Эрдэнэтийн тухай улстөргүй яриа
Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

Эрдэнэт 1978 онд ашиглалтанд орсоноос хойш 2015 оныг хүртэл нийт 4,2 сая.тн зэс агуулсан 14,9 сая.тн баяжмал үйлдвэрлэж борлуулжээ. Борлуулалтын орлого нь балансын бүртгэлээр 10,4 тэрбум ам доллар.


Одоогоор үлдэгдэл нөөц нь дахиад 4 сая.тн зэс байна. Өнөөдрийн зэсийн үнээр тооцвол 20-24 тэрбум ам долларын бүтээгдэхүүн. Энэ нь МАК-ийн эзэмшдэг стратегийн орд болох Цагаан суваргын зэсийн 4ш орд гэсэн үг. Эрдэнэтийг ашиглалтын жилээр нь харвал 38 жил ажилласан хөгшин уурхай шиг санагдах боловч нөөцөөр нь авч үзвэл идэр насан дээрээ байна. Би 1979 онд төрсөн гэхээр Эрдэнэт надаас нэг насаар ах. Хүний амьдралаар бол параболынхоо орой дээр би ч, Эрдэнэт ч ирсэн гэсэн үг л дээ. Нас явах тусам хүн өтөлж доройтдог шиг жил ирэх тусам Эрдэнэтийн зардал нэмэгдэж, орлого нь хумигдах болно. Учир нь уурхай гүнзгийрч хөрс хуулалт, тээврийн зардал нэмэгдэхээс гадна, зэсийн агуулга буурч байгаа учраас 1тн зэс үйлдвэрлэх зардал байнга өсөх юм. Энэ бол байгалийн хууль.
 
Ядаж байхад дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт илүүдэлтэй, ойрын ирээдүйд үнэ олигтой өсөхгүй шинжтэй. Хямрал удаан үргэлжилбэл Эрдэнэт санхүүгийн маш хүнд байдалд орно. Одоо ч орчихсон байгаалдаа. Сүүлийн 4 жил харин мэргэжлийн уурхайчин хүн очиж ажилласан тулдаа бүтээмжээ өсгөх замаар зардал хэмнэж, санхүүгийн хүнд байдлыг гоншигнолгүй давж гарсан байх. Дайран дээр давс гэгчээр Жастын Батхүүгийн өрийн асуудлаас болоод Эрдэнэт 109 сая ам долларыг гадаадын банкинд төлөх болсон нь бөөн дуулиан шуугиан. Улс төрчдийн элдэв шахаа, зээлийн барьцааны бай болсоор ийм болсон түүхтэй. Надад тэтгэвэрт гарахаасаа өмнө амжуулах ажил их байгаа. Үр хүүхдээ боловсролтой, ажилтай амьдралтай болгох, чадвал тодорхой хуримтлал үлдээх гэх мэт. Үүнтэй адилхан Эрдэнэт хаагдахад Монголчууд юутай үлдэх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй юм. Уурхайн нөхөн сэргээлтийн зардлын хуримтлалыг одооноос бий болгох, ажилгүй болох уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэх, өөр орлох ажлын байр бий болгох, тэр битгий хэл Эрдэнэт хотыг яаж "сүнс" хот болгохгүй байх вэ гээд түмэн асуудалтай нүүр тулах нь гарцаагүй.

Оросууд манайхыг бодвол уул уурхайн салбарт арай илүү оймс элээж, хашир суусан туршлагатай юм болохоороо хувьцаагаа зараад Эрдэнэтийн уурхайг нөхөн сэргээх зардал болон ирээдүйд тулгарах нийгмийн хариуцлагын бэрхшээлээс зугтаачихлаа. Онгойсон нүх ямар Оросын нутагт үлдэх биш. Тэдэнд юуны хамаа байхав. Иймэрхүү залийг манай алтны магнат Мянгаа хүртэл хийдэг л юм. Ордынх нь нөөц дуусаад ирэхээр өөр компанид зарчихаад, хаалт, нөхөн сэргээлтийн зардлаас нь зугтчихдаг. Олон овоотын алтны үндсэн орд иймэрхүү жишгээр зарагдаад одоо худалдаж авсан Батхүү нь дампуурчихсан сууж байгаа биздээ. Эрдэнэтийн 49%-ийг авсан Монголын зэс компани иймэрхүү эрсдэл ирнэ гэдгийг тооцоолж авсан гэж найдъя. Оросуудаас хэдээр, ямар үнээр авсан гэдэг нь надад үнэндээ сонин биш. Харин Эрдэнэтээс хүртэх Монголчуудын татварын орлогыг хэрхэн бууруулахгүй байх вэ? Монголын иргэд, туслан гүйцэтгэгч компаниудыг хэр удаан хугацаанд ажлын байртай байлгаж чадах вэ? Зах зээлийн эрсдэлтэй алхамуудыг хэрхэн удирдаж чадах бол гэдэг нь надад сонин байна Эрдэнэтээс 6 дахин их нөөцтэй Оюу толгой ордын мажорити буюу 66%-ийг өмчлөгч Айвонхоу Майнз ихэнх хувьцаагаа Рио Тинто-д зарж, хяналт бүхэлдээ Рио Тинто-д очиж байхад бид юу ч дуугараагүй. Одоо Рио Тинто төслийг удирдаж байгаа менежерийн ажлын хөлс гээд жилд гарсан үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө оруулалтын нийлбэр дүнгээс 6%-иар шимтгэл аваад сууж байгаа. Ашигтай ажиллах эсэх энд огт падгүй. Алдагдалтай, их зардалтай ажиллуулах тусам харин Рио Тинто-д орох орлого нь нэмэгдэнэ. Энэ орлого нь Оюу-Толгой ордоос Монголд төлж буй нөөц ашиглалтын төлбөртэй бараг дүйх байх. Хөрөнгө оруулалтын гэрээнд нь ингээд заачихсан. Бид энэ тухай бүлх залгисан юм шиг л таг дуугүй байгаа.

Бид бас Эрдэнэс Тавантолгойг Хятадууд 100% хяналтандаа оруулж, 200 ам долларын үнэ хүрч буй нүүрсийг нь 27 ам доллароор хэдэн саяар нь гаргаж байхад бид таг дуугүй л сууж байгаа. Эрдэнэс Тавантолгойн энэ оны эхний хагас жилийн санхүүгийн балансыг харвал Тавантолгойн ордын сор болсон нүүрсийг 5 жил хямд зарчихаад 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 737 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурлаа зарлахдаа тулчихсан байж байдаг. Энэ тухай хэн ч юу ч ярихгүй л байна. Эрдэнэтийн хувьд Монгол зэс гэдэг тэр компани хувьцааных нь минорити буюу 49%-ийг Оросуудаас худалдаж аваад Монголынх болгочихож. Зэсийн үнэ өсөхгүй, 49%-ийг худалдаж авсан өртөгөө нөхөж чадахгүй дампуурвал Монголын зэс компанийн л хохь болно. Эрсдлийг тэд үүрнэ. Харин эсрэгээрээ Монголын засгийн газар 100% мэдэлдээ аваад элдэв шахаа хийж, Эрдэнэс Тавантолгойн жишгээр дампууруулбал эрсдэл нь харин бидэнд шууд хамааралтай болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд 49%-ийг хуулийн дагуу авсан эсэх нь харин зайлшгүй шалгах ёстой асуудал шүү...

Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд, Монголд зэс хайлуулах үйлдвэр барих боломжийг судлах Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны судалгааны багийн гишүүнээр ажиллаж байсан судлаачийн хувьд өөрийн үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцлаа. Энд дурьдагдсан тоо баримт нь Metals Mongolia, Discover Mongolia зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын чуулганаас олж авсан мэдээллүүд болно. Цаашид Эрдэнэтийн өртөг зардал, санхүүгийн мэдээлэл, уурхайн төлөвлөлтийн илүү нарийн мэдээлэл олж авч чадвал тооцоо судалгаан дээр тулгуурлан илүү сонирхолтой мэдээлэл хүргэнээ...

Үргэлжлэл бий...
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ene nuhriin chanariig medsen 2016-10-14 12:57:59
    Ene nuhriig bi medehgui bsan. Harin tuunii Glogex companii hiisen TEZU - g uzsen. Ene hun bol mungunii tuluu yamar ch huuramch yum hiij chadahaar yum bn lee.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2016-10-14 09:39:34
    Тун хрэгтэй мэдээлэл өгмөн байна
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах
    • уншигч 2016-10-14 09:40:05
      Тун хэрэгтэй мэдээлэл өгсөн байна
      202.131.247.23
      Мэдэгдсэн Хариулах
  • МАН-ын ах нь байна 2016-10-14 06:45:11
    Шивэртэй оймсоо бариад дуугай зайл даа банди минь
    218.199.141.8
    Мэдэгдсэн Хариулах
  • tsoohuu 2016-10-14 04:28:53
    Yag l uls turjuugui baij haragdiish de tsever zahialgiin l yum bichij bn. Hrden tsaas avch bga ni oilgomjtoi. Naranbastariin Uuriinh ni ug ch bish bn.
    123.109.224.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-14 03:51:21
    энэ л. наранбаатар чинь өнөө оймс шиддэг гар биз дээ, улс төржилтгүй биш л байна даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • улс төрчид гэдэг бол улс орныг хулгайлда 2016-10-14 03:49:06
    улс төрчид гэдэг бол улс орныг хулгайлдаг хулгайч.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах