Хуулийн этгээдийн үйлчилгээг онлайнаар авч болно

ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн буртгэлийн газрын дарга Д.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Одоогийн байдлаар хуулийн этгээдийн чиглэлээр хэчнээн бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн бэ?
 
-Нийт 2780 хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайлбал, хязгаарлагдмал хариуцлагатай компани 2087, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар тав, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар 71-ийг бүртгэсэн. Мөн нөхөрлөл 39, хоршоо 14, хадгаламж зээлийн хоршоо дөрөв, төрийн бус байгууллага 448, Сан 34, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 15, шашны байгууллага 13, хэвлэл мэдээллийн байгууллага 15, боловсрол, сургалтын байгууллага 35-ыг тус тус бүртгэсэн байна.
 
-Хуулийн этгээдийн бүртгэлийг онлайнаар хийх боломжтой болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Бид хоёр төрлийн онлайн үйчилгээг үзүүлдэг. Тухайлбал, хуулийн этгээд компани, хоршоо, нөхөрлөл шинээр байгуулахдаа онлайнаар бүртгүүлж болно. Манай онлайн хуудсанд хандаж, хүсэлтээ ирүүлэх ёстой. Хэрвээ материал нь шаардлага хангахгүй байвал манай бүртгэгчид тухайн хүнд заавал мэдэгддэг. Материал нь бүрэн тохиолдолд бүрэн эхээр нь авч ирээд бүртгэлээ хийлгэх боломжтой.
 
-Одоогийн байдлаар онлайн үйчилгээг хэчнээн аж ахуйн нэгж ашиглаж байна вэ?

-Онлайнаар үйлчлүүлдэг хуулийн этгээд харьцангуй цөөхөн байдаг. Жишээлбэл, манай байгууллагад өдөрт 100-150 хуулийн этгээдийн нэр олгогддог. Эдгээр иргэдийг хоёр цонхон дээр л хүлээж авдаг учраас маш их ачаалалтай байдаг. Хэрвээ иргэд онлайнаар бүртгүүлж эхэлбэл, түргэн шуурхай байхаас гадна төв дээрх ажлын ачаалал багасна. Бид энэ үйлчилгээг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд сурталчлахаас гадна утасны апплэйкшнтэй болгох хүртэл асуудлыг судалж байна. Гэхдээ үүнийг шийдэхэд хөрөнгө санхүүгийн асуудал зайлшгүй тулгарна. Одоогоор манай программын баг судалгаа хийж байна.
 
-Онлайнаар өдөрт хэдэн хүн хандаж байна вэ?
 
-Судалгаанаас харахад, сард 50 орчим хүн л ханддаг. Тиймээс бид онлайн хандалтаа өсгөхийн тулд олон ажил төлөвлөөд явж байна.
 
-Онлайнаар захиалга өгөхөд хэр удах вэ. Иргэд энэ талаар сонирхож байгаа байх?
 
-Онлайнаар авах үйлчилгээ бүр тайлбартайгаа байгаа. Гэхдээ бид үүнийг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Энэ тал дээр ажиллаж байна. Ер нь нэр олголтын үйлчилгээний хариуг хоёр хоногийн дотор өгч байгаа.
 
-Хуулийн эттээдийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
 

-Хуулийн этгээд гэдэг нь Монгол Улсын Иргэний Хуульд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлдэг.
 
Мөн Нөхөрлөл компаны хууль, Хоршооны хууль, Аж ахуй нэгжийн хууль, Банкны тухай, Үнэт цаасны тухай гэх мэт бусад хуулиудаар зохицуулдаг. Хуулийн этгээдийг иргэд, бусад хуулийн этгээд, төрөөс дангаараа буюу хамтран байгуулж болно. Ямар төрөл, хэлбэрийн хуулийн этгээд байгуулж байгаагаас шалтгаалан байгуулах журам нь ялгаатай байдаг.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.