Британийн боловсрол, соёл, технологийг танилцуулах өдөрлөг болно
Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival Шангри-ла Моллд энэ сарын 11, 12-нд болох гэж байна. 
Британи нь дэлхийн инновацийн индекст инновацийн чанарын үзүүлэлтээр, мөн боловсролын экспортын хэмжээгээр дэлхийд хоёрт жагсаж буй улс юм.
 
Сүүлийн жилүүдэд Монгол улс Британи улсын хооронд нөхөрсөг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өсч байгаагийн дээр хоёр улсын бизнес, олон улсын байгууллагууд, иргэд хоорондын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, шуудан харилцаа, худалдаа, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, байгаль орчин хамгаалал, хүмүүнлэгийн үйлс, боловсрол гэх мэт олон чиглэлд өргөжин тэлж байна.
 
Британийн өдөрлөг нь энэхүү хамтын ажиллагаанд гарч буй ололтуудыг онцлон таниулахаас гадна Улаанбаатарчуудад амралтын өдрүүдээ гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлэх онц сонирхолтой, бүтээлч хэв маяг бүхий цогц арга хэмжээ болох юм.


 
Арга хэмжээний үеэр дараах онцлох үйл ажиллагаанууд зохиогдоно.
 
  • Британи улсын инновацийг таниулах булан
  • Хувцас хэрэглэл болон өдөр тутмын бүтээгдэхүүний булан
  • Хүүхдийн номын уншлага, Британи номын үзэсгэлэн
  • Англи цайны өдөрлөг
  • Британи машины парад 
  • Британийн хөл бөмбөгийн тухай кино үзүүлбэр
  • Шекспирийн 400 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа
  • Британийн телевизийн франчайз “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт оролцогчдын тоглолт
  • Британийн хүмүүнлэгийн байгууллагуудын фото үзэсгэлэн
  • Британи Монголын спорт дахь хамтын ажиллагааны танилцуулга
  • Британийн орчин үеийн урлагийн тухай танилцуулга зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа 10:00-19:00 цагуудын хооронд хоёр өдрийн турш тасралтгүй үргэлжлэнэ.
 
Монголд зохиогдож буй Британийн хамгийн өргөн цар хүрээтэй #InspireMe Festival -н талаар Монгол улсад суугаа Британийн Элчин сайд хатагтай Катерин Арнолд хэлэхдээ “Монгол улс олон тулгуурт эдийн засаг бүхий тогтвортой хөгжлийг эрэлхийлж, олон улс дахь түншүүдийнхээ хүрээг тэлэхийн зэрэгцээ, дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буйг бид дэмжин ажиллахыг зорьж байна.
 
Бид Монгол улсын ирээдүйн хөгжилд түлхэц үзүүлэх мэргэшсэн мэдлэг, боловсрол, технологи, инженерчлэл, олон улсын төвшинд ажиллах арга туршлагаа Монгол түмэнтэй хуваалцахдаа баяртай байх болно” хэмээн онцлов.
 
Британийн Элчин Сайдын Яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд Монгол Британийн хамтарсан бизнес, боловсрол, хүмүүнлэгийн 50 гаруй байгууллагууд оролцоно.
 
Өдөрлөгт бизнес эрхлэгчдэд бодит, хэрэгцээтэй мэдээлэл өгөх зорилгоор тус улстай түнш байгууллагууд Британи улстай бизнесийн түншлэл эхлүүлтэй холбоотой семинарууд хүргэнэ.
 
Түүнчлэн арга хэмжээнд Британийн дунд болон дээд боловсролын үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд London City University, BPP University зэрэг Британийн 15 их, дээд сургуулийн төлөөлөгчид мэргэжлийн зөвлөгөө хүргэхээр зэхэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.