Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой асуудлууд яригдаж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэдэлцэж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдээлэл өгсөн билээ. Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын газраас дуулиант хэргүүдийн явц ямар байгаа талаар мэдээлэл өгсөн бол иргэдийн дунд асуудал үүсгээд байдаг гадаад паспортыг дүүргүүдэд захиалдаг болов. Ингээд энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын талаар “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

Ч.Сайханбилэг: Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг авчирсан нь буруу юм бол хариуцлагаа хүлээе

/Ерөнхий сайд асан/


-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Миний бие энэ асуудгаар УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн өмнө байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш ямар нэг мэдэгдэл, байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрсэн. Ингэх боломж ч байгаагүй

Яагаад гэвэл, үүнтэй холбоотой бүх тушаал, шийдвэр нууцын зэрэглэлтэй хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн учраас тэр бүр яриад байх боломж байгаагүй. Нөгөө талаас, цаг хугацааны хувьд ч тохиромжгүй байсан. УИХ-ын сонгууль, бүтэц, бүрэлдэхүүний асуудал гэхчлэн улстөржилт өрнөж байсан учраас асуудлын гүнд орж, эрүүлээр харахад хүндрэл учрахаар байв.

Орон нутгийн сонгууль дууссан учраас одоо асуудлыг эрүүлээр, эх оронч өнцгөөс харах нөхцөл бүрдсэн байх гэж бодож байна.

Монгол Улсын эрх мэдэлд “Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь авчрахын тулд зөвхөн энэ замаар явах юм байна. Эсвэл хуучин байсан статус буюу 51 хувь нь Монголын төрийн мэдэлд, 49 хувь нь ОХУ-д хэвээр байх нь гэсэн ийм л хоёр зам байсан.

Миний оронд ямар ч хүн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хамаагүй, эхний замыг нь сонгож авах байсан болов уу. Яагаад гэвэл Засгийн газрын гаргасан энэ шийдвэрийн дүнд хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт” 100 хувь Монгол Улсын үйлдвэр гэж нэрлэгдэх болсон.

Би энэ улсын эрх ашгийн төлөө ажиллаж байсны хувьд “Эрдэнэт”-ийг алдсан биш, олж авчирсан Ерөнхий сайд байя гэж бодсон юм шүү. Яагаад хаалттай хэлэлцсэн талаар гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байсан. Хоёрдугаарт, аливаа айлчлалын асуудлыг нууцын горимоор хэлэлцдэг.

Гуравдугаарт, бизнесийн алтан зарчим бий, хоёр ААН хоорондоо нууц хадгалах гэрээ байгуулдаг. Үүний дагуу гэрээ хийдэг учраас хариу эцэслэж гарах хүртэл ил болгож болохгүй байсан. Монгол төрийн төлөө 20, 30 жил зүтгэсэн та бүхэн улс төр яаж явдгийг мэднэ. Мушгиж яриад байж болохгүй.

Харь улсын мэдэлд байсан Монголын төрийн өмчийг 100 хувь эх орондоо авчирсан нь буруу гээд ял шийтгэл хүлээдэг бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” хэмээсэн юм. 
 

Э.Амарбат: С.Зоригийн хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлнэ

/Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга/ 

 

-Улсын Ерөнхий прокурорын газраас тус байгууллагын энэ оны эхний есөн сарын байдлаар хийсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Энэ хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломж алга.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээсэн юм. Түүнчлэн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хэрэгт хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаарх асуултад тэрбээр “Хөгжлийн банктай холбоотой хэрэгт 4-5 хүнийг шалгаж байгаа.

Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Н.Мөнхбатыг энэ сарын 11-ний өдөр сэжигтнээр татаж, цагдан хорьсон” гэсэн юм. Үүнээс гадна сүүлийн үед Монголын төмөр замтай холбоотой хэрэгт Х.Баттулга, А.Гансүх нарын гэм буруутай эсэхийг тогтоохоор шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд энэ талаар “Энэ хэрэг мөн мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Мөн БНСУ-ын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон” гэсэн юм.
 

Р.Содхүү: Иргэд харьяалал харгалзахгүй дөрвөн газарт гадаад паспорт захиалж, сунгуулна

/Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга/

 
 
-Засгийн газраас Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэгвэл тус газраас 75 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлсэн талаар мэдээлсэн юм. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Өнгөрсөн 7, 8, 9 дүгээр сард гадаад паспортын бэлдцийн хомсдол үүссэн.

Гадаад паспортын бэлдцийг Германаас авчирдаг. Өмнөх Засгийн газар Герман улстай гэрээ хийхгүй орхигдуулсан байсан. Герман улсад очиж гэрээгээ шинэчлэн мөнгөө төлсөн. Ингээд есдүгээр сарын дунд үеэс гадаад паспорт олгох ажил жигдэрсэн юм. Үүнээс улбаалан ачаалал эрс нэмэгдсэн.

Тиймээс бид ачааллыг хэвийн байдалд оруулах зорилгоор албан хаагчдыг нэмэлт цагаар ажиллуулж, иргэний бүртгэлийн газраас улсын бүртгэгчдийг татаж, үйлчилгээний цонхонд нэмэлтээр ажиллууллаа. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш 36,751 гадаад паспортыг шинээр олгож, 24,944 гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгажээ.

Өнгөрсөн хугацаанд гадаад паспортын бэлдцийн хангамжийг нэмэгдүүлэх үүднээс дөрвөн удаагийн татан авалтаар нийт 80 гаруй мянган бэлдцийг нийлүүлсэн. Өдөрт дунджаар 900-1,000 орчим иргэн гадаад паспортын захиалга өгч, мөн тооны иргэн паспортоо авдаг. Тиймээс дөрвөн газарт буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын захиалгыг авахаар болсон.

Гадаад паспорт захиалах, сунгах ажлыг ОӨУБЕГ-аас гадна Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон авто вокзалд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд авдаг болно. Ингэснээр ОӨУБЕГ-ын ачаалал, дараалал багасна. Энэ ажил арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлнэ. Харин гадаад паспортоо сунгуулах иргэд дүүрэгтээ хандах хэрэгтэй” хэмээсэн юм.

Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-28 03:34:29
    Хууль зөрчөөгүй л бол луйварчнаар нь дуудаад яах вэ дээ, Нямдорж, Батзандан нараас асуулгүй хийчихсэн байна, хэрэв асуусан бол Хятадад өгөх байсандаа
  • зочин 2016-10-28 02:10:02
    Хэдэн луйварчингууд хуйвалдаж авчихаад тэрнийгээ Монголд авчирсан гэж хуцаад байх юмаа. Шорондоо ороод хэвтэж байвал чиний байх ёстой газар.
  • Зочин 2016-10-28 01:36:51
    АН-ын хүчээр шоронгүй салсан Батзандан өнөөдөр ямар ааш гаргаж байна, Нямдоржтой нийлчихсэн Ногоон малгайт болсон байгаа биздээ, солиотой амьтан бол солиотой л ...