
Өнгөрсөн хавар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд Монгол Улсаас 49 хүний нэр илэрсэний дотор УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярынхтай ижил нэртэй иргэн Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” компаниудад хувьцаа эзэмшдэг нь илэрсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Кёкүшюзан Д.Батбаяр АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүсэлт гаргаж, өөрийгөө оффшор данстай эсэхийг шалгаж өгөх хүсэлт гаргажээ. Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийгээд Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” компаниу Кёкүшюзан Д.Батбаярт хамааралгүй болох нь тогтоогдсон гэх хариулт ирүүлсэн байна.
Тэрбээр энэ талаар “Оффшор дансны тухайд монголчууд их буруу ойлголттой явдаг. Энэ утгаараа би их эмзэглэж явж байсан. Харин миний нэртэй адилхан Даваагийн Батбаяр гэх хүн бол Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм билээ. Би цэвэр бизнес хийдэг хүн, андуурал гарсан байна лээ. Монгол HD телевизээр оффшор данстай хүн нь намайг биш гэдэг мэдээллийг гаргасан. Би оффшор дансгүй гэдэг нь тодорхой боллоо” гэсэн юм.
Дашрамд дуулгахад Кёкүшюзан Д.Батбаяр өнгөрсөн хавар өөрийг нь оффшор данстай гэж мэдээлэхэд ийм данс байгаа гэж мэдэгдэж байсан билээ. Харин ийнхүү тайлбар хийсэн талаараа өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “Би оффшор дансыг хилийн чанад дахь данс гэж ойлгосон байсан. Иймээс Японд байхдаа цалингаа авдаг байсан дансаа оффшор гэж ойлгосон байсан юм” гэлээ.
Б.Сансар
olloo.mn