
Монголын Хөлбөмбөгийн Холбооны цом 2016 тэмцээний аравдугаар сарын 11-ний өдрийн хагас шигшээ тоглолт болох "Дэрэн" болон "Хоромхон" багуудын тоглолтын үеэр Хоромхон багын зарим тоглогчид болон албаны хүмүүс шүүгчийн бүрэлдэхүүнийг хэл амаар дормжилж, спортын бус авир гаргасан байна.
Тухайлбал, Хоромхон багийн эмч Н.Болор-Эрдэнэ нь талбайн туслах шүүгч Т.Галдансүхийн биед нь ноцтойгоор халдсан нь нотлогдож байгаа тул Монголын Хөлбөмбөгийн Холбооны Онцгой байдлын хороо хуралдаж дараахи шийдвэрийг гаргажээ. Үүнд:
Хоромхон клубыг:
1. Холбооны цом 2016 тэмцээнээс хасаж 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ноогдууллаа.
Багийн эмч Н.Болор-Эрдэнэд:
1. Хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг 24 сараар хасаж 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
Мөн МХБХ-ны Сахилга бат, ёс зүйн дүрэм, Онцгой байдлын хорооны тогтоол болон спортын бус авир гаргасан бичлэгийг холбооны албан ёсны хуудсанд байршуулжээ.
Иймд баг тамирчид болон албаны хүмүүс Хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг баримталж, fair play зарчмыг дагаж мөрдөхийг МХБХ-оос уриаллаа.
Б.Орхон
olloo.mn