Р.Амарбаясгалан: Монгол улс харвалт өндөртэй орны тоонд багтдаг
Сvvлийн vед тархины цус харвалт улам бvр нэмэгдэж энэ нь насны хувьд залуужиж буй тухай яригдах болсон. ДЭМБ-ын мэдээллээр дэлхийд жил бvр 15 сая хvн тархины харвалтаар өвчилж байгаагаас таван сая нь нас барж, vлдсэн 10 сая нь тахир дутуу болдог гэсэн байдаг. Энэ өвчлөл ОХУ-д 1000 хvн тутамд 2.5-3, Их Британид 1.5-3 хэмээн задалсан байдаг. Харин манай улсын 100 мянган хvн амын дунд 290 хvн цус харваж, тэдгээрээс 49 нь нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь манай улс цус харвалтын өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч байгааг харуулж буй хэрэг. Уг өвчний талаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, Улсын нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч Р.Амарбаясгалантай ярилцлаа.

-Тархины харвалт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр  энэ сарын 29-нд тохиох гэж байна. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жил долоо дахь жилдээ эл өдрийг тэмдэглэж байгаа. Энэ жил “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга, үйл ажиллагаа чухал” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Одоогоор манайд улсын нэг болон гуравдугаар төв  эмнэлэгт Тархины харвалтын төв ажиллаж байна.“Тархины харвалтын дэлхийн өдөр”-ийг угтан энэ сарын 27-ны өдөр нэг болон гуравдугаар эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Энэ хүрээнд иргэд олон нийтэд харвалтын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлахаас гадна эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг хийнэ. 

-Дэлхий нийтээрээ тархины харвалт өвчинтэй тэмцэх өдөр энэ сарын 29-нд тохионо. Манай орны хувьд энэ өвчний нөхцөл байдал ямар байна вэ?

-Харвалт бол дэлхийн дээр хамгийн аюултай өвчний тоонд багтдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр иргэдийн нас барж байгаа өвчний гуравдугаарт харвалт эрэмбэлэгддэг . Монгол Улсын хувьд харвалтаар өндөр өвчлөлтэй орны тоонд багтдаг. Дэлхийн дунджаар 100 мянган хүний дунд харвалт 300 орчим байдаг. Монголын хувьд 100 мянган хүний 290 нь харвалт өгдөгөөс 49 нь нас бардаг  гэсэн статистик байдаг. Өөрөөр хэлбэл, гуравхан сая хүн амтай манай улсын хувьд маш аюултай өвчин гэсэн үг. 

 -Монголын хувьд харвалт өндөр байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Хамгийн гол шалтгаан нь цусны даралт ихэссэнээс үүдэж байгаа. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлж байна . Тиймээс хамгийн түрүүнд цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх хэрэгтэй байна. Ингэснээр харвалтын хандалтыг 50-иас илүү хувиар бууруулж чадна. Эхний ээлжид олон зүйлд биш ганцхан цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Гучаас дээш насныхан цусны даралтаа ядаж  хагас жилдээ нэг удаа үзүүлж, хянуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн ам харвахаасаа өмнө сэргийлж чадвал таны амьдралд, улс орны эдийн засагт ч нэмэртэй. Харвасан хүний цаана бүхэл бүтэн айл гэр, хүний амьдралын асуудал яригддаг. Жишээ нь, гурван хүүхэдтэй айл гэрийн эзэн цус харвах өвчинд нэрвэгдэхэд тэр гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэдэг. Гэр бүлээ тэжээж байсан аавын олдог мөнгийг хэн олох вэ. Тэр хүнийг хэн харж, сахих вэ гээд л.

-Цусны даралт ихсэх өвчин залуужиж байгаагийн хэрээр харвалтаар өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуус байна уу?

