Эрсдэлийн удирдлагын форум болно
2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд Голомт банк, "Мандал Женерал Даатгал" ХХК, олон улсын давхар даатгалын брокер Willis Towers Watson нар хамтран “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ 2016” арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг форум нь Монгол Улсын эдийн засаг, бизнес, нийгэмд тулгардаг эрсдэлүүдийн талаархи судлаачдын дүгнэлт, эрсдэлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх арга замууд, амжилттай туршлага, улсын хэмжээнд эрсдэлийн удирдлагын салбарыг тойрсон асуудлууд зэрэг чухал сэдвүүдийг хөндөхөөс гадна энэ чиглэлээр хувийн хэвшил болон төрийн агентлагуудын хамтын ажиллагааг уриалан хуралддаг эрсдэлийн удирдлагын хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ билээ.

Энэхүү форумын зорилго нь улсын хэмжээнд тулгараад буй эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах замаар нийгмийн эрсдэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.
Энэ удаагийн Эрсдэлийн Удирдлагын форумаар дараах сэдвүүдийг онцлоно:
 
  • 2017 оны Макро эдийн засгийн эрсдэл, эдгээрийг хэрхэн бизнесийн төлөвлөгөөндөө тусгах нь
  • Эрсдэлийн удирдлагын дэлхийн стандарт: Дэд бүтцийн салбарын туршлага
Тус форумд оролцогчид  2017 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа хувийн хэвшлийнхэн анхаарвал зохих макро эдийн засгийн дүр төрх, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал, мега төслийн эрсдэлийн удирдлагын туршлага, төслийн эрсдэлийг олон улсын стандартаар хэрхэн удирддаг тухай илтгэлүүд сонсч, дээрх онцлох сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна. Мөн форумын үеэр Монгол Улсын Суурь Эрсдэлийн Индексийг анх удаа тооцоолсныг танилцуулах юм.

Форумд зөвхөн урилгаар оролцох боломжтой бөгөөд та оролцох хүсэлтээ http://info.mandal.mn/riskforum-2016 линкээр зохион байгуулагч нарт илгээж болох юм байна.
Бусдад түгээх
  • gplus