АНУ-ын хоёр дахь СНӨҮДЭН

Дэлхий даяар дуулиан шуугиан тарьж, томоохон гүрнүүдийн дунд хүртэл оч үсэргээд амжсан хэргүүдийн нэг бол яах аргагүй АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Снөүдэний илчлэлт байсан юм. Тэрбээр АНУ, Британий Засгийн газрын маш нууц материалуудыг олон нийтэд задалснаар энэ хэрэг дэгдсэн байдаг. Уг материалууд дунд АНУ, Европын утасны метадатаг замаас нь хуулах программаас гадна PRISM, XKeyscore, Temрога зэрэг интернэтийн хянах программууд илчлэгдсэн юм. Тэгвэл тус агентлагийн дахин нэг ажилтан баривчлагдсан тухай АНУ-ын Засгийн газар мэдэгдлээ.
 
Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гэрээт ажилтан нууцын зэрэглэлтэй мэдээллийг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн Холбооны мөрдөх товчоонд саатуулагдсан тухай мэдээллийг ил болгосон юм. Тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд Мэрилэнд мужийн Глен Бурниед оршин суугч 51 настай Харолд Томас Мартин гэгчийг нууц задруулсан хэргээр баривчилсан байна. Түүнийг “Төрийн албан хаагч, гэрээт ажилтны хувиар төрийн өмчийн эд хөрөнгийг хулгайлж, нууцын зэрэгтэй материалыг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх эсвэл эзэмшиж болохгүй” гэх заалтыг зөрчсөн хэрэгт сэжиглэж байгаа ажээ.
 
Мөрдөгчид сэжигтний орон сууц болон машинаас нь нууцын өндөр зэрэглэлд багтах мэдээлэл бүхий хард дискний хуулбал, электрон хавтаст материал зэргийг олсон байна. Түүнийг өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр баривчилжээ. Харолд Томас Мартин АНУ-ын холбоотой асар их мэдээллийг нийтэд задруулсан Эдвард Снөүдэний нэгэн адил “Booz Allen Hamilton” гэх батлан хамгаалах салбарын зөвлөх компанид харьяалагддаг байсан гэнэ. Баривчлагдах хүртлээ ч тус компанидаа ажилладаг байсан аж.
 
Нью Йорк таймс сонинд бичсэнээр тус компани Үндэсний аюулгүй байдлын газрын хэрэгжүүлж буй олон нууцын зэрэглэлтэй кибер гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаанд оролцож байжээ. Мөрдөгчид энэ удаагийн баривчилгааны өмнө ОХУ, Хятад, Иран, Хойд Солонгос зэрэг орны хакерууд АНУ-ын мэдээллийг хакердаж байсан “Shadow Brokers” гэх хакерын бүлэглэлийг мөрдөн шалгаж байсан юм. Энэ удаагийн хакеруудын эсрэг үйл ажиллагаа амжилт олбол Үндэсний аюулгүй байдлын агентлаг шинэ программ хангамжийг ашиглаж, дотоод сүлжээ рүү ирэх халдлагад хяналт тавих боломжтой болох гэнэ.
 
Одоогоор нууц мэдээлэл хулгайлсан эсэх нь эцсийн байдлаар тогтоогдоогүй боловч, Харолд Томас Мартиныг өөр улс орны тагнуул байх магадлал маш бага гэдгийг албаныхан онцолж байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.