
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. 2016 онд энэ эрхэм шагналыг МУГЖ Г.Ариунбаатарт хүртээхээр болжээ.
Г.Ариунбаатар нь алдарт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн уралдаан зэрэг томоохон олон уралдаанд түрүүлж, 23-хан настайдаа гавьяат жүжигчин цол хүртсэн манай шилдэг дуучдын нэг юм.
Чингис хаан одонг
- 2015 онд Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо,
- 2014 онд Академич Х.Намсрай,
- 2013 онд Ерөнхий сайд асан Д.Содном,
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
- 2010 онд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж,
- 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2006 онд Хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2005 онд Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нар тус тус хүртжээ.
Б.Орхон
olloo.mn