Нийслэлийн анхны суурийг тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 377 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Ойг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 17 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөв.
1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов. Тэрбээр, “Соёлт хүмүүний эрхэмлэх ёстой хамгийн чухал зүйл бол дээд үеийнхээ түүх, дурсгалыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх юм. Миний бие хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн 360 жилийн ой тохиож, нийслэлийн анх үүссэн газар энэхүү дурсгалын хөшөөг босгосон. Улаанбаатар хот түүхэндээ 28 удаа нүүж, 16 газарт бууриа засч байсан. Бид нүүсэн, буусан газар бүрт Хангарди бүхий гэрэлт хөшөө босгохыг зорьж байгаа” хэмээв.



НИТХ-ын дарга Ц.Сандуй, “1639 онд байгуулагдсан Шар бүсийн ордон Монгол гэрийн хэв шинжийг шингээсэн өргөө, дугана тэргүүтнээс бүрдэж байсныг түүхчид судлан тогтоосон. Энэхүү газарт сууриа тавьсан нийслэл маань бууриа сэлгэн нүүсээр эдүгээ дөрвөн хайрханы дунд хөгжин дэвжиж, дэлхийн “Саятан хот”-ын эгнээнд багтсан нь бахдам амжилт юм. Тиймээс эх хотын өлгий нутагт хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны үйлдэл юм” гэлээ.

Нийслэлийн бууриа сэлгэсэн нутаг бүрт гэрэлт хөшөө босгох ажил дуусах шатандаа орсон бөгөөд одоо хоёр газар үлдсэн гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Баболд танилцуулав. Тэрбээр, “Нийслэлийн Хангарди бүхий гэрэлт хөшөө босгоогүй үлдсэн хоёр газрын нэг буурь нь ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байдаг. Тиймээс бид Гэрэлт хөшөө босгох талаар БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ы удирдлагуудтай уулзаж, ярилцах болно. Харин хоёр дахь газар нь Хэнтий аймгийн Сарьдагийн хийд. Тэнд удахгүй Гэрэлт хөшөө босгоно. НИТХ-ын сонгуулиар томилогдсон нийслэлийн шинэ удирдлагууд өмнөх Засаг дарга нарын эхлүүлсэн сайн ажлыг үргэлжлүүлэхээс гадна Улаанбаатарын түүхийг судалж, олон түмэнд хүргэх нь туйлын чухал юм” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-24 05:29:56
    Өмнө нь бас хэдэн хүн очиж шувууны баасыг нь арилгасан байхдаа, гэр хороолллыг нэг цахилгаантай, модон жорлон, муу усны нүхнээс нь салгаад өгдөг ч болоосойдоо
  • zochin 2016-10-24 03:17:10
    bolyo! Ganz chaddag yum ni hundetgel uzuuleh arga hemjeend orolzokh yumaa.
  • монгол 2016-10-24 03:04:28
    ард түмнийхээ амьдралд нь хэрэгтэй юм хийгээч ээ. энэ юм чинь хэнд хэрэгтэй юм. "Саятан" хотын 630.000 гаруй хүн ам нь гаднаа модон жорлонтой, ундны ус байх...
  • Зочин 2016-10-24 02:50:37
    Нэг газар шавар овоолчихоод дараа нь түүндээ очиж мөргөөд л хүн гэдэг амьтан ч дээ заримдаа их шогийн байх юм даа