж, Үндэсний урлагийн их театраа өөрийн гэсэн байртай болгож өгөх хэрэгтэй байна. Монголын Үндэсний өв соёлыг илэрхийлсэн гайхалтай сайхан театр байж яагаад болохгүй гэж. Гэр шиг хэлбэртэй байсан ч болно. Өөр ямар архетикторын санаа байж болох вэ, тэр болгоныг ашиглаад, нэг театр барьчих л даа. Дэлхий дахинд Монголын тэр театрын талаар ярьдаг, загвар дизайныг гайхдаг, жуулчид үзэх гэж ирдэг байж яагаад болохгүй гэж. Зөвхөн Үндэсний урлагийг гэлтгүй тэр театрын барилгыг нь үзэх гэж олон жуулчин ирдэг байна гээд бодоход сайхан байгаа биз. Тийм төсөөллийг ажил хэрэг болгож яагаад болохгүй гэж. Ойрын ганц хоёр жилдээ чадахгүй байж болох ч түүнээс цаашхи хугацаанд төлөвлөөд, барих л хэрэгтэй. Спортын төв ордны барилгыг шинэчлэх гээд, Хятадын нэг том компанитай зээлээр барих гэрээ байгуулаад явж л байна, спортынхон.
 
Тэгвэл манай урлагийнхан яагаад тэгж болохгүй гэж. Эсвэл соёл хариуцсан салбар яам энэ талаар бодолцож, ажил хэрэг болгохоор хөөцөлдөж яагаад болдоггүй юм. Хэрвээ тусдаа сайхан теартай болчихвол Үндэсний урлагийнхан олон сайхан жүжиг тавиад, тоглолт зохион байгуулаад, өөрсдийнхөө орлогоор асуудлаа шийдээд яваад байж чадах байх. Одоо бол нэг тайзаа Драмын театртай ээлжилж ашиглаж байгаа. Тиймдээ ч жилийн орлогын төлөвлөгөө энэ тэрээ гүйцээх гэж чардайдаг байх. Тэр талаар ч уран бүтээлчид нь ярьдаг. Харин тусдаа театртай, тайзтай бол арай өөр биз дээ.
 
Нөгөө талаас одоо Үндэсний урлагийн их театр гэдэг тун сайхан нэртэй, том статустай байгууллага болчихлоо. Гэтэл нэг театртай хамт байрлана гэдэг үнэхээр утгагүй биз дээ. Гэх мэт шалтаг шалтгаан тоочвол их. Тиймээс л улс нэг зориглоод, асуудлыг шийдээд, Үндэсний урлагийн их театраа өөрийн гэсэн байртай болгоод өгчихөөсэй билээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-11-09 00:46:37
    Зөв асуудал хөндсөн байна. Уг нь хажуу дахь газраа алдчаагүй бол энэ 2 байгууллага тус тусдаа байр савтай байх боломж байсан даа. Даанч газрын луйврыг яалтай