Сонгуулийн хууль эрх баригчдын зугаа биш
Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн хугацаанд зургаан удаагийн сонгууль зохион байгуулжээ. Гэвч, сонгууль болгоноор хуулийн төслөө өөрчилж нэг ёсондоо тухайн үед эрх барьж байсан улс төрийн намууд болон улстөрчид өөрсдөдөө тааруулан хуулийн төслийг өөрчлөх жишиг нэгэнт тогтоод байна. 

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Иймээс тэд ирэх дөрвөн жил тоглоомын дүрмийг тогтооно. Тогтсон жишгээрээ сонгуулийн тухай хуульд мөн өөрчлөлт оруулахаар зэхэж байна. 

УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногийн даваа гарагт нээлтээ хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга энэ намрын чуулганаар сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдгээ дуулгалаа. Тэрбээр  “Бид намрын ээлжит чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэж, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар төлөвлөж байна” гэв.

Уг нь өмнөх арламентийн үед сонгуулийн тухай хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон өөрчлөлт орсны нэг нь УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулахаар шийдвэрлэсэн явдал юм. Үүнийг зардал хэмнэх, нөгөө талаар улстөржилтийг багасгах ач холбогдолтой гэж тухайн үеийн эрх баригчид тайлбарлаж байв.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэх мэт хуультай байсныг өөрчилж бүх шатны сонгуулийг нэг хуулиар зохицуулж байхаар болсон билээ.

Ямартай ч жижиг намуудад халтай, том намуудад ашигтай гэх шүүмжлэл дагуулж байсан Сонгуулийн тухай хууль ийнхүү дахин өөрчлөгдөж магадгүй байна. УИХ-ын дарга сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулна хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр  хуулийг өөрчилбөл бүх шатны сонгууль тус тусдаа хуулиар зохицуулагдаж магадгүй болж байгаа юм.

Мөн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан энэ хууль бас цаг тулган яаруу сандруу батлагдах нь. Өмнөх жишгүүд ч ийм байсан. Дэлхийн жишигт сонгуулийн хуулийг сонгууль болсноос хойш нэг жилийн дотор өөрчилдөг юм билээ. Харин манайд бол эрх баригчид солигдох бүрт сонгуулийн хуулийг өөрчилдөг. Бараг жишиг болчихсон. Шинэ парламент бүрэлдэх бүрт Сонгуулийн хуулиар зугаагаа гаргасаар байх уу?
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-07 02:13:19
    Овоо тахих, одон өгөх, хүмүүсийг талцуулахаас өөр хийх юмгүй, гадаадад доншуучилж мөнгө үрдэг Ерөнхийлөгчөөр яах юм бэ, УИХ, ЗГ байхад улсаа аваад л явчихна