Уядаг хүрэнгийн унаач охин нь байлаа
Ногоон зүлгэн дээр асар майхан дэрвэлзэж, Морьд үүрсэн чимээтэй зэрэгцэн эгшиглэх гийнгоо, хүчит бөхчүүдийн уулга алдуулсан уран гоё барилдаан, эгшээж тавьсан сумны шунгинах чимээтэй зэрэгцэн хадах уухайн дуугүйгээр Монгол наадам, Монгол түмнийг төсөөлөх аргагүй. Наадам болохыг тэсэн ядан хүлээдэг байсан балчир насны минь цагаахан өдрүүд санаанд оров. Манай сум бол хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэн хан хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Мөрөн сум. Тухайн үедээ Богд хаант Монгол Улсын үед Богд гэгээний шавь таван хошууны нэг нь байсан. Манай сум аймгийн төвөөс нааш 27 км зайд оршдог, хойгуураа модтой салбарын уулс, тариа найгасан чандганы тал үргэлжилж, зүүн талдаа Мөрөнгийн гол урсаж Өндөрхаан хайрхан сүндэрлэсэн, баруун урд талдаа Хэрлэн гол урсаж Бүсийн овоо, Хөхөл хайрхан сүндэрлэсэн, Рашаант, Зөөлөн, Баагийн хоолой, Жаргалант.. гээд бэлчээр сайтай нутагтай, рашаан ус, эмийн ургамал элбэгтэй, сумынхаа дэргэд Ноён, Хатан, Цагаан толгой уул сүндэрлэсэн, тахилгатай гурван хайрхантай сайхан нутаг даа.

Энэ л сайхан нутагт өвөө, эмээ, аав, ээж минь нутаглан үр хүүхдэ хүн болгож, мал сүргээ мянга болтол нь өсгөж байна даа. Өнгөрсөн жил унасан Мөрөн сумын маань түүхт 90 жилийн ой нижгэр сайхан болсон. Уулс холын дайдаас нутгийнхаа энэ түүхэн ойд зон олон хуран цуглаж ёстой наадмын гурван өдөр дэнж хотойтол наадсан сан. Би удамт хурдны нуруун дээр өссөн болохоор наадам болохоор гэгэлздэг хөдөөний хүүхдүүдийн нэг нь. Миний аав аймгийн алдарт уяач Цэрэнгийн Оюун-Эрдэнэ гэж хүн бий. Аав минь сум, аймгийнхаа наадамд арав гаруй айраг түрүү авсан нутаг усандаа нэртэй уяач. Миний наадмын морь унаж эхэлсэн түүх 1989 он. Тэр Жил Монголын нууц товчооны 750 жилийн ой Дэлгэрхаан сумын Хэрлэнгийн хөдөө аралд болж билээ. Одоо бодоход ёстой л халхын даншиг наадам гэсэн үг.

Манай уядаг хүрэн гэж алдарт хурдан ажнай дүнсэр долоотой ид үе нь байлаа. Монголын нууц товчооны 750 жилийн ойд хүрэң морь маань 15-д хурдалсан юм. Уг нь энэ наадамд би хүрэн морио унах байсан боловч арай багадна гээд аавын дүү Ц.Баяраабаатар ах унасан. Дараа жил нь анх удаа сумынхаа наадамд хүрэн морио унаж айргийн гуравт орсон юм. Ингэж л миний хурдны нуруун дээр шуугиулж явсан бага насны минь гэгээхэн дурсамж эхэлдэг ээ.Ингээд дараа жил нь буюу 1992 онд хүрэн морьтойгоо аман хүзүүдэж, 1993 оноос эхлээд түрүү магнай торгон жолоогоо өргүүлж явлаа. Цэрэнгийн Оюун-Эрдэнийн уядаг хүрэн гэж Хэнтий аймагтаа цуутай хүлэг байв. Амйаг, сумынхаа 70, Эзэн чингис хааны 830 жилийн ойд түрүү магнайд давхисан уядаг хүрэнгийн унаач охин нь би юм аа. Ер нь манай уядаг хүрэн үнэхээр халхын хурдан хүлэг байсан гэдгийг нутгийн олон ах нар ярьдаг. Хүрэн морь бага наснаасаа эхлээд сумын наадмын айраг түрүүг ер алдаагүй. Соёолон насандаа хол тасархай түрүүлсэн гэлцдэг. Манай уядаг хүрэн соёолондоо түрүүлж ирчихээд хөлсийг хусаад уяа руугаа явж байхад арынх нь морь Эрдэнэ-Уулын хөтөл дээгүүр давж байсан гэдэг юм.
 
