Энэ онд гэр бүлийн хүчирхийллийн 1066 гэмт хэрэг бүртгэгджээ
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Уг  хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж байгаа юм.
Хуулийн зорилттой уялдуулан
 
    хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
    хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
    хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
    нууцлалыг хамгаалах;
    салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан байна.

Зарим тоон баримтаас дурдвал, Улсын хэмжээнд 2016 оны эхний есөн сарын байдлаар 21105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1066 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 295 хэргээр буюу 38.3 хувиар, бүх хэрэгт эзлэх хувийн жин 5.1 хувь болж, 1.4 нэгжээр тус тус өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 83.2 хувийг хөнгөн, 12.3 хувийг хүндэвтэр, 3.0 хувийг хүнд, 1.5 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж, 59.3 хувь нь Улаанбаатар хотод, 40.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс нийт 581 гэр бүлийн нийт 1043 үйлчлүүлэгчийг хүлээн авснаас насанд хүрсэн эрэгтэй хүн 8, эмэгтэй хүн 358, эрэгтэй хүүхэд 341, эмэгтэй хүүхэд 336 байна.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл дарамтад өртөн хамгаалалтад авагдсан нийт 375 үйлчүүлэгчид эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийн, эрсдлийн түвшинг тогтоож, холбон зуучилсан.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалтыг бий болгохын тулд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байлаа.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.