-Тийм ээ. Энэ өвчнүүд их залуужиж байна. Үндэсний  хэмжээнд даралт нь ихэссэн хүнийг ахуйн нөхцөлд хэрхэн үзэж, яаж хянах ёстой талаар удирдамж гаргасан байдаг. Хүний даралтыг хэдэн насанд хэрхэн яаж хэлбэлздэг талаар ч мэдээлэл байдаг. Тэр бүхнийг иргэд маань мэддэг байх хэрэгтэй. Аймаг, сум өрхийн эмнэлгүүдэд даралтын аппарат тараасан байгаа. Эмнэлгүүд ард иргэддээ энэ талаар мэдээллийг байнга өгч байх ч ёстой. Ер нь даралт ихсэх нь олон шалтгаантай. Биеэ даасан даралт ихсэх өвчин байна. Нөгөө талд шинж тэмдгийн гаралтай даралт ихэсдэг. Жишээ нь, чихрийн шижин, бөөрний өвчлөлөөс гаралтай даралт ихсэлтийг шинж тэмдгийн гэж нэрлэдэг. Шинж тэмдгийн гаралгүй даралт ихэсвэл биеэ даасан даралт ихсэх өвчинд тооцогддог.

-Харвалтын анхны шинжийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Та тайлбарлаж өгөхгүй юу?

-Харвалтын анхны шинж тэмдгийг хүмүүс сайн мэддэг байх шаардлагатай. Нүүрний өрөөсөн тал унжих, ам мурийх, хэл орооцолдож эхлэх нь харвалтын анхны шинж. Үүнийг  харах, алхах, авах, хэл яриа буюу ХААХ гэдэг үгээр бид тайлбарладаг юм. Жишээлбэл,  харахад нүд бүрэлзэж юм таллаж, алхахад тэнцвэр алдагдах, авахад юм барьж чадахгүй байх, хэл яриа орооцолдож үг хэлж чадахгүй болох нь харвалтын анхны шинж. Гэхдээ цагтаа амжиж ирсэн ч бүлэн арилгах тариа хийхийг хориглох тохиолдол бий. Энэ нь хагалгаанд ороод удаагүй, судас хатууралттай, даралт 180/120-оос өндөр байх, цусны бүлэгнэх чадвар алдагдсан, судасны болон зүрхний төрөлхийн гажигтай тохиолдолд энэ тариаг хийж огт болохгүй гэсэн үг.   

 -Цус харвасан үед ямар арга хэмжээ авах вэ?

-Өвчтөн өөрийн ухаантай байгаа бол тайван, хөдөлгөөнгүй хэвтэж, хүнд мэдэгдэх хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийнх нь хүмүүсээс байвал яаралтай 103 дугаарт залган дуудлага өгч,харвалт өгсөн цаг, эрүүл мэндийн урьдын түүхийг үнэн зөв мэдүүлж, эмнэлгийн бичиг баримтыг эмчид өгнө. Эмч ирэхийг хүлээх зуур өвчтөний толгойг 30 градус өндийлгөн дэр ивж өгнө. Салхивчаа нээн цэвэр агаар оруулж, цусны даралт нь өндөр байвал өмнө ууж байсан эмийг нь өгнө. Эм байхгүй тохиолдолд хөлийг бага зэрэг бүлээн усанд дүрнэ. Ухаангүй байвал эм өгч болохгүй. Бөөлжсөн үед толгойг хажуу тийш харуулан амны хөндийг цэвэрлэж, хиймэл шүдийг авах нь зүйтэй. Харин түргэн тусламжийн эмч цусны даралт, цусан дахь даралтыг тодорхойлон, шаардлагатай анхан шатны тусламж үзүүлж, зохих эмнэлэгт шуурхай хүргэнэ.

-Цус харвасан хүнийг асарч байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч? 

-Цус харвалттай өвчтөнүүдэд саажсан талын булчингийн тонус алдагддаг. Булчингийн ердийн тамир өөрчлөгдөхөд хүн хөдөлгөөнөө хянаж чадахаа больдог. Үүнийг эхнээс нь зөв эмчлэхгүй бол хоёрдогч бэрхшээл үүсдэг тул эмчилгээг дэс дараатай, хурдан эхлэх шаардлагатай. Мөн цус харвасан хүнийг хоолны дэглэм бариулах хэрэгтэй. Хэвтрийн хүний хоол ундыг зохицуулахаас гадна холголт цооролтоос сэргийлж анхаарах нь чухал юм. Арьсны цооролт асаргаа муу хийснээс шалтгаалдаг учраас өвчт өний хэвтсэн суусан байрлалыг солих шаардлагатай байдаг. 

-Гэрийн нөхцөлд даралт бууруулах эм уудаг хүн бий. Ингэж уух нь зөв үү? 

-Эмчийн зөвлөснөөр даралт бууруулах эм ууж байгаа тохиолдолд эмчилгээ болно. Манайхан нэг дутагдалтай талтай. Даралт багассан үед эм уухаа болиод дахиад ихсэхээр хоёр, гурваар нь давхарлаад уудаг. Энэ нь хамгийн буруу. Даралт хэл бэлзүүлдэг эрсдэлтэй. Мөн даралт бууруулах амьдралын зөв хэвшилтэй байх нь чухал. Тухайлбал, заавал эмэн эмчилгээ хийлгүй хөдөлгөөнөөр даралтаа зохицуулж болдог. Давс багатай хоол идэж хүнсэндээ тохируулах хэрэгтэй. 

-Тархины судсаа эрүүл байлгахын тулд юуг анхаарах вэ?

-Энэ нь танаас хамаарна. Та амьдралын хэв маягаа эрүүл болгох, давс, өөх тос, чихэр бага хэрэглэх, жингээ барих, хөдөлгөөнийг эрхэмлэх гээд энгийн зарчмуудыг баримтал. Түүнээс гадна монголчуудын дунд түгээмэл нэг асуудал бий. Энэ нь эрүүл мэндийн боловсрол дулимагаас стрептококкийн халдвар авч, олон хүн архаг ангина, шүдний өвчтэй болсон байдаг. Эдгээр нь тархины судасны ханыг гэмтээдэг. Иймээс хүүхдээ багаас нь шүд, хоолойг нь эрүүл өсгөхөд эцэг эхчүүд анхаар. Шүд, хоолойн эмгэгтэй болсон бол өдөр бүр амны хөндий, өглөө оройд хоолойгоо давс, содтой усаар зайлж занших нь хэрэгтэй. Эрүүл биш судас амархан нарийсах, цоорох зэргээр харвалт өгдгийг анхаар нь чухал.

Тамхи бол тархи, зүрхний судсыг хамгийн ихээр гэмтээдэг. Тамхи татах нь судас бөглөрөх харвалтыг хоёр дахин, судас хагарах харвалтыг дөрөв дахин ихэсгэдэг байна. Мөн судасны ханын эвдрэлийг үүсгэн, судасны цүлхэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Архины хэрэглээг өдөрт 30 мл, шар айргийг 720 мл, вискийг 60 мл-ээс хэтрүүлэхгүй байх ёстой. Үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл цус харвах магадлалыг эрс өндөрсгөдөг. Харвалт өгсөн үед архи уух нь сайн гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь буруу. Даралт ихтэй судас хагарсан тохиолдолд архи уух нь амархан хүндэрч, үхэлд хүргэнэ. Цусан дахь сахарын хэмжээгээ байнга үзүүлж мэддэг байх хэрэгтэй. Зөв хооллох, жингээ барих, хөдөлгөөн ихтэй байх нь сахарыг багасгана. Хэрэв сахарын диабет өвчтэй бол сахар хэмжигчтэй байж, байнга хэмжин зөв дэглэм барьж, эмчийн хяналтад байх нь тустай.

-Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Egch 2016-10-27 02:06:01
    Zaluusaa tarhi tolgoi uvddug bol uzuulj haruulj bgaarai da. Minii eregtei duu 36 nasandaa tarhindaa t tsus harvaj 4 nyalh ursee orhiod odson
    66.181.188.14
    Мэдэгдсэн Хариулах