Тэгэхээр тийм сайхан хурдан буянгийн нуруун дээр олон олон айраг түрүү авч байсан би гэдэг хүн морь гэхээр сэтгэл дэгэлзэж, одоо хүртэл хөдөө суугаа аав, ээж рүүгээ залгаж сум, аймгийн наадмынхаа сургийг чагнаж суудаг юм. Манай нутгийнхан надаар морио унуулах их дуртай байдаг сан. Тэгэхээр би их сайн унаач болж таарах гээд байгаа юм. Ажил, амьдралын шаардлагаар Улаанбаатарт суурьшсан би хааяа нутагтаа очихоор хуүхэд байхад минь морио унуулах гэдэг байсан ах нарыг харах үнэхээр сайхан. Тэдэнтэй нийлж хааяа хуүхэд насаа дурсана. Тэдэндээ үнсүүлэхдээ сэтгэл хөдөлж нулимс хүртэл гарна гээч. Бага насны минь бас нэгэн гэгээхэн өдрүүд наадамтай салшгүй холбоотой болоод л тэр байх.

Одоо бодоход аав минь их насны морины уяа сойлгыг овоохон тааруулдаг юм болов уу гэж санагддаг. Учир нь авга ах аймгийн алдарт уяач Ц.Баярсайханы бас нэгэн хурдан хүлэг болох хонгор халзан морь байсан. Тэр морийг аав минь бас олон наадамд айраг түрүүнд хурдлуулсан нь саяхан. Манайх ер нь олон удамт хурдан хүлгүүдтэй. Өвөөгөөс минь удам залгаж ирсэн буурал хүрэн азарга, бага насандаа хурдан байж байгаад хөлдөө гэмтэл авсан хонгор халзан үрээ, нутгийн ах онгорхой Мийгаа гэдэг хүнээс тухайн үедээ овоо үнэтэй авсан доголон халзан гээд хурдан буянгууд байлаа. Миний багад эмэгтэй хүүхэд хурдны морь их унадаг байлаа. Нэг талаар тэд хөнгөн бас их авхаалжтай унадаг байсан байх. Надтай хамт нэгэн үед морь унаж байсан Нансаа, Аниа, Думаа гээд охидууд байлаа. Тэр үед одоогийнх шиг морийг машинаар хөөх биш. Морины комисс болох Засаг заргын УАЗ-469, хүн болоод мал эмнэлгийн фургон, хэдэн морьтой хүнтэй хүч хамсраад шилбүүртэй хөөнө. Бид хэд чинь овоо хэдэн жил морь уначихсан хашир унаачид нөгөө морь тууж яваа ах нартай чинь эргэж хараад л авалцаж өгнө шүү дээ. Олон жил морь унасан хүүхдүүд хаана эргэх, хэзээ нь морио явуулах уу гэдгээ ёстой андахгүй дээ. Яг үнэндээ миний үеэр л эмэгтэй хүүхэд морь унах нь дуусч байх шиг. Бид наадамд явахдаа мухлаг чингэлгээ тэмээн тэргэндээ хөллөж аваад л явдаг сан. Ах дүү, айл саахалтаараа нэг гал болоод их өтгөн уяатай. Өвөө, аав хоёр минь сайн марзайлвал морь нь хурдалдаг юм гэж захина. Өвөөгийн минь бас хурдан цагаан морь байлаа. Баянхутаг сум руу Уртын Дамдинжав гэдэг хүнд очоод сүүлд улсын наадамд айрагдаж байсан юм даг. Би гэдэг хүн ийм л хурдтай айлын хүүхэд. Одоо ч гэсэн энэ сайхан хурдан буянгуудын хийморь ивээж байгаа. Дүү О.Амгаланбаатар, О.Цолмонбаатар нар аавынхаа адил сайн уяачид болно гэдэгт итгэдэг. Тэдний минь уясан морьд одоо хүртэл аймаг, сумын наадмаас айраг тасрахгүй л байна. Энд бас нэгэн сонин түүх хэлмээр санагдлаа. Одоо манайд нэг хурдан халзан морь байгаа. Дааган наснаасаа эхлээд олон наадамд давхилтай гэдгээ харуулсан. Энэ жил зээрд халзан морь маань долоон настай. Ёстой ид үедээ байгаа гэсэн үг. Сураг сонсохнээ халзан морийг маань УИХ-ын гишүүн М.Энхболд, “Макс”-ын Ганбаатар нар ихэд шохоорхож байгаа гэх. За ер нь тэгээд энд тэндэхийн манлай, алдарт уяач нар зураг хөргийг нь хармаар байна, сум, аймагт уралдаж байсан бичлэгийг нь үзлээ гэх юм. Орчин үед газар дээр нь очиж үзэхээ больж дээ. Интернэт, фэйсбүүкт бичлэгийг нь тавьчих гээд. За тэр ч яахав аав, дүү хоёрын л мэдэх асуудал.

Миний бага насны наа­дамд бас нэгэн дурсамж үлдсэн нь сугалаа юм. Сумын наадмаар энд тэндээс ирсэн худалдаачид хүүхдүүдээр их сугалаа сугалуулна. Хонжвор нь үзэг, бал, шоо зэргээс нэг их хэтрэхгүй ээ. Бас сумын наадмыг хүмүүс ачааны машин дээр суугаад наадам үздэг байлаа. Одоо эргээд бодоход Мөрөн голынхоо хөвөөн дээр буусан айлууд сувд асгасан мэт харагдаж, уяан дээрхи морьд дүүхэлзэн янцгааж, тал хөндий дүүрэн цэцэгс алаглан мал сүрэг тайван бэлчиж, сэвэлзүүр зөөлөн салхи хацрыг илбэж, орчин тойрон нам гүмхэн амар амгалан. Төрөлх нутаг минь газрын диваажин ажээ. Наадам, хурдан морь, айраг, анд найзууд, ахмад буурлууд... гээд нутаг усны минь баяр тал дүүрэн цалгиж байгаа даа гэх бодол хөвөрнө. Наадмын тоос, хурдан морьдийн хүүхдийн гийнгоо, цолоо дуудуулсан бөх, айрагдсан морьд, шинэхэн дээл, дэлийг нь зассан морьдоороо гоёсон наадамчид...
 
Сумын наадам ямар сайхан болдог гээч. Хүүхэд насны минь дурьдатгал сэтгэлд минь тодхон дурайна. Хурдны нуруун дээр шувуу шиг дэрвэж явсан сумынхаа наадам үзэжж байсан хүүхэд нас минь буцаад ирсэн мэт санагдана.

Аавынхаа наадамд уясан хурдан морьдыг айраг, түрүүнд хурдлуулчихаад салхи дэврүүлэн давхиж явсан минь саяхан мэт. Нутгийнхаа чимчигнэсэн айраг ууж, шагай харваж, үе тэнгийн хүүхдүүдтэй Мөрөн голынхоо зүлгэн дээр тоглож өссөн хүүхэд нас минь буцаад ирсэн мэт санагдана. Цагийн уртад бүдгэрдэггүй, цагийн уртад тодордог мөнхийн монгол наадам минь. Сумын наадам. Миний наадам. Монголын наадам. Тиймдээ ч дэлгэр зуны дэнж хотойлгосон Монгол наадмыг Монгол хүн бүр сэтгэл зүрхэндээ битүүхэн баярлаж, догдлонхон хүлээнэ. Наадам нэг л сайхан дурсамж авчрах юм шиг, эсвэл амттай хуушуур, чичигнэсэн айраг бас баяр хөөр авчрах юм шиг, бид гоёлоо зэхэж, сэтгэлээ чилээж хүлээнэ.

Тийм ээ! Дэлхийд ганцхан Монгол наадамдаа Монгол хүн бүр л сэтгэл яарна. Уясан морьд нь уяан дээрээ зэрэгцэж, унасан хүүхдийн гийнгоон дуунд дэлхий бүүвэйлэгдэж, хүчит бөхийн уран барилдаан нь уулсыг өндөлзүүлж, онч мэргэдийн харвасан сум нь шувуудыг цуцааж дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан Монгол наадам айсуй.
Нийслэл таймс
О.Ууганжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ө ти 2014-07-10 08:04:45
    аанхан тийм шүү. Муу сэтгүүлчээс дээр бичжээ. Одооны сэтгүүчид нохойн баас.
    103.26.193.3
    Мэдэгдсэн Хариулах