Өртэй компанийг хэдий болтол өөгшүүлэх вэ

“Саусгоби сэндс” компанийн Жастин Капла гэж америк захирлыг компани нь татвараас зайлсхийсэн хэргээр манай хууль хүчнийхэн хорьж нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиан болсон. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчдад дэндүү хатуурхаж байна, Hotel Mongolia гэх нэршил дэлхийд бий боллоо гэж дээр, дооргүй шуугицгаасан. Тун удалгүй Жастин Каплад өршөөл үзүүлэн эх оронд нь буцааж, мань эрийн эхнэр, хүүхэдтэйгээ баяртайгаар уулзаж буй зураг цахим ертөнцөд нэг хэсэгтээ “ниссэн”.
 
Hotel California гэдэг нэршлийн тухайд гэвэл анх Америкийн Калифорни мужид цөлийн дундах диваажин гэгдсэн таван одтой тансаг зочид буудал байсан юм билээ. Сүүлдээ буруу эздийн гараар орж хар тамхичдын оромж болж хувирсан гашуун түүхтэй. Зочид буудлыг эзэгнэсэн мансуурагчдыг хэцүүдээд ирэхээр нь хажууханд нь баригдсан сэтгэцийн эмнэлэг рүү буудлын арын хаалгаар хүргэдэг байсан гэдэг. Диваажин байсан Калифорнийн там болж хувирсан бодитой түүхийг “Eagles” хамтлагийнхан алдарт “Hotel California” дуугаараа өгүүлсэн байдаг.
 
Наанаа хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчин, диваажин гэж рекламдан урьчихаад орж ирсэн хойно нь үйлийг нь үздэг, хууль эрх зүйн орчин тогтвортой биш, төрийн албаны хүнд суртал нь хэрээс хэтэрсэн, оруулсан мөнгөө буцааж авъя гэхээр болдоггүй, авахын тулд Монголд түгжигдэхээс өөр аргагүй болдог, зарим нь шүүх хуулиар явсан ч бүтдэггүй гэсэн гомдол тасардаггүйн хувьд “Hotel Mongo­lia” бол байж болох ёгтлол.

Гэхдээ Жастин Капла ба “Саусгоби сэндс”-ийн хувьд энэ зүйрлэлийг хамаатуулж боломгүй юм л даа. Учир нь “Саусгоби сэндс” хавчигдаж гадуурхагдаагүй. Зах зээл хөгжсөн аль ч улсад татвар төлөх бол компани бүрийн хүлээх үүрэг. Бидний сонгочнхоод байгаа чөлөөт зах зээлийн эдийн засаг бол татвараа төлөөгүй нь адлагддаг, гишгэх газаргүй болдог нийгэм.

Гадаадын хөрөнгө оруулалттай нэг компани Монголд орж ирээд, нүүрсний дажгүй нөөцтэй орд дээр нь олборлох үйл ажиллагаа явуулаад, олборлосон нүүрсээ чамлахааргүй үнээр гадагш нь зарчихсан нь бултах аргагүй үнэн. Тодруулж хэлбэл “Саусгоби сэндс”-ийн хувьд Өмнөговийн Нарийн сухайтын орд дээр олборлолт явуулдаг компани. Нүүрсний үнэ хаданд гарч байх үед их хэмжээний экспорт хийж дажгүй мөнгө олж байсан гэдгийг нь бултаараа мэднэ. Мөнгө, ашиг олсон хэрнээ татвараа төлөхгүй байхаар нь захирлыг хорьсон нь бас үнэн. Тэгээд тун удалгүй суллачихсан талаар өмнө дурдсан учраас илүүг нуршилгүй орхиё. Уг нь Америкийн иргэнийг биш, татвараа төлөөгүй Хятадын хөрөнгө оруулалттай компанийн захирлыг хорьсон юм. Каплаг суллагдсаны дараа нийгэм америкийн иргэн арайхийж нутагтаа буцлаа гэсэн өнгө аясаар хандаад байх шиг анзаарагдсан учраас энэ тодотголыг хавчуулж байна л даа.
 
Гол асуудал, “Саусгоби сэндс”-ийн төлөөгүй татварыг авах ёстой Засгийн газар нь өөрөө элдэв арга саам хэрэглэн төлүүлэхээс зайлсхийж байна гэдэг санаанд багтамгүй үйл явдал өрнөөд байгаа учраас Жастин Каплагийн хэргийг сөхсөн юм.
 
Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар тус компанийн улсын төсөвт төлөх ёстой 35 тэрбум төгрөгөөс 15 тэрбумыг нь 2016, 2017 онд хуваан төлж, үлдсэн 20 тэрбумыг нь “Эрдэнэс Таван Толгой”-н уурхайд өөрийн зардал, хүн хүчээр олборлолт явуулж барагдуулах шийдвэр гаргаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгасан байна. Төсөв улайсан, компаниуд нь эргэлтийн хөрөнгөгүй гацсан, банкууд нь чанаргүй зээлийн өндөр дарамттай, гаднаас зээл тусламж авах яриа халуун сэдэв болж байгаа энэ үед ийм шийдвэр гаргаж болох уу.
 
