Н.Баасанжав: Мэс засалч эмч нарын чуулганаар 10 шилдэг илтгэл тавигдлаа
Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр “Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалт” болж өндөрлөлөө.
Хоёр жилд нэг удаа болдог тус чуулганаар шилдгүүдээ тодруулж, амжилт, туршлага солилцсон чухал ач холбогдолтой уулзалт боллоо. Тус чуулга уулзалтын тухай болон Монголын мэс заслын хөгжлийн талаар “Монголын мэс засалч эмч нарын холбоо”-ны ерөнхийлөгч, академич Н.Баасанжав эмчтэй уулзаж, ярилцсанаа хүргэж байна.


-Өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн “Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулган”-аар бүх төрлийн мэс засалч эмч нар цугларсан байгаа харагдсан. Мөн гадны зочид, төлөөлөгчид хүртэл оролцож байсан. Тогтмол оролцдог уу?


-Тийм ээ. Бид өнгөрсөн баасан гарагт чуулганаа зохион байгууллаа. Улсын хэмжээний бүх төрлийн мэс засалч эмч нар чуулга уулзалтанд маань оролцдог. Сүүлийн жилүүдэд гадны улс орнуудаас эмч, төлөөлөгчид ирж дэвшилтэт технологи, мэргэжлийн арга барилаасаа хуваалцан, туршлага солилцох хэмжээнд хүртэл өргөжсөн гэж хэлж болно. Тухайлбал, энэ жилийн уулзалтанд АНУ, БНСУ, ОХУ, БНХАУ –аас нийт 15 төлөөлөгч, судлаач, эрдэмтэн профессорууд хүрэлцэн ирж оролцсон нь их онцлог байлаа.


-Монголын мэс засалч эмч нарын холбооноос уг уулзалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ямар эмнэлэгтэй хамтран ажилласан бэ?


-Манай холбоо энэхүү чуулганыг 2001 оноос эхлэн зохион байгуулж байна. Эхний дөрвөн жилдээ нэг удаа болдог байсан бол сүүлийн үед хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд мэс заслын салбарт хийгдсэн ололт, амжилтууд, шинээр нэвтэрч буй техник, технологи, шинэ хагалгааны арга барилуудын талаар шүүн хэлэлцдэг болсон. Сүүлийн жилүүдэд Монголын мэс засалч эмч нарын холбоо нь ерөнхий зохион байгуулагчаар удирдамж, чиглэл өгөн ажиллаж байна. Харин дотоод зохион байгуулалтыг мэс засал хийдэг томоохон эмнэлгүүд ээлжээр зохион байгуулдаг. Энэ жилийн дотоод зохион байгуулалтыг ХӨСҮТ хариуцан ажиллалаа.


-Мэс засалч эмч нарын чуулган дээр элэг, бөөр, сүрьеэ гэх мэт олон талын хүнд хагалгааны талаар илтгэлүүд тавигдсан. Онол практикийн чуулган гэж хэлж болохоор санагдлаа. Энэ талаар таны бодол?


-Тийм ээ. Онол практикийн чуулган гэж хэлж болохоор байна. Хурлын хувьд үндсэн хоёр  хэсэгтэй явагдлаа. Нэгдүгээр хэсэгт гадны өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэн, судлаач нарын  орон орны мэс заслын хөгжил, түүний түвшин, цаашдын зорилтын талаар илтгэл тавигдсан. Мөн эрдэмтэн багш нар  Монголын мэс заслын хөгжлийн талаар илтгэл тавьсан. Хоёрдугаар хэсэгт эрдэм шинжилгээний онол практикийн хурал зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний онол практикийн хурлаар Монголын  мэс заслын салбарт сүүлийн жилүүдэд олсон ололт, амжилт,  дэвшилт техник, технологийн шинэчлэлийг ярихаас гадна мэс заслын хөгжлийн цаашдын хандлага, цаашдын төлөвийн талаар шүүн хэлэлцсэн байгаа. Төгсгөлд нь манай холбооноос өнгөрсөн хоёр жилд болсон мэс заслын салбарын тайланг хамт олны дунд танилцуулан,  үр дүн цаашдын зорилтыг тодорхойлж, хурлын үр дүнг дүгнэсэн байгаа.
 

-Чуулганд эрдэм шинжилгээний нилээдгүй илтгэлүүд тавигдсан. Таны хувьд онцолж хэлэх ямар илтгэл байсан бэ?


-Энэ хурлын хүрээнд эрдэм шинжилгээний олон илтгэлүүд ирсэн. Манай мэс засалч эмч нарын холбоо олон улсын бүртгэлтэй “Мэс засал” сэтгүүлтэй болсон. Энэ сэтгүүлийн хоёр дах удаагийн дугаар энэ чуулгантай холбоотой гарч байна. Тус дугаарт зориулан 20 гаруй илтгэлүүд манайд ирсэн. Энэ ирсэн 20 гаруй илтгэлээс шилдэг 10 илтгэлийг сонгон авч чуулганаар хэлэлцсэн байгаа. Мэс заслын салбар, салбарын онцлог, хөгжлийг харуулсан олон илтгэл тавигдлаа. Тухайлбал тархи нугасны, мэдрэлийн, зүрх судасны, хүүхдийн, ерөнхий, эрхтэн шилжүүлэн болон гэмтлийн мэс засал гэх мэт илтгэлүүд их сонирхолтой байлаа. Салбар салбарын шинэчлэл, дэвшлийг харуулсан илтгэл байсан учраас эмч нар маань эндээс их зүйлийг мэдэж авсан байх гэж бодож байна.


-Монгол улсын хувьд хамгийн сүүлд ямар төрлийн мэс заслыг шинээр нэвтрүүлж, амжилттай хийсэн бэ?


-Хамгийн сүүлийн дэвшилтэт мэс засал гэвэл салбар болгондоо өөр, өөр байна. Тухайлбал, зүрх судасны салбарт цусан доторх мэс засал сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа.  Бид судас дотор  оношилгоо хийдэг байсан бол одоо шууд мэс засал хийдэг боллоо. Судсыг тэлдэг, резднет тавих, судсан дотор мэдрэлийн дамжуулах системд хориг хийж, системийн өөрчлөлтийг засдаг мэс засал шинээр нэвтэрлээ.

Тархи, нугас, мэдрэлийн мэс засал дотор хамраар нь дамжуулан бага тархины хавдрыг авдаг мэс заслыг өргөн хэрэглэдэг боллоо. Хүүхдийн мэс заслын хувьд  нөхөн сэргээх мэс заслыг ихээр хийдэг болсон. Түүнээс гадна дурангийн мэс засал эрчимтэй хөгжиж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр өмнө нь зөвхөн бөөр шилжүүлэн суулгаж байсан бол одоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж байна. Мэс заслын салбарын хөгжил, дэвшил нэлээд эрчимтэй урагшилсан гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна.
 

-Энэ удаагийн хуралд 300 гаруй эмч, төлөөлөгч оролцсон байсан. Ер нь мэс засалч эмч нарын хэдэн хувь нь ирж оролцов.


-Монголын 500 гаруй мэс заслын эмчийг төлөөлж 300 гаруй мэс засалч оролцсон. Мөн салбарын гадна дотны судлаач, төлөөлөгч нар гээд нилээд өргөн бүрэлдэхүүнийг хамарсан сайхан чуулга уулзалт боллоо. Хүрэлцэн ирсэн гадна, дотны бүх оролцогчиддоо цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа
 
 
 
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.