Ой хээрийн түймрийн гаралт 88.8 хувиар буурчээ
Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын гамшгийн нөхцөл байдалтай танилцлаа. НОБГ-ын дарга, Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Н.Уламбаярын танилцуулснаар Улаанбаатар хотод энэ оны эхний 10 сарын байдлаар 2525 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол гарчээ. Үүнээс 2115 удаагийн дуудлага буюу 83 хувийг обьектын гал түймэр, 0.3 хувийг ой хээрийн түймэр, 16 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой осол эзэлж байна. Осол болон гал түймрийн улмаас 24 хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгдэж, 126 хүн бэртэж гэмтсэнээс гадна 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гэр хороололд зонхилон обьектын гал гарсан байна. Ой хээрийн түймрийн хувьд энэ онд 3 удаа түймэр гарсан нь өмнөх оны мөн үеэс 88.8 хувиар буурчээ.

Үерийн аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн аадар бороо энэ онд 11 удаа орсон байна. Өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх зөвшөөрөлгүй суурьшиж байгаа юм. Урин дулаан цагт усны ослын дуудлага нэмэгддэг. Энэ онд гэхэд 28 удаагийн усны осол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод гамшгийн нөхцөл байдал тайван байгаа ч цаг агаар хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг онцгой комиссын даргад дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга С.Батболд онцгой комиссын гишүүдэд шуурхай байдлыг хангаж ажиллах, шаардлагатай үед хариуцсан алба, салбараа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.