
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувийн татвар ногдуулж, 90 хувиар хөнгөлөхөөр заасан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.7.4-д ААН-үүдээ ялгаварлахгүй гэж заачхаад үүнийгээ Байнгын хорооны хурал дээр унагаж байна. Намын мөрийн хөтөлбөр гэдэг бол Тангаргийн гэрээ. Аж ахуй нэгжүүдээ ялгаварлахаа боль. ААН, компаниудын хувьд татварын дарамт гэдэг бол хүнд суртлаасаа гадна хүндрэл авчирч байгаа. Зөв бодлогыг дэмжиж ажиллах гэж байгаа бол зөв чигээр нь дэмж. Битгий ялгаварласан бодлого барь. МАН үнэмлэхүй байсан 2000 онд дуртай зүйлээ хийж, компаниудыг бас хоёр хуваан ялгаварласан.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Өнгөрсөн 16 жилийн хугацааны асуудал яах вэ? Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийснээ эхлээд ярих хэрэгтэй. Хуулийн хүрээнд дөрвөн салбарыг оруулж ирээд байгаа. Дөрвөн жилийн хүрээнд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дөрвөн сард хийх боломжгүй. Төсвийн алдагдал 9,9 хувьтай тэнцэж байгаа нөхцөлд бүгдийнх нь ААНОАТ-ыг хөнгөлөх боломжгүй байна гэдэг үндэслэлийг Засгийн газраас тавьсан. Эхний удаад дөрвөн салбарыг хамруулъя, эдийн засаг сайжрахаар бусад салбарыг хамруулаад явъя гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Л.Болд гишүүний яриад байгаатай санал нийлэхгүй байна. Улсын эдийн засгийн нөхцөл байдал аймшигтай байна. Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үед эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл энэ оны зургадугаар сард "Мазаалай" бонд гээд зээл авчихсан байдаг юм билээ. Өнөөдөр төсвийн алдагдал 2.6 их наядтай, 580 сая ам.долларын бонд төлөх төлбөртэй байна. Тиймээс нөхцөл байдлыг хөнгөвчилбөл төсвийн алдагдал нэмэгдээд ,зээлээр амьдрах болно. Татвар төлөх нь үнэн үхэх нь гэдгийг би дөрөв дэх удаагаа хэлж байна. Засгийн газар багц хуулиа эргэж харах цаг болсон юм биш үү? Өнөөдрийн байдлаар 250 төрлийн татварын хөнгөлөлт байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Аж ахуй нэгжүүд ашигтай ажилласан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Ашгаасаа шалтгаалаад орон тоо нэмэгдэнэ гэж харахгүй байгаа. Хуулийн өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сар хүртэл байгаа учир тодорхой хэмжээний ажлын байр бий болгоно гэж үзэж байна.
П.АНИР
Оллоо.мн