Клинтоныхон дахин Цагаан ордонд “ЭЗЭН” суух уу

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өнөөдөр болно. Энэ сонгуульд тус улсын гол улс төрийн хүчин болох Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нэр дэвшиж байгаа бол Бүгд Найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп өрсөлдөж байгаа юм.
 
Харин улс төрийн жижиг хүчин болох “Либериал” намаас Гари Жонсон, “Ногоон” намаас Жилл Стэйн, “Тусгаар тогтнол” намаас Эван МакМуллин, “Үндсэн хууль” намаас Даррен Кастле нар нэр дэвшиж байгаа.
 
Гэхдээ гол өрсөлдөөн Хиллари, Трамп нарын хооронд өрнөх нь тодорхой. Тэд хөёулаа эрс тэс туршлагатан. Хиллари Клинтоны хувьд улс төрийн арвин турпшагатай бол Доналд Трамп бизнесийн хүрээнд туршлага хуримтлуулж чадсан нэгэн юм.
 
Ямартай ч, сонгуулийн өдөр дөхөх тусам нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн улам ширүүссээр байна. Сонгууль урьтсан бүх нийтийн санал асуулгуудад Хиллари тэргүүлсээр ирсэн. Гэсэн ч хамгийн сүүлийн үеийн судалгаанд ердөө 4-5 оноогоор тэргүулсэн үзүүлэлттэй байгаа нь хахир хатуу үг хэллэгээрээ танигдсан үл хөдлөх хөрөнгийн тэрбумтанд боломж бийг илтгэсээр байгаа юм.
 
Ардчилсан намаас өнөөгийн тэргүүн Барак Обамаг залгамжиахаар нэр дэвшиж байгаа Хиллари Клинтонд америкчууд итгэл хүлээлгэвэл тэрбээр АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болоод зогсохгүй тэргүүн хатагтай болон ерөнхийлөгчийн албыг нэг хүн хашсан анхны тохиолдол болох учиртай.
 
Түүний нөхөр Билл Клинтон АНУ-ын 42 дахь ерөнхийлөгчөөр 1993-2001 онд ажиллаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч эр Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левински гэх бүсгүйтэй дотно харилцаа үүсгэж, эцэстээ Билл Клинтон Ерөнхийлөгчийн албанаас мултрах дөхсөн удаатай. Энэ явдал дэлхий даяар дуулиан тарьж байсан юм. Нөхрийнх нь хормойн явдал, гэр бүлийн хачирхалтай харилцаа Хиллари Клинтоныг одоо ч тойрч, өрсөлдөгчийнх нь түүн рүү чиглэсэн хар пиарын нэг хэсэг болж буй гэж хэлбэл хэтийдсэн болохгүй.
 
Гэхдээ тухайн үед нөхрөө сэтгэлээр дэмжин, хэцүүхэн давааг давахад тусалсан чанар нь, одоогийн ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх хэмжээнд хүрэх замыг нь зассан гэж шинжээчид үздэг. Йелийн их сургуулийн төгсөгч Хиллари, тэргүүн хатагтай төдийгүй, Нью-Йорк хотын засаг дарга, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын өндөр алба хашиж байсан чамгүй туршлагатай нэгэн.
 
Түүний мөрийн хөтөлбөрт татварын бодлогын шинэчлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх, дэлхийн дулаарлыг бууруулахын төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, цагаачлалын бодлогыг зөөллөн үзэх мэт асуудлууд голлох байр суурийг эзэлж буй бол түүний өрсөлдөгч шоу бизнесмэн Доналд Трамп татварын бодлогын шинэчлэл, эдийн засгийн шинэчлэл, хууль бус цагаачлалын асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Улс төрийн ямар ч туршлагагүй атлаа Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь оролдлогоо хийж буй нь энэ юм.

Түүний хувьд 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн ч, төд удалгүй зогсоосон. Харин, 2015 оны зургадугаар Нью-Йорк хотоос сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, нэг ч өрсөлдөгчгүйгээр Бүгд Найрамдах намын сунгаанаас сонгогдон, Цагаан ордны тэргүүний төлөө нэр дэвшсэн юм. Тэдний хэн ялах нь тун удахгүй тодорно.
 
Гэхдээ зарим томоохон хэвлэлийн олон нийтийн судалгаа ямар дүнтэй гарсныг сонирхож үзье. “Wall Street Jour­nal”, “NBC” телевизийн хамтарсан судалгаагаар Х.Клинтоныг дэмжигчдийн хувь 44, Трампыг дэмжигчид 40 хувь байжээ. Харин ABC, “Washington Post”-ын хамтарсан судалгаагаар Хиллари 48 хувийн дэмжлэгтэйгээр тэргүүлсэн бол Доналд Трампыг 43 хувь нь дэмжсэн байна. Хэдийгээр Х.Клинтон тэргүүлсэн үзүүлэлттэй байгаа ч, сонгуулийн дүн хааш эргэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ямартай ч, Клинтоныхон дахин “Цагаан ордон”-ы эзэн болох эсэх нь тун удахгүй тодорхой болох нь.
 

Хиллари Клинтон ялбал, Биллийг хэрхэн дуудах вэ

 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил америкчуудыг тун ч их бухимдуулж буй тухай зарим хэвлэлд нийтлэгдсэн байсан. Энэ нь сонгууль ямар хэмжээнд олны анхаарлыг татах буйг гэрчлэх биз. Тэгвэл сүүлийн үед америкчууд өнөөдөр болох сонгуульд Хиллари ялбал, экс Ерөнхийлөгч Билл Клинтоныг хэрхэн гэж дуудах талаар санаа зовних болжээ.
 
Ямартай ч энэ асуулт өчигдрийн интернэт хэрэглэгчдийн хамгийн анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Эдүгээг хүртэлх тус улсын түүхэнд насаараа эхнэр аваагүй Ерөнхийлөгч асан Жэймс Бучананыг оруулахгүйгээр тооцоход бүхий л Ерөнхийлөгчид нь эхнэртэй эрчүүд байв. Тиймдээ ч, нөхөр нь Цагаан ордны тэргүүн болоход эхнэр нь “Тэргүүн хатагтай” болдог байжээ. Гэвч Хиллари сонгуульд ялбал, АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох учиртай. Харин тэр үед Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг хэрхэн дуудах вэ. Энэ тохиолдолд өмнөх логикоор бол Билл Клинтон анхны “Тэргүүн ноён” болох нь. Үүгээр зогсохгүй Цагаан ордонд эргэн очсон анхны Ерөнхийлөгч асан болох юм.
 
Тус улсад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн суудлаасаа буусан ч, “Ерөнхийлөгч” гэж цоллуулсаар байдаг. Гэтэл ирэх оны нэгдүгээр сард Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа, Хиллари тангарагаа өргөх үед Биллийг “Ерөнхийлөгч Клинтон” гэж дуудах нь хачирхалтай байдлыг үүсгэж болзошгүйд зарим шинжээчид санаа зовниж эхэлжээ. Тиймээс ч, Ардчилсан намын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа хүссэн хүсээгүй экс Ерөнхийлөгч Билл Клинтоныг тун чиг жигтэй анхны нэр томъёогоор дуудах бололтой. Гэхдээ зарим шинжээчид “экс Ерөнхийлөгч Клинтон, өнөөгийн Ерөнхийлөгч Клинтон” гэх ялгамжтайгаар ч дуудах боломжтой гэдгийг онцолж буй гэнэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.