Цагдаагийн алба хаагчдыг нэмэлтээр ажиллуулна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга танилцууллаа.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар нийслэлийн удирдах ажилтнуудад танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногт 13168 гэмт хэрэг зөрчлийн дуудлага хүлээн авсан. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 593 нэгж буюу 4.7 хувиар өссөн байдалтай байна. Хоногт дунджаар 1300–1500 дуудлага хүлээн авч байгаагаас 650 нь хэв журмын зөрчил, 250 нь зам тээврийн осол зөрчлийн дуудлага байна. Хүн амь, хүчин, дээрмийн хэргүүд өнгөрсөн 14 хоногт буурсан үзүүлэлттэй байна. Арваннэгдүгээр сараас эхлэн нийслэлийн хэв журам, эрүүгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байдаг. Энэ нөхцөл байдалд тохируулаад ЦЕГ-аас 150-200 хүнийг нэмэлтээр арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл ажиллуулахаар болсон” хэмээн мэдээлэлдээ дурьдлаа.



Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт харьцангуй тайван байсан. Энэ амралтын өдрүүдээр орсон цасны улмаас дуудлага нэмэгдсэн. Цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас авто ослын гаралт нэмэгдэж, 6 хүн амиа алдсан байна. Нийслэлд авто ослоор хоёр хүн амь насаа алдсан” гэлээ.

“Амралтын өдрөөр орсон цасны улмаас хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Дархан, Эрдэнэтийн Онцгой байдлын газраас Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг хаасан гэсэн мэдээлэл байгаа. Хэдийгээр зам, даваа хаагдаагүй ч хальтиргаа, гулгаа нэмэгдсэн” гэдгийг НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх 14 хоногт хийх ажил болон яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. Мөн утааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдлыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.