Жастин Капла өршөөгдөж, харин шүүхийн шийдвэрээр 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх үүрэг хүлээсэн “Саусгоби Сэндс”-ийн хэрэг ийнхүү бүрхэг болсон нь тун хачирхалтай. Энэ компанитай холбоотой элдэв мэдээ хэвлэлийн хуудаснаас салахгүй байгаа. Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээр өчнөөн тэрбумын өртэй “Саусгоби сэндс” нүүрсний зах зээлд дотоодын хувийн хэвшлийн болоод төрийн өмчит компаниудыг шахах, зах зээлд давуу байр суурь эзлэх нууцхан тоглолт хийж байгаа аж. Өртэй, төлөх ёстой өрөө засгаар төлүүлээд зогсохгүй, үлдсэнийг нь төрийн өмчит нэг компанид ажил үйлчилгээ үзүүлэх замаар төлөхөөр тохироо хийнэ гэдэг мөрөөрөө, жамаараа, бизнесийн зарчмаараа ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанид бол байж боломгүй давралт. Цаана нь илүү том эрх ашиг, нөлөө байна гэсэн гаргалгааг хэн ч төвөггүй хийчихээр дүр зураг.
 
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тонн нь 250 ам.доллар хүрч огцом өссөн энэ үед “Саусгоби сэндс” Нарийн сухайтаас нүүрс олборлож урагш нь зөөсөөр байгаа. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа гэсэн үг. Гэсэн хэр нь төлөх ёстой ер нь иймэрхүү маягаар шийдэгдэж байна. “Саусгоби сэндс” өр төлбөрөө барагдуулах нэрийдлээр “Эрдэнэс Таван Толгой”-н орд руу орж ирэх гэж байгаа талаар өмнө дурдсан. Цаанаа ямар нэг шалтгаантай гэж хардаж болохоор өнцөг.
 
Татварын өртэй компаниуд тендергүйгээр ажил авч хийдэг болбол Монголд бараг бүх компани тендергүй ажил хийнэ гэж уул уурхайн салбарын учир мэдэх улс өөр зуураа яриад эхэлцгээснийг онцлъё. Монгол Улс хуультай. Тендерийн хууль гэж бий. Зүй нь “Саусгоби сэндс” татварын өртэй гэдгээрээ тендерийн шалгуурт унах ёстой компани. Гэтэл харин ч эсрэгээрээ өр төлөх нэрээр халхавчлан тендер шалгаруулалтгүйгээр ажиллана гэдэг хууль нь гууль болсон манайх шиг оронд л болдог байх. Үндэсний хэдэн компаниа татвараар, хүнд суртлаар дарамтлах дуртай Монголын төр татвараа төлөхгүй гэдийсэн Хятадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс”-т өр зөөлөн хандаад байгаагийн цаад учир сонирхол татаж байна.
 
“Саусгоби сэндс” бол“ Эрдэнэс Таван Толгой”-той л адил нүүрсний экспорт явуулдаг, товчхондоо энэ компанийн өрсөлдөгч. Хэрэв “Эрдэнэс Таван Толгой”-д олборлолтын ажил хийх байдлаар улсын төсөвт төлөх ёстой өрөө төлөхөөр ажиллаж эхэллээ гэж төсөөлье. Өрөндөө ажил хийж байгаа нөхдүүд хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхгүй л болов уу. Захиалагчийн тавих стандарт шаардлагыг биелүүлж, зардал гаргая гэхгүй, ажил хийж өр төлсөн нэртэй яваад байх магадлалтай. “Эрдэнэс Таван толгой”-н өрсөлдөгч гэдэг бол мартаж болохгүй шалтгаан. Хэн ч өрсөлдөгчөө сайн ажиллаасай, их нүүрс гаргаж, өрөө бушуухан дараасай гэж бодохгүй. Харин ч өрсөлдөгчийнх нь нүүрс олборлолт удаашран саатах тусмаа ашигтай. Ийм хандлагаар “Эрдэнэс Таван толгой”-д өрнийхөө оронд олборлолт хийж өгөх ажил нь хэтэрхий удааширч сунжрах бүрэн магадлалтай.
 
“Саусгоби сэндс” компани энэ жил хоёр сая тонн нүүрс борлуулаад байгаа. Тонныг нь 30 ам.доллараар зарсан гээд бодохоор 120 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байх учиртай. Төсөв мөнгө тасарсан энэ хүнд үед яагаад олсон орлогоос нь төлүүлээд ядарсан төсөвтөө нэмэрлэе гэж боддоггүй юм бол. Өршөөл үзүүлнэ гэдэг өөгшүүлнэ гэсэн үг биш баймаар юм даа.

Ц.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяраа 2016-11-05 10:33:04
    Наад хөрөнгөтнүүд чинь татвар төлөхгүй байж байгаад өөрсөддөө татварын өршөөлийн хууль гаргачихдаг луйварчингууд шүү С.Баярцогт шиг
  • Hi 2016-11-05 05:19:39
    Хаана USA сонсогдоно ,тэнчээ ядуурал дайн байлдаан өлөсгөлөн байдаг юм шүү
  • Гансүх 2016-11-04 11:49:14
    Монголчуудыг дарлаж доромжилж сурсан Америк улсаа хө.
  • зочин 2016-11-04 11:45:12
    Элбэгдорж төлөх яасан бэ.
  • irgen 2016-11-04 09:31:58
    Zasgiin gazar ulsiin hurungu shamshigduulsan humuusiin idej uusan mungiig nen uyaraltai avch dansandaa hiij , ene avlagaa avaach
  • zocin 2016-11-04 08:13:29
    uls yneheer tatbariigni abah heregtei,tatbargyi gedeg bol hulgain l gesen yg
  • ........ 2016-11-04 08:07:15
    эхлээд элжигдоржоор төлүүл өөрөө дараа нь мөнгөө олж аваг