
Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эмчилгээний хяналтын карт хөтөлдөггүй, эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөө халдвар хамгааллын дэглэмийн дагуу засаж тохижуулаагүй, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, устгах зааврыг баримталдаггүй, нэг удаагийн зориулалттай ариун чанар алдагдсан, хэрэглэсэн байж болзошгүй зүү тариурыг дахин ашиглах зорилгоор их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн зөрчил нийтлэг илэрчээ.
Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын баталгаажилтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчилсэн, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн жагсаалтгүй, бэлэн байдлыг хангаагүй, дуслын шингэн, эм бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заасан горимд хадгалаагүй зэрэг зөрчил дутагдал тус тус илэрсэн байна.
Иймд иргэдийг PRP, MTS каллогентэй утас арьсан дор суулгах, лазер, гиалурин, филлер, өөх хайлуулах, ботокс, эхэс тарилга зэрэг эмчилгээнүүдийг хийлгэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эмнэлгүүдээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан нөхцөлд, чанарын баталгаажилттай эм, бэлдмэлээр үйлчлүүлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.
olloo.mn