Эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар эхэнд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдээллээр эхэллээ.  

Ерөнхий сайд мэдээлэлдээ “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ирэх 2017 оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлыг 574,371.7 сая төгрөгөөр төсөвлөлөө. Энэ нь 2016 оны төсвийн тодотголын түвшнээс 25,130.8 сая төгрөгөөр өссөн дүн байна.

Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор тооцож 1,808.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх бодлого баримтлана.Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагыг дэмждэг, урамшуулдаг байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, тус санд 2017 онд нийт 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн төсөлд тусгасан.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөл эндэгдлийг бууруулах үйл ажиллагаанд дараахь тулгамдсан асуудлууд байна.

-Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, өвчнийг эрт илрүүлэх, тандалт судалгаа явуулах зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна.

-Байгаль орчин, аюулгүй байдлын стандарт мөрдөгдөөгүй, хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хүн амын оршин сууж байгаа хот суурин, газраас алс зайдуу байгуулах, нүүлгэн шилжүүлэх ажил хийгдээгүй. Түүнчлэн хотжилтын нөлөөгөөр гэр хороолол тэлж, тэр хэрээр стандартын шаардлагад нийцээгүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна.

 -Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд тэр бүр мөрдөхгүй байгаа нь хүн амын өвчлөлд нөлөөлж байна.

 -Хүн амын төрөлт тогтвортой өсөхийн зэрэгцээ энэ оны эхний 9 сарын байдлаар эх, хүүхдийн эндэгдэл өмнөх оны үзүүлэлтээс нэмэгдэж байгаа нь эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээг улсын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

 -Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн сургалтын тогтолцоо, ялангуяатөгсөлтийн өмнөх сургалтын тогтолцоо нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээг хангахгүй байна. Тухайлбал, нийслэлд  эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэн харьцангуй илүүдэлтэй байхад  хөдөө орон нутагт ажиллах эмч, сувилагч дутагдалтай, хүүхдийн эмч, сувилагчулсын хэмжээнд хомсдолтой байна.Оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эрчимтэй нэвтрүүлэх нь эрүүл мэндийн салбарын хөгжлийг илтгэх зүй ёсны асуудал боловч шинэ эрэлт, шинэ хэрэгцээ, шинэ үр дүн, хүлээлтийг бий болгож байгаа дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөгжүүлэхэд зарцуулагдах төсөв хангалтгүй байна.

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн зорилтуудыг бүрэн хангасан дэлхийн есөн орны тоонд багтсан. Энэ хүрсэн амжилтаа бататган “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”,  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
-Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн болон бусад бүх салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагаанд тусган, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны нөлөөллийг  эрс бууруулахад онцгой анхаарна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулна. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, хөтөлбөрийн санхүүжилтийг нэн тэргүүнд нэмэгдүүлнэ.

-Хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, зонхилон тохиолдохөвчнийг эрт илрүүлэх зорилгоор Монгол Улсын иргэн бүрийг нас хүйсэнд нь тохирсон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамруулна.
 -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчин болон элэгний вирусийн халдварыг оношилж, эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.

-Амаржих газар, нэгдсэн эмнэлгийн төрөх, нярайн болон хүүхдийн тасгийг стандартад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах, шинээр барьж, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. Улаанбаатар хотод баригдаж байгаа 300 ортой төрөх, хүүхдийн эмнэлэг, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлэх Геронтологийн эмнэлэг, Түлэнхийн төвийн барилгыг барьж дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж байгаа сэргийлж болох хүчин зүйлсийг арилгах, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулахад төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг чиглүүлж, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

-Эрүүл мэндийн 157 байгууллагад түргэн тусламжийн автомашиныг шинээр олгож, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай байгаа дижиталь рентген аппарат-12, уян дуран-3 зэрэг мэс засал, гэмтэл, нярайн болон хавдрын тусламж, үйлчилгээний  тоног төхөөрөмжөөр хангана.

-Эрүүл мэндийн ажилтны ажлын ачааллыг тооцсон норм нормативтайболгож, цалин хөлс, урамшууллын шинэ тогтолцоог бүрдүүлэх, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлж, орон сууц, нийгмийн бусад баталгаагаар хангах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.  

-Хүрээлэн байгаа орчны бохирдлыг бууруулж эрүүл, аюулгүй орчинбүрдүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох загвар төсөл хэрэгжүүлж, аюултай хог хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгах байгууламж барих асуудлыг шийдвэрлэнэ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийг төлөөх УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж үг хэллээ. Цөөнхийн төлөөлөл асуулт асууж үг хэлэх дэгтэй.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай" тогтоолын төслийг  үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
 
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.