О.Сэргэлэн: Мэс засалч эмч нарын чуулга уулзалтыг өрнүүн их амжилтын дор зохион байгуулах гэж байна
Монголын мэс засал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь иргэд бидэнд үнэлэгдэхүйц мэдэгдсээр байна. Дурангийн мэс заслын төрлүүд нэмэгдэж, эрхтэн шилжүүлэх хагалгаануудыг амжилттай хийж байгаа гэсэн сайхан мэдээ бидэнд сонсогдох болсон. Энэ ажлыг удирдан явуулж байгаа хүний нэг бол яахын аргагүй Монгол улсын хүний гавъяат эмч О.Сэргэлэн юм. Ингээд түүнтэй Монголын  мэс заслын хөгжлийн байдал, мэс засалч эмч нарын чуулга уулзалтын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Монголын мэс засалчдын холбоо байгуулагдаад багагүй хугацааг үдлээ. Анхбайгуулагдаж байсан үеэ бодвол үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж тэлсэн байна. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Тийм шүү. Монголын мэс засалч эмч нарын холбоо маань анх 1998 онд “Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэг” нэртэйгээрбайгуулагдаж байсан. Энэ байгууллагыг анх санаачилсан хүн нь миний багш Ардын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Батын Гоош гуай юм. Бид 1998 онд анхны хурлаа зохион байгуулж, Б.Гоош багш тэргүүнээр, миний бие нарын бичгийн даргаар сонгогдож байлаа.

Нийгэмлэг маань салбарынхаа мэргэжлийн хүмүүсийг чадавхижуулах, сургалт, онол практикын бага хурлуудыг зохион байгуулах, мэс засалтай холбоотой бүхий л цогц асуудлуудыг шийдвэрлэж, төр засагт асуудал тавих түүнийг шийдвэрлэхэд оролцох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх гэх мэт их олон төрлийн асуудлыг шийдэх зорилготойгоор анх байгуулагдсан. Энэ хүрээнд Монголын мэс засалч эмч нарынуламжлалт чуулганаа зохион байгуулах гээд бэлтгэл ажил бүрэн хангагдан 28-ны өдрийг бид бүгд тэсэн ядан хүлээж сууна.

-Холбооноос хоёр жил тутамд Монголын мэс засалчдын чуулганыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус чуулган ямар онцлогтой зохион байгуулагдаж байна вэ?

-Анх байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл Монголын мэс засалч эмч нарын сургалт, олон улсын хурал цуглааныг манай холбоо тогтмол зохион байгуулсаар ирсэн. Холбооныхурлыг эхний дөрвөн жилд жил болгон зохион байгуулдаг байсан бол түүнээс хойш хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг болсон. Энэ жилийн хувьд чуулганд 300 гаруй мэс заслынэмч нар Нийслэл, хөдөө орон нутгаас оролцох бөгөөд сүүлийн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан дүгнэж,  мэс заслын шинэ арга, ажилбаруудтай танилцаж, хоорондоо туршлага солилцдог уламжлалтай.

Энэ удаагийн чуулганд элэг, үе, бөөр шилжүүлэн суулгах, нурууны гэмтлийг эмчлэх шинэ аргын тухай гэх мэт олон сонирхолтой, шинэлэг илтгэлүүд тавигдана. Хоёр жилд нэг удаа ингэж чуулснаараа эмч нарын хоорондын харилцаа сэргэж өгдөг сайн талтай. Энэ удаагийн хуралд БНСУ, АНУ, ОХУ-аас төлөөлөгчид ирж оролцохоор болсон. Тэдгээр эмч нараас ч гэсэн манай мэс заслын эмч нармаань туршлага судлах боломжтой.

Мөн чуулганы үеэр шинээр эрдмийн зэрэг хамгаалж, мэргэжил нэгтнүүдээ тэргүүлэн ажилласан шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч, ахмад эмч нарын нэрэмжит шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

-Чуулганы үеэр зохион байгуулагч эмнэлгээ шалгаруулж, хамтран ажилладаг гэсэн. Энэ удаагийн мэс засалчдын хурлыг аль эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна вэ?

-Анх Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/ энэ чуулганы дотоод ажлыг зохион байгуулдаг байсан. Одоо бол ерөнхий зохион байгуулагчаар нь манай холбоо ажиллаж, дотоод ажлыг мэс заслын томоохон тасагтай эмнэлгүүд жил бүр хариуцан авч ажилладаг болсон. Энэ жилийн хувьд ХӨСҮТ ерөнхий зохион байгуулагчаар сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаандХСҮТ, Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, Армийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг гэх мэт олон эмнэлгүүдзохион байгуулалтанд идэвхитэй оролцож байсан. Энэ дашрамд хамтран ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.

Чуулганаар дараагийн удаа зохион байгуулах эмнэлгээ сонгож, батламж гардуулж өгдөг уламжлалтай.Дараагийн чуулганыг зохион байгуулах эмнэлгээр улсын томоохон хувийн эмнэлгийн нэг болох “Грандмед” эмнэлэг шалгарсан. Өмнө нь бол дандаа л улсын эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулдаг байсан бол үүнийг шинэчилж томоохон хувийн эмнэлгүүдийг хамруулж эхэлсэн.

-Монгол улсад дурангийн хагалгааг маш сайн хийдэг болж, мэс заслын төрөл ч нэмэгдсэн. Энэ талаар.
 

Мэс засалч эмч нарын  чадавхыг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй өвчтөнд бөөр шилжүүлэн суургах мэс засал, 28 хүнд 29 удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай  хийсэн


-Өнгөрсөн хугацаанд мэс заслын тал дээр олсон ололт маш их байна. Бидний хийсэн томоохон ажлэн нэг бол гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлсэн явдал. Гадаад харилцааг хөгжүүлснээр Монголын мэс засал хөгжих бас нэг үндэс тавигдаж байгаа юм.Швейцарийн мэс заслын томоохон баг манай улсад сүүлийн 17 жил тасралтгүй жил бүр ирж  хамтран ажиллаж байна. Энэ баг 21 хоногийн турш үнэ төлбөргүй мэс засал хийж, эмч, сувилагч мэргэжилтнүүдийг дагалдуулж, сургадаг.

Мөн холбооноос санаачлан 2004 оноос эхлэн хөдөө, орон нутгийн төлөөллийг хотод авчирч сургалт явуулдаг болсон. Сүүлийн жилүүдэд 10 гаруй аймгуудад тус бүр 21 хоногийн онол, практикын  зохион байгууллаа.

Хоёрдахь том ажил маань Монгол улсад 1994 оноос анх удаа дурангийн мэс заслыг хөгжүүлж эхэлсэн явдал юм. Анх  АНУ-ын мэс заслын эмч Рашер.Р.Х манай улсын мэс заслын эмч нарыг сургаж, дурангийн хагалгааг хийсэн. Тэгэхдээ тухайн үедээ эдийн засгийн нөхцөл байдлаас  болоод төдийлөн дэлгэрч чадаагүй. Ингээд 2005 онд АНУ-ын “Swanson-ны гэр бүлийн сан”-ийн багт дурангийн мэс заслыг Монголд хөгжүүлэхэд туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлтийг тавьснаар тус сангийн хамт олон жил болгон 150 мянган ам. долларын өртөг бүхий дурангийн багажийгбидэнд бэлэглэсэн. Улмаар бид дурангийн хагалгааг хийх сургалтыг Улаанбаатар хотын Нэг, Хоёрдугаар эмнэлэг, ХСҮТ, хөдөө орон нутагт хэрэгжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг дахин тавьж бүсүүдээ дурангаар хангасан байгаа.

Өнөөдөр дурангийн мэс засал манай улсад хөгжсөн гэж хэлж болно. Дөрөвхөн аймаг дурангүй, бусад бүх аймаг дурангийн мэс заслыг хийдэг боллоо. Анх 2005 онд цөсний хүүдий авах мэс заслын дөрөвхөн хувийг дурангаар хийдэг байсан бол одоо 90 орчим хувийг дурангийн хагалгаагаар  хийж байна. Мөн “Swanson-ны гэр бүлийн сан”-ийн багтайхамтраад дурангийн мэс заслын эмч нарт гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулсан. Ингэснээр манай эмч нар одоо ходоод сойх, эвэрхий нөхөх, бүдүүн гэдэс тайрах, дэлүү авах, бөөрний дээд булчирхай авах гэх мэт олон мэс заслыг дурангийн хагалгаагаар  хийж байна. Үүнээс гадна мэс засалч эмч нарын чадавхыг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал, 28 хүнд 29 удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай  хийсэн байна.

Хөдөө, орон нутагт дурангийн хагалгааг хийж байна гэж та ярилаа. Ямар хагалгааг голдуу хийж байна вэ?

Хөдөө орон нутгийн хувьд цөсний замын мэс заслыг дурангийн хагалгаагаар хийж байна. Урьд нь бид цөсний хүүдий авах мэс заслыг нээлттэй ажилбараар хийдэг байсан. Энэ нь маш том нээлттэй зүсэлт хийж, өвчтөнд их өвдөлттэй, хагалгааны дараа 7-10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байсан бол одоо дурангийн хагалгаанд орсноор мэс засал хийлгэсэн өдрөө ч өвчтөн эмнэлгээс гарч болдог болсон. Гоо сайхан, өвдөлт мэдрэх,  хүн ам эрүүлжих талаасаа ч их амар болсон.

Хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн хүрэлцээ тун муу байдаг шүү дээ. Тэр тусмаа сумдад мэс заслын эмч нар бараг байдаггүй гэж хэлж болохоор. Энэ тал дээр танай холбооноос хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 


Зөвхөн сумын эмч төдийгүй сувилагч, жолооч нарыг ч сургалтад хамруулдаг. Учир нь яаралтай тусламж бол багийн ажил. Сургалтанд хамрагдсан жолооч нарын хувьд эмч, сувилагч нартайгаа нэг баг болон осолдож, гэмтсэн хүмүүст анхны тусламжийг үзүүлэх чадвартай болсон


Манай холбооны хийсэн том ажлын нэг нь Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй хамтран сум, сум дундын эмнэлгийн эмч нарын мэс засал хийх, яаралтай түргэн тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. 2005 онд бид бүх сумдын эмнэлгээр явж судалгаа хийсэн. Тус судалгаагаар манай улсад 300 гаруй сумын эмнэлэг байдаг гэсэн тоо гарсан юм. Тэдгээр эмнэлгийн хувьд яаралтай тусламж үйлчилгээг 2 цагийн дотор үзүүлж чадах эмнэлэг бараг байгаагүй. Энэ төслийг хэрэгжүүлснээр ДЭМБ-ын санхүүжилтаар сумын эмнэлгийг мэс засал, яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж 180 гаруй сумын эмч нарыг  сургасан. Зөвхөн сумын эмч төдийгүй сувилагч, жолооч нарыг ч сургалтад хамруулдаг.

Учир нь яаралтай тусламж бол багийн ажил. Сургалтанд хамрагдсан жолооч нарын хувьд эмч, сувилагч нартайгаа нэг баг болон осолдож, гэмтсэн хүмүүст анхны тусламжийг үзүүлэх чадвартай болсон. Мөн Монгол улсад 39 сум дундын эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүдээс 13 сум дундын эмнэлэг л мэс заслын үйлчилгээг үзүүлж байна. Мэс засал яаралтай тусламж үзүүлж чаддаг сум дундын эмнэлгийг нэмэгдүүлэх шаардлага жил ирэх бүр нэмэгдсээр байна. Аймгийн төвөөсөө хол оршдог сумдын хувьд 150 км тутамд 1 сум дундын эмнэлэг байх ёстой. Ингэснээр яаралтай тусламжийг 2 цагийн дотор үзүүлэх боломжтой болдог.

Иймээс бид энэ төслийг үргэлжлүүлсээр 2013 онд ДЭМБ-ын дэлхийд ганц байгаа “Зохицуулах төв”-ийг Монголд байгуулсан. Энэ төвөөс сум, сум дундын эмнэлгийг чадавхижуулах ажлуудыг байнга зохион байгуулж байна.Одоогийн байдлаар Архангай, Өвөрхангай, Өмнөговь гэх мэт хэд хэдэн аймаг тус сургалтанд хамрагдаад явж байна. Мөн “Хөдөөгийн  мэс засал” сурах бичгийг орчуулж, бүх сумын эмч нарт гарын авлага болгон өгсөн байгаа.

Монгол улсын мэс заслын хөгжлийн түвшин болон мэс засалч эмч нарын холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний ажилд болон одоо болох гэж буй чуулга уулзалтанд тань өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсье.
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.