
Одоогоос хоёр жилийн өмнө сүр дуулиантайгаар баривчлагдаж байсан “Халамж”-ийн гэх Д.Баярсайханы хэрэг юу болсон тулаар нэхэн сурвалжлав. Хэргийн талаар эргэн сануулахад, Д.Баярсайхан нарын 10 хүнд холбогдох хэргийг 2014 оноос эхлэн шалгаж эхэлсэн юм. Тухайн үед Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авсан хэмээж байв. Мөн тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх мэдээлэл баривчилгааны дараа цацагдаж байсан удаатай.
Харин Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарын 10 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт энэ оны эхээр дууссан тухай хэвлэлүүд бичиж байв. Тодруулбал энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээний эд хөрөнгө залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг.
Мөн мөрдөн байцаалтын явцад дээрх хүмүүс Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс хуурамч баримт бүрдүүлж, садан төрлийнхөө нэр дээрх төрийн бус байгууллагуудад шилжүүлэн завшсан нь тогтоогдсон гэх. Тэд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан нь батлагдсан мэдээлэл гарсан. Энэ бол сарын өмнөх мэдээлэл. Тэгвэл холбогдох эх сурвалжийн өгсөн мэдээллээр хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ 900 гаруй сая төгрөг болон буурчээ.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирэх арваннэгдүгээр сарын 2-нд Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд нарын хүмүүст холбогдох, Эрүүгийн хуулийн 150,1661-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэхээр товложээ.
Хоёр жил дамнан яригдсан энэ хэргийн хохирлын хэмжээ буурч, акулууд нь уснаас хуурай гарчихсан байх ч магадлалтай байна. Д.Баярсайханы хувьд өмнө 2008 онд эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байсан ч хэрэг тэгсхийгээд замхарч хэрэгсэхгүй болж байсан түүх бий. Энэ удаад ч Д.Баярсайхан гэх энэ эрхэм шүүхий өмнө дүү Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл мөн Ж.Эрдэнэбулганы хадам эгч Эрдэнэсувдыг “аваачих”-аар болсон байна. Нэг үгээр Д.Баярсайхан, Ч. Эрдэнэбулган нар хэргээс мулталсан болж таарч байна.
Ийнхүү төрийн мөнгийг хамаатан саднаараа нийлж завшсан, завших боломжийг олгосон хэмээн “аавын хаалга” татсан эрхэм ямар замаар яаж яваад гэм буруугүй нэгэн болчихов. Түүнийг хэн хамгаалж, уснаас хуурай гаргав, тэр хэний хүн бэ?
Д.Баярсайханыг яагаад хэргээс мулталсан бэ? Энэ асуудлаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
П.Гоо
olloo.mn