Энэ жилийн наадмаар Увс, Хөвсгөлийн бөх “цойлох уу”
Сүүлийн хоёр жилийн наадмыг бөх сонирхог­чид бараг бүгд л “авар­га төрөх магадлалтай” гэж нэрлэж байсан. 2012 онд арс­лан Б.Ганбат, Г.Эрхэмбаяр нарыг, өнгөрсөн жил тэдэн дээр нэмээд П.Бүрэнтөгс арс­ланг цолоо ахиулна хэмээн ит­гэл хүлээлгэж байв. Тэгвэл бөх сонирхогчдын яриаг сонсч байх нь ээ, энэ жил арс­лан төрөх магадлал илүү бай­гаа гэнэ. Өөрөөр хэлбэл, арслан­гаас доогуур цолтой бөх тү­рүүлж, үзүүрлэн монгол бө­хөд нэ­гэн шинэ үе ирснийг тун­хаг­лан зарлах цаг нь болсон ажээ. Үндэсний бөхөд нэгэн шижиг­нэ­сэн үе, нэгэн онцгой хүчтэн гарч ирээд ноёрхлоо удаан тог­тоочихвол дараагийн үе нь нэг их удалгүй доод бөхчүүддээ гүй­цэгддэг зүй тогтол бий.

“Хоёр Мөнх”-ийн үеийн бөхчүүд нас хэвийтэл сайн барилдаж олон шөвгөрсөн. Тэдний дундуур орох зай Д.Цэрэнтогтох, Д.Хад­баатар, арслан Б.Ганбаатар тэргүүтэй дараагийн үеийнхэнд нь бага олдсон учраас төд удалгүй Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй “64 оны луу” жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. 1975-1990 оны хооронд “эзэгнэх” учиртай “51 оны туулай жилтнүүд” дээрх хугацаанд зургаахан түрүүлж /Д.Цэрэнтогтох аварга дөрөв, Д.Хадбаатар аварга хоёр/ үлдсэн есөн түрүүг дээд үеийнхэндээ алджээ. Тэднээс 10-аад насаар ах Х.Баянмөнх аварга энэ есөн түрүүний зургааг /1975, 1977, 1979, 1981, 1982, 1987/ авсан нь хоёр аваргын түрүүтэй тэнцүү байгаа юм. Харин Б.Бат-Эрдэнэ аварга дээд үеэсээ гурав, доод үеэсээ хоёр түрүү “хулгайлсан” болж таарч байна.

Энэ зүй тогтлоор аваад үзвэл, 1971-1973 оны таван заан нэгэн үеийг эзэгнэж, завсар бага гаргасан учраас дараагийн үеийн бөхчүүд буюу 80-аад оны эхэн үеийн бөхчүүд ноёрхлоо тогтоож амжилгүй дараагийн үеийнхэндээ зай тавьж өгөх байдал энэ жилийн наадмаас тод харагдах гэнэ. Өөрөөр хэлбэл, 1987-1990 оны залуу хүчтэнүүд энэ жил дээгүүрт барилдаж, үзүүр түрүү шөвгийн ихэнхийг хүртэх магадлалтай ажээ. Харин яг хэн гэдэг хүчтэн түрүүлэхийг хэлэх үнэхээр хүнд. “Цахиар хагалах” залуус даанч олон учир нэр зааж бичихэд алд дэлэм зөрөх магадлалтай. Гэхдээ бичих ёстой учраас сүүлд алдсан байвал “түүх нь тийм байсан юм чинь гэж хэлнэ” хэмээн “хаяагаа манаад” морь жилийн наадмыг таамаглахыг оролдоё.

Ардын хувьсгал ялснаас хойш морь жилийн баяр наадам долоон удаа /1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002/ тохиожээ. Тэдгээр наадмуудад долоон аймгийн бөх түрүү манлай болж байсан сонин учрал гарч ирж байх юм. 1930 онд Завханы Тосонцэнгэл сумын харъяат С.Шагж, 1942 онд Булганы Сайхан сумын Б.Түвдэндорж, 1966 онд Төв аймгийн Эрдэнэсантын Ж.Мөнхбат, 1978 онд Өвөрхангайн Нарийнтээлийн Д.Цэрэнтогтох, 1990 онд Хэнтийн Өмнөдэлгэрийн Б.Бат-Эрдэнэ, 2002 онд Архангайн Батцэнгэлийн Г.Өсөхбаяр нар түрүүлсэн байна. Улсын цолтой бөх хамгийн олныг төрүүлсэн аймгуудыг дээрх долоогоос гадна нэг, нийт найман аймаг тасархай тэргүүлдэг бөгөөд хүчтэний өлгий нутаг Хөвсгөл, Увс л дутуу байгаа нь тодорхой харагдана. Хэрвээ морин жилийн наадамд өөр, өөр нутгийн хүчтэнүүд түрүүлдэг уламжлал давтагдвал энэ жил Хөвсгөл, Увсын бөх түрүү магнай болох хамгийн өндөр магадлалтай болж таарлаа. Өнгөрсөн жилийн түрүү, энэ цагийн манлай бөх Г.Эрхэмбаяр байгаа учраас Сэлэнгийг энэ хоёр дээр нэмээд нэрлэчихье. Олны ам ч, түүхийн хүрдэн ч энэ гурван аймгаас л түрүү бөх тодрох хамгийн өндөр магадлалтай гэж байна. Нэг их хол зөрөхгүй болов уу.

Увсынхан 2010 оноос хойш улсын наадмыг тасралтгүй гурван жил /2010 онд у.з Б.Ганбат, 2011 онд у.х С.Мөнхбат, 2012 онд а.а П.Бүрэнтөгс/ авсан байснаа өнгөрсөн жил алдсан. Тэд энэ жил ноёрхлоо буцааж авахыг хичээх нь мэдээж. Харин чухам хэн нь түрүүлэх бол. Улсын аварга С.Мөнхбат сүүлийн үед томоохон барилдаанд зодоглох нь цөөрсөн ч түрүүлэх бөхийн тааварт хамгийн түрүүнд бичигдэх нь мэдээж. Харин Д.Ганхуяг арслан, Ө.Бат-Орших харцага нарын тухайд яриангүй өнгөтэй байна. Наадмын сорилго барилдаанд амжилттай барилдаж их шөвөгт үлдсэн. Энэ гурван бөхийн хэн нь ч түрүүлчихээд зогсч байсан гайхахааргүй хүчтэнүүд. Бөх сонирхогчдын “Залуу үе түрж гарч мэднэ” гэх ярианд илүү ач холбогдол өгвөл Ө.Бат-Орших дээр нэмээд П.Бүрэнтөгс арслан, Н.Батсуурь харцага нарыг нэрлэчихье. Аймгийн хурц арслан О.Гантулга, цэргийн арслан Б.Ганзориг, аймгийн арслан Н.Ганзориг нар сайн барилдаж улсын цол хүртэнэ гэж тааж байна.

Хоймор нутгийн хүчтэнүүдийн хувьд энэ жил наадмын түрүү хүртэх горьдлого нь сорилго барилдаанаас хойш улам батажлаа. Цолноосоо ахадсан барилдаан үзүүлдэг харцага Ц.Содномдорж сорилго барилдаанд түүртэлгүй түрүүлж өнгөтэй байгаагаа харуулсан. Түрүүлэх бөхийн тааварт ч нэр нь орж эхлэв. Гэхдээ бөхийн улаан хэнээтнүүд түүнээс илүү хашир арслан Х.Мөнхбаатарын боломжийг илүү гэж хэлж байна. 

Уржнангийн наадмын их шөвөгт үлдсэн ч дараа нь “сэргээш хэрэглэсэн” шалтгаанаар амжилтаа хүчингүй болгуулж, өнгөрсөн жил зургаа даван санасандаа хүртэл зодоглож чадаагүй Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатарт энэ жил түрүүлэх боломж бий. Арслан өөрөө дотроо нэг юм бодож байгаа нь лав. Хөвсгөлчүүд 1970 онд Ч.Бээжин аварга цолд хүрснээс хойш бөхийн оргил цолтныг 40 гаруй жил хүлээж буй. Энэ хүлээлтийг эцэслэх боломж түүнд хамгийн их байна. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж бэлтгэлд хожуу гарсан нь нөлөөлчихгүй л бол энэ жил залуу бөхчүүд нь ч дээгүүр хүч үзэх биз. 

Дээгүүр хүч үзэх магадлалтай бусад бөхчүүдийн хувьд өнөөх нэрлэдэг хэдийг л хэлэх хэрэгтэй болох нь. Цэргийн арслан цолтой байхдаа бар жилийн оны тэргүүн бөх болж байсан улсын заан Ч.Санжаадамба сүүлийн гурван жил түрүүлэх бөхийн тааварт явж ирсэн. “Яаж ч мэднэ” гэсэн бөх сонирхогчдын таамаглал энэ жил ч хэвээрээ байна. Уг нь түрүүлэх цаг нь болсон л бөх.

Улсын заан Б.Батмөнх өнгөрсөн жил тун ч өнгөтэй байж, ирээдүйд бөхийн дэвжээг эзэгнэх хүчтэнүүдийн нэг гэдгээ харуулсан. Энэ жил сорилго барилдаанд үзүүрлэснийг бодвол дээгүүр хүч үзэх болов уу.

Түүхийн шар хуудас нэгэнт “өөр, өөр аймгийн бөх түрүүлдэг” гэж хэлж байгаа учраас бусад аймгуудаас сайн нэрлэхгүй бол алдас болно.

Ховдчууд улсын начин Б.Пүрэвсайхан, аймгийн арслан Н.Батсайхан, О.Хангай нарыгаа, алтайчууд гарьд Ж.Бат-Эрдэнийгээ, завханчууд гарьд Б.Гончигдамбыгаа дээгүүр барилдана хэмээн харж суугаа нь мэдээж хэрэг. Д.Ганхуяг, Б.Ганбат, Д.Азжаргал арслангууд бууриараа дээгүүр үзэх ч түрүүлэх хэмжээнд очихгүй байх.  
  
Түрүү бөхийн тухайд нэг иймэрхүү дүр зу­раг гарч байна. Харин заан цолтны эгнээнд орох магадлалтай бөхчүүдээр ноднингийн таа­варт бай­сан улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, А.Цаца­шир, Л.Пүрэвжав, Д.Бат-Орших, Ө.Даваа­баатар нар дээр нэмээд аймгийн арслан Ч.Батчулууныг энэ жил баараггүй начин болно гэж таамаглаж байна.

Наадмын бөхийн талаар таамаг бичиж байгаа сэтгүүлчид материалдаа хоёр жилийн өмнөөс нэг өгүүлбэр заавал оруулдаг болсон. “Дээр нэр дурьд­сан бөхчүүдийн хэн нь ч түрүүлж мэднэ” гэж. Энэ удаа ч гэсэн биччихье.    
       
“Барьц сонгох” дүрэм жил жилийн наадмын ярианы сэдэв байдаг. “Шодолтод аз таарсан нь цааш явдаг” гэж. Энэ жил ч тийм байх биз. Наад­маар бороо орвол хурдан шалмаг барилдаан­тай бөхчүүдэд халгаатай, халуун, хурц нартай бай­вал бүтэн жилийн бэлтгэлтэй бөхчүүдэд илүү боломж­той байдаг гэсэн яриа бий. Энэ жил бороо хур эл­бэг байгаа ч цаг уурын алба наадмын өдрүүдээр цэл­мэнэ гэсэн урьдчилсан мэдээ гаргаж буй. Гэх­дээ 1966 оны их үер морь жил байсныг санахад илүү­дэхгүй болов уу.   

Наадамчин олон ерөнхийдөө дээр бичсэн таам­гийг хэлж, шөвгийн наймыг багцаалаад цааш нь “шодолтод азтай байсан нь явна” гэсхийгээд орхиж байна. Энэ жилийн наадам өнгөрсөн жилийнх шиг бас л “таашгүй” болж өндөрлөх биз ээ.
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • JFK 2014-07-11 09:41:47
    Batchuluuniigaa nachin bolgoh heregtei
    76.218.69.21
    Мэдэгдсэн Хариулах