
АН-ын шинэчлэлийн хорооны залуус дөнгөж сая мэдээлэл хийж, намынхаа шинэчлэлтэй холбоотой зарим зүйлийг мэдээллээ. Энэ үеэр "Ардчилсан намын шинэчлэлийн цөм нь тус намын олон нийтээр хэлэлцүүлэгдсэн намын үндсэн дүрмийн шинэчлэлд тусгалаа олох ёстой. Энэ удаад Ардчилсан намын их хурал нь намын үндсэн дүрмийг шинэчлэх түүхэн хурал зохион байгуулагдах гэж байна.
Үндсэн дүрмийн шинэчлэл нь Ардчилсан намын бүх гишүүд, түүнчлэн үндэсний хэмжээний гол улс төрийн намын хувьд Монголын бүх иргэдэд хамаатай тул улс төрийн намын шинэчлэлийн процесс нь ил тод, нээлттэй байх ёстой" гэж үзэж байгаагаа хэллээ.
Шинэчлэлийн хорооныхон намдаа шаардлага хүргүүлж байгаагаа энэ үеэр дуулгасан юм.
Шаардлагад:
Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлал, намын дотоод засаглал, гишүүнчлэл, санхүүжилтийн талаар олон талд дүрмийн төслүүд боловсруулагдаж байгааг нэг цонхоор олон нийтэд хүргэх шаардлагатай байгаа тул Ардчилсан намын вэб сайтад дүрмийн төсөл бүрийг байршуулах;
Ардчилсан намын дүрмийг хэн, хэрхэн хэлэлцүүлэх нь шинэчлэлийн үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг тул Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар дараах асуудлаар санал оруулж шийдвэрлүүлэх;
Үүнд:
2.1. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд
Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтцийн төсөл
Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэх журмын төсөл
2.2. Намын их хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд
Ардчилсан намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төсөл
Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын төсөл
3.Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг Үндэсний зөвлөлдөх хороогоор батлуулах гэжээ.
Энэхүү шаардлага нь зөвхөн Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй Ардчилсан намын олон мянган энгийн гишүүдийн шаардлага гэдгийг анхаарууллаа.Мөн Гүйцэтгэх зөвллөлөөс шаардлагын хүрээнд гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ардчилсан намын нийт гишүүдэд хандаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу ирүүлэхийг хүсчээ.
Б.Сансар
olloo.mn