Толгойтынхон дараа жил хүртэл шинэ зам дээр гишгэхгүй нь...

Сонгуулийн өмнөхөн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс хүртэлх замыг өргөтгөн шинэчилж, төмөр бетонон гүүр барих нэрийдлээр тус чиглэлийн автобусны чиглэлийг хүртэл өөрчилж, сүр дуулиантай эхэлсэн замын барилгын ажил зогсчихлоо хэмээн Толгойтын оршин суугчид бухимдах болов. Автобусны чиглэл өөрчлөгдсөний улмаас иргэд 2-3 км гаруй газарт алхаж хөл дүүжлэх унаатай залгах болжээ. Яагаад сонгуулийн өмнөхөн хөрөнгө, санхүүжилт нь шийдэгдсэн зам барилгын ажил удааширч, царцсан ажлын тоог нэмэх болов гэдэг иргэдийн дунд асуултын тэмдэг хэвээр байна. Тиймээс бид Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх зам барилгын ажлыг хөндөн энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аа бэлтгэлээ.

Толгойтын замын ажил зогсоогүй

 

Толгойтын замыг шинэчлэх асуудал олон жил яригдаж үлгэр домог болсон гэхэд болно. Нэг хэсэг хөрөнгө санхүүжилт нь шийдэгдэхгүй байна гэх шалтгаар хэдэн жилээр ухарч байсан удаатай. Харин төсөв мөнгө нь шийдэгдсэний дараа барилгын ажил гүйцэтгэх компани олдохгүй байна гэж шалтаг тооцсон ч уг ажлыг хийх компани нэг юм олдож, сонгуулийн өмнө барилгын ажлаа сүржин эхэлсэн.

Толгойтын орчимд барилгын том машин эгнэж, барилгын ажилчид шуугилдан, бүтээн байгуулалт өрнөж, хүн амьтны хөдөлгөөн ихсэж, тоос шороо бужигнан байжээ. Гэвч сонгуулийн дараагаас зам барилгын машин харагдахаа больж, Толгойтын оршин суугчид “Замын ажил хэзээ үргэлжлэх вэ” гэсэн бодолтойгоо нөгөө л шороо тоосон дундаа орхигдов.

Уг нь Нийслэлийн энэ онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тус замын ажил орсон. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, 36.75 метр, 48.75 метр урттай төмөрбетон гүүрийг энэ онд ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой.

Ингэхдээ замын нэгдүгээр хэсэг буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойтын эцэс хүртэлх замыг долоодугаар сарын 05-нд,  Толгойтын эцсээс Орбитын уулзвар хүртэлх замыг аравдугаар сарын 30-н гэхэд шинэчлэн дуусгаж, арванхоёрдугааар сарын 01-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Гэвч одоогийн байдлаар ямар ч зам ашиглалтад ороогүй учраас бид Нийслэлийн авто замын газрын дарга Ж.Тогтохбаяртай холбогдож зарим зүйлийг тодруулав.

-Толгойтын замын ажил яагаад зогссон юм бэ?

-39, 48 метрийн урттай хоёр том гүүрийн ажил хийгдэж байгаа. Гүүр нь ашиглалтад орсны дараа хүйтэртэл замын ажил үргэлжлээд хийгдэнэ. Зарим аж ахуйн нэгж, шатахуун түгээх газар, айлууд газраа чөлөөлж өгөхгүйгээс ажил удаашраад байгаа юм. Түүнээс сүржигнээд байх асуудал биш. Гүүрийн ажил тасралтгүй явж байгаа. Ямар ч зогссон юм байхгүй. Энэ сарын сүүлээр хоёр гүүр ашиглалтад орно.

-Санхүүжилт нь бүрэн орсон юм байна. Тийм үү?

-Урьдчилгаа мөнгийг улсаас өгч байгаа. Энэ ондоо багтаад өгч дуусгана. Оны дараа үлдсэн мөнгийг нь өгнө.

-Хоёр гүүр ашиглалтад орсон ч замын ажил цас ортол үргэжилнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Замын ажил хүйтэртэл үргэлжилж байгаад зогсоно. Харин ирэх хавраас дулаан орохоор замын ажил үргэлжлэн явагдана. Ер нь наадмаас өмнө ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Нийт хэдэн төгрөгийн санхүүжилтээр бүтэж байгаа вэ?

-Нийт 74 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Улсын хөрөнгөөр хийж байгаа ажил. Албаны эх сурвалж бидэнд ийн мэдээлэл өгсөн. Тус замыг дөрвөн эгнээ, зорчих хэсгийн өргөнг 14 метр болгож, хоёр талдаа 2.85  метр  явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болгох юм. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барих бөгөөд 230 айлын газрыг чөлөөлөх ёстой гэнэ. Ингээд албаны эх сурвалж замын ажил зогсоогүй гэдэг мэдээлэл өгсөн тул манай сурвалжлах хэсэг бодит байдалтай танилцахаар Толгойтыг зорив.
 

Улсын төсвөөс нэг ч төгрөг орж ирээгүй учраас компаниуд техникээ барьцаанд тавьжээ

 

Биднийг очих үед гүүрийн  ажил ид явагдаж байлаа. Гүүрний хажуу талд экскаваторын машин ажиллаж, ажилчид дор бүрнээ зогсоо зайгүй л хөдөлж байгаа харагдав. Энэ бол  “Тотел Имж” компани гүйцэтгэж байгаа  гүүр. Бид юун түрүүнд тус компанийн геодезийн инженер Д.Батболдтой уулзаж, ярилцсан юм.

Тэрбээр “Манай компани 36.75 метр урттай гүүрийн ажлыг гүйцэтгэж байна. Энэ сард суурин асфальт аваад нээнэ. Түүнээс биш хүлээлгэж өгөх хугацаа болоогүй. Одоогийн байдлаар асфальт авах дутуу байгаа. Улсаас хөрөнгө, санхүү огт орж ирээгүй байгаа. Бид өөрсдийнхөө хөрөнгөөр л ажиллаж байна. Энэ жил суурин асфальтыг аваад хөдөлгөөнийг нээнэ. Харин дараа жил өнгөн асфальтыг аваад бүрэн ашиглалтад оруулах юм. Тэгэхээр ажил 90 хувьтай явагдаж байна. Энэ сардаа багтаад гүүрний хөдөлгөөнийг нээнэ” гэв. Мөн тус компанитай гэрээ хийхдээ энэ жил санхүүжилтийнхээ 30 хувийг өгнө гэсэн ч одоо болтол өгөөгүй байгаа гэдгийг тэрбээр онцолсон.

Ингээд Манай сурвалжлах хэсэг Толгойтын эцэст явагдаж буй 48.75 метрийн урттай  төмөрбетонон гүүрийн барилгын ажлыг сонирхов. Уг гүүрний ажлыг ЗМЗ компани явуулж байгаа аж. Биднийг гүүрэн дээр ирэх үед мөн л барилгын ажил идэвхтэй явагдаж байсан бөгөөд тус компанийн захирал Д.Ганбаатар байж таарсан. Тэрбээр “Манай компани гүүрийн ажлыг туслан гүйцэтгэж байгаа.

Ажил 95 хувьтай байна. Аравдугаар сарын 17-нд гүүрний замын хөдөлгөөнийг нээнэ. Нийслэлээс ямар ч санхүүжилт өгөхгүй байна. Нэг ч төгрөг өгөөгүй. Тэрэг техникээ зуурмагийн үйлдвэр, арматурын газарт барьцаанд тавьчихсан. Тэгж материалаа авж, барилгын ажлыг зогсоочихгүй явж байна. Өөрийнхөө хөрөнгөөр л явж байна. Анх гэрээ хийхэд 23.5 хувийг өгнө гэж тохирсон. Гэвч хураагдсан. Одоо дахиад тавьсан гэсэн. Үнэн худлыг нь мэдэхгүй. Зам хучлага энэ жил явахгүй. 78 айл газар чөлөөлөлтөө хийгээгүй. Энэ ажлыг улс шийдэж өгнө шүү дээ.

Хөрөнгө мөнгө өгөхгүй бол айл хашаагаа татахгүй. Түүнийг чөлөөлөх арга байхгүй. Чөлөөлөх мөнгө нь ч нийслэлд, улсад алга” хэмээн бухимдсан. Бухимдах нь арга ч үгүй биз. Цаасан дээр гэрээ хийсэн ч амьдрал дээр биелэхгүй байхаар хэн ч уурлана. Ялангуяа ардаа хэдэн ажилчинтай, хэдэн айлын амьдралыг авч яваа хүн бухимдах нь зүйн хэрэг. Тус компанийн гүүрний ажил дуусч байгаа нь илэрхий. Гүүрний урд талаар ногоон тор татаж хүн явуулахыг хоригложээ. Цемент нь хатаагүй учраас ийн шийдвэрлэсэн гэнэ. Харин гүүрний зүүн талын явган хүний зам хатсан учраас хүмүүсийг чөлөөтэй нааш, цааш явуулж харагдав.

Орбитын уулзвараас  Толгойтын эцэс хүртэлх гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын бодит байдалтай танилцахад ийм байх аж. Биднийг очих үед гүүрний барилгын ажил тасралтгүй явагдаж байсан юм. Гүүрний хөдөлгөөнийг нээх хугацаа дөхсөн болохоор компаниуд ингэж эрчимтэй ажилласантай ч таарсан байж болох. Ямартай ч бодит амьдрал дээр ийм байна. Нийслэлийн авто замын газрын дарга Ж.Тогтохбаяр хөрөнгө санхүүгийн асуудал гацсан зүйл үгүй гэж бидэнд мэдээлсэн ч бодит байдал дээр компаниуд өөрсдийн хөрөнгөө барьцаанд тавин гүүрний барилгын ажлыг үргэлжлүүлж байлаа. Иргэдийн “Замын ажил явагдахгүй байна” гэдэг ч ор үндэсгүй зүйл байсангүй. Одоогийн байдлаар 3.6 км замын ажил хийгдээгүй гэнэ. Харин гүүрний ажил дуусч байгаа бөгөөд энэ сарын 17-нд хөдөлгөөнийг нь нээх аж.


Нэгхэн чиглэлийн автобустай тамаа цайж байна гэв


Манай сурвалжлах хэсэг компаниудын байр суурийг сонссоны дараа иргэдтэй уулзсан юм. Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойтын эцэс хүртэлх замыг анх 1978 онд, Толгойтын эцсээс Орбитын уулзвар хүртэлх замыг 1985 онд ашиглалтад оруусан түүхтэй. Эдүгээ Толгойтын оршин суугчид 38 жил уг замаар алхаж, ажил амьдралаа залгуулдаг аж. Хуучин муу замыг нь хуулж авснаас болж Толгойтын бага наран хэсэгт шороо тоос бужигнаж, тоосжилт үүсчээ. Замын хөдөлгөөнийг зохицуулах ч зүйл байхгүй. Хэн дуртай нь хүссэн газраараа зам хөндлөн гарч, хаанаас ч хамаагүй машин огцом гарч ирнэ. Сургуулийн багачууд эрүүл орчинд амьдарч, аюулгүй замаар хичээлдээ явж байна уу гэдэг эргэлзээтэй.

Мөн шинэ зам барихтай холбогдуулан Толгойтын автобусны чиглэлийг өөрчилсөн байна. Тухайлбал, өмнө Толгойтын автобус 21 дүгээр хорооллын замаар явдаг байсан бол Хилчин хотхоноор тойрч явдаг болжээ. Тиймээс бид Сутайн Буянт компанийн автобусны жолооч Д.Болдбаатар ярилцсан. Тэрбээр “Шинэ зам барина гээд автобусны явах замыг өөрчилсөн. Ийм замаар том оврын автобус явна гэдэг амаргүй. Хэцүү л дээ. Энхэл, донхол ихтэй, шороо тоос их босдог. Тойрч явдаг болсноос хойш хэдэн минутаар хоцрох асуудал гарах болсон. Бид өдөрт 6-7 удаа явах төлөвлөгөөтэй.

Яах вэ төлөвлөгөөндөө хүрч ажиллаж байгаа. Автобус чинь цаг минутаар явдаг. Тэгэхээр цагаасаа хоцрох асуудал гарах болсон” гэв. Мөн удаан хөлтэй замын ажил нийтийн тээврийн чиглэлд хүртэл нөлөөлж байна. Тиймээс энэ ажлаа хурдан дуусгах хэрэгтэй гэдгийг тэрбээр хэлсэн. Бид түүнтэй ийнхүү ярилцсаны дараа оршин суугчидтай уулзаж, тэдний байр суурийг сонссон юм.

Ч.Энхтөр: Энэ замыг ашиглалтад орохыг Толгойтынхон бүгд хүлээж байна

/Бага нарангийн III дугаар хорооны иргэн/

-Энэ замыг ашиглалтад орохыг Толгойтынхон бүгд хүлээж байна. Удахгүй ашиглалтад орно л гэдэг. Тэгээд л ордоггүй. Аль дээр л орно гэж байсан. Одоо ордог бол орох хугацаа нь болсон. Асуухаар л санхүүжилт байхгүй гэдэг. Мөн замыг чинь шинэчилнэ, сайхан болгоно гээд автобусны чиглэлийг өөрчилчихсөн. Бид одоо доошоо гүүр рүү алхаж автоусанд сууж байгаа. 1-2 км алхаж хөл залгах унаатай болдог. Энийн иргэд бид ямар машин такси барина гэх биш. Барьсан ч тоотой л барина шүү дээ. Байнга таксидах хэцүү. Хар л даа. Одоо ч хүмүүс алхаж л байна. Юу гэсэн үг вэ. Улс орон хөгжиж байна гэдэг.

Гэтэл хотын захын хорооллын оршин суугчид нь л 1-2 км алхаж нийтийн тээврийн үйлчилгээг авч байна. Ийм ялгавартай хандаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, хотоо ялагварлаж хөгжүүлээд байна, тэр гишүүд чинь.  Өдөр ч яах вэ явж болж л байна. Шөнө орой явахад хэцүү.  Тэгээд автобус нь хэдэн минутын дотор ирэхгүй. Хүлээлгэж, хүлээлгэж ирнэ. Бараг цаг орчим автобус хүлээж буудал дээр зогсож байна, бид.

Тэгэхээр төр засгийн хүмүүс сонсож байвал замын асуудлыг хурдан шийдэж өгөөч гэж хүсмээр байна. Энэ чинь дундаа ажил нь зогсоод их удсан. Яасан бэ гэхээр нам төр солигдоод санхүүжилт нь зогссон л гэсэн. Уг нь сонгууль эхлэхээс өмнө хамаг замыг ухаж хаячихаад долдугаар сард ажлаа эхэлсэн. Ядаж энэ хоёр гүүрээ ашиглалтад оруулчих хэрэгтэй. Тэгвэл бид гүүрээрээ шулуун яваад автобусандаа хурдан суучихна. Шийдэх асуудал олон байна.

Б.Даваахүү: Замын ажлаас болж автобусны чиглэл өөрчилсөн нь бидэнд их хүнд тусч байна

/Бага нарангийн III дугаар хорооны иргэн/

-Ингэсээр байтал өвөл боллоо. Өвөл барьсан зам ямар олигтой байв гэж. Ойлгомжтой. Ямар ч зохион байгуулалт байхгүй. Уг нь энгийнээр бодоход л гүүрээ нэг компани хийж байхад нөгөө компани нь хар замаа цутгалгүй хашлагаа тавиад явж болохоор байгаа юм. Гэтэл тийм зүйл байхгүй. Гүүр болгонд нэг компани оччихсон.

Тэгээд л санхүүжилт байхгүй гээд зогсоод л байна. Хэдэн ч жил зогсов. Сургуулийн хүүхдүүд явахад хэцүү. Гүүрний доод талын жалгаар дамжиж гарч ирдэг. Шөнө орой гэрэлтүүлэг байхгүй болохоор их хэцүү. Элдэв янзын дээрэм, хэрэг гарах өндөр магадлалтай. Ер нь гэмт хэрэг гарах нөхцөл нь бүрдсэн. 3.4 км замыг ашиглалтад оруулах гэж их удаж байна. Манай энэ орчмын зам шиг замтай газар байхгүй.

Их олон жил болж байгаа. Одоо энд автобус ч ирэхээ больсон. Удаж байж нэг ирдэг. Тэгээд л автобусны буудал дээр автобус хүлээсэн хүмүүс. Би бүр цаашаа алхаж Их нарангийн автобусанд суудаг болсон. Ялангуяа цайны цагаар алга болчихдог. Очихоор хуучин эцэс дээрээ бүгд зогсож байдаг. Энэ замыг тавина гэж л автобусны чиглэлийг өөрчилсөн. Үр дүнд нь иргэд л хохирлоо. Хэлсэн амандаа хүрээд замаа цаг тухайд нь барьчихдаг бол сайхан л байна. Энэ янзаараа автобусны чиглэл хуучин хэвэндээ орохгүй болов уу.

Н.Сувдмаа: Ядаж гүүрний ажлаа хурдан дуусгачих

/Бага нарангийн III дугаар хорооны IX дүгээр хэсгийн ахлагч/

-Манай хороо 2400 гаруй өрхтэй, 10 мянга гаруй хүн амтай. Энэ хэсэгт замын хөдөлгөөн маш их байдаг. Түүнээс болж тоосжилт ихээр үүссэн. Тэгээд л хүүхдүүд ханиад томуу хүрэх, харшилтай болох гэх мэтчилэн өвчлөл их нэмэгдсэн. Замын ажил явуулна гэсэн. Одоогоор гүүрний ажил явагдаж байна билээ.

Энэ сарын 10-нд гүүр нээгдэнэ гэсэн үнэн эсэхийг мэдэхгүй. Зам барилгын ажилтай холбоотой бэрхшээлтэй зүйл олон бий. Тухайлбал, Толгойтын автобус тун цөөхөн явж байна. Буудал дээрээ ирдэггүй. Ирсэн ч цаг цагийн зайтай ирж байна. Явахгүй байгаа. Энэ маш хэцүү шүү дээ. Манай хороонд сургууль, цэцэрлэгт явдаг хүүхдүүд, төвийн төвд ажилладаг иргэд, оюутнууд олон. Бүгд ажлаасаа, хичээлээсээ хоцордог.

Ялангуяа оюутнуудад хэцүү л дээ. Хичээлээ хоцордог. Хоцрохгүй байя гэхээр автобус нь явахгүй. Хоцроод очихоор багш нар хичээлдээ суулгахгүй, оноо хасах гэх мэтчилэн арга хэмжээ авдаг. Ер нь олон асуудал байгаа. Гүүрний ажлаа аль болох ажлаа хурдан хийх л хэрэгтэй. Замаа больё гэхэд гүүрээ дуусгачих. Тэгвэл бидний амьдралын цаг хугацаа нийтийн тээвэр хүлээж, ажлаа, хичээлээ алдахгүй болно.

А.Сувд: Нэгхэн чиглэлийн автобустай тамаа цайж байна

/Их нарангийн IV дүгээр хороо/

-Гүүрний ажил зургадугаар сард эхэлсэн. одоо болтол дуусаагүй. Замыг нь ярих ч хэрэг байхгүй. Бүр яриад нэмэргүй шүү. Толгойтынхон энэ замыг ашиглалтад ороосой гэж их хүсч байгаа. Төрийн эрх мэдэлтэй хүмүүс шийдэж өгнө л гэдэг. Өнөөдрийг хүртэл шийдсэн зүйл алга. Гүүрнийх нь ажил санхүүжилт байхгүй гэж хэсэг зогссон. Яриад байвал олон асуудал бий. Толгойтын зам 30 гаруй жил болж байгаа. Шүүрэн шанага шиг л байсан. Янзалж өгнө, сайхан болгоно гэсэн. Бид хүлээгээд л байгаа. Энэ талаар ярихаас ч уур хүрч байна. Нэг их том том юм ярьсан улсууд Land унаад давхиад л байдаг. Гэтэл бид нэг чиглэлийн автобусаа цаг орчим хүлээж, шахалдаж явж байна. Үүлээ үзэж, тамаа цайж байна шүү дээ, иргэд. Бодит байдлыг хэл гэвэл иймэрхүү. Тэгэхэд иргэддээ ганц зам бариад өгөхөд яах вэ дээ.

О.Эрдэнэ-Оюун: Гүүр ашиглалтад орчихвол тойрох шаардлагагүй болно

-Гүүрний ажил нь явагдаж байгаа. Харин хурдан дуусаасай гэж боддог. Энэ замыг барина гээд автобусны чиглэлийг өөрчилчихсөн юм. Тэрнээс болж өглөө хичээлд явахад хэцүