Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг бүтцийн хувьд цэгцлэх, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн төлөөлөл оролцуулах шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм. Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв. Уг хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа ч хугацааны талаар тодорхой хариу хэлэхийг, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг нэг мөр цэгцэлж, 2008 онд батлагдсан Татварын багц хуулиудыг хэдийд шинэчлэхийг тодруулж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны төсвийн төсөлд Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр тусгагдсан байгаа. 2017 онд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин татварын хөнгөлөлтийг багасгах, нэг мөр болгох, Татварын багц хуулиудыг шинэчлэх талаар бид ажиллаж байгаа гэж хариуллаа.

Гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төсөвтэй холбогдуулж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.1 гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.