Архангайчууд хоёр дахь хожлоо авлаа
МҮСБХ 21 аймгийн “Үндэсний  лиг” тэмцээнийг зохион байгуулж буй. Тэмцээн энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд өчигдөр улирлын ээлжит гурван тоглолт боллоо.

Эхний тулаан Мөнхбат, Даваадорж тэргүүтэй Баянхонгор, Баярбат, Билэгт, Дорждамба нараар ахлуулсан Дундговьтой учраа таарчээ. Баянхонгорчууд өмнөх тоглолтод Өвөрхангай буулган авсан юм. Харин Дунговь анхны тоглолтоо хийж байгаа нь энэ. Тоглолт эхнээсээ тун өрсөлдөөнтэй болсон юм. Хоёр баг тэргүүллээ ээлжилж солин явсаар дөрөвдүгээр үетэй золголоо. Дорждамба, Билэгт нар шийдвэрлэх 10 минутад гайхалтай тоглолт үзүүлж, багтаа тусалж чадав. Ийнхүү Дундговь аймаг өрсөлдөгчөө 92:82-оор буулган авлаа. Тус тоглолтод Билэгт 28 оноо, 11 самбар , гурван хаалт хийж багаа тэргүүлэн ялалтад хөтлөв. Мөн Баярбат 19, Батмөнх 13, Дорждамба 12 оноо авчээ. Дунговь нутгаа төлөөлөн тоглож байгаа улсын начин Эрдэнэбатын Даш хоёр оноо авсан юм. Харин Баянхонгор аймгаас Баасандорж 20, Ганзориг 17, Ариунболд 14 оноо тус тус авав. Багийн гол тоглогчдын нэг М.Даваадоржийн тоглолт энэ өдөр огт болсонгүй. Тэрбээр тоглолтын турш ердөө зургаан оноо авсан байна.

Спрайт супер лигийн шилдэг багуудын нэг “Хэнтий Эбэг” аймгаа төлөөлөн 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээнд хүч сорьж байна. Тэдний эхний учраа ОУХМ Наранбаатар, залуучуудын шигшээгийн О.Цэлмэг, Г.Чинбат нарыг эгнээндээ нэгтгэсэн Хөвсгөл аймгийн баг байлаа. Хоёр багийн тулаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн өрсөлдөөнтэй болов. Хэдий Үндэсний супер лигийн тоглогчгүй ч Хэнтий аймгийн залуус амар бууж өгөхгүй гэдгээ харуулсаар байлаа. Дөрөвдүгээр үед Хөвсгөл аймгаас ОУХМ Наранбаатар, О.Цэлмэг нар хэрэгтэй довтолгоонуудоо амжилттай болгож, багтаа тэргүүлэл авчирсан юм. Улмаар Хөвсгөл аймгийн баг өрсөлдөгчөө 87:85-аар буулган авч, шинэ улирлыг хожлоор эхлүүлэв. Тус тоглолтод ОУХМ Г.Наранбаатар 18 оноо, зургаан оновчтой дамжуулалт өгч, багаа тэргүүлжээ. Мөн О.Цэлмэг 14, Г.Чинбат 12, Билгүүн 12 оноо тус тус авав. Харин Хэнтий аймгаас Сандуйжав 24, Эрдэнэцогт 18, Цолмонжаргал 17 оноо авлаа. Довтолгооны хувиар Хөвсгөл аймгийн баг бага зэрэг давамгайлсан нь ялалтын үндэс болжээ. Мөн тэд багаараа 10 хаалт хийсэн тоглолтын эцсийн үр дүнд нөлөөлсөн юм.



Энэ өдрийн сүүлчийн тоглолт Үндэсний супер лигийн шилдгүүд болох ОУХМ Г.Баттөр, Ц.Мэргэн, Э.Цэвэлдорж нараар ахлуулсан Архангай аймгийн “Алтан дорнодын дайчид”, Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс нараар хүчээ зузаатгасан “Өвөрхангай” аймагтай учраа таарлаа. Архангай улирлын эхний тулаандаа Төв аймгийн буулган аваад байгаа бол Өвөрхангай Баянхонгорт хожигдсон билээ. Тоглолтын эхнээс Г.Баттөр, Э.Цэвэлдорж нар сайн тоглолтоо үзүүлэн архангайчууд тэргүүллийг олж авсан юм. Тэд хоёр, гуравдугаар үед 16 оноогоор тасраад байлаа. Сүүлчийн дөрөвдүгээр үед Өвөрхангай аймгаас Цэрэнбаатар, Тэлмэн нар шилдэг тоглолтыг үзүүлэн богинохон хугацаанд онооны зөрүүг арилгаж чадсан юм. Энэ үед ОУХМ Г.Баттөр шилдэг тоглолтоо үзүүлэн зургаан оноо дараалан авчирч тоглолтын тооны харьцааг 100:97 болгосон юм. Улмаар үлдсэн 7 секундэд Өвөрхангай аймгаас Б.Дархантөгс алсын зайн шидэлт хийсэн ч амжилтгүй боллоо. Ийнхүү Архангай 100:97-гоор өрсөлдөгчөө буулган авч, улирлын эхний хожлоо байгуулсан юм. Тус тоглолтод Г.Баттөр 30 оноо, 6 оновчтой дамжуулалт өгч, багаа тэргүүлэв. Мөн Э.Цэвэлдорж 15, Ц.Мэргэн 10 оноо авав. Өвөрхангайгаас Цэрэнбаатар 21 оноо, 13 самбар авсан бол Тэлмэн 21 оноо авчээ. Архангайчууд тоглолтын турш багаараа 58 хувьтай довтолсон байна. Довтолгооны хувь тоглолтыг ялагчийг хувь заяаг шийдсэн гэхэд хилсдэхгүй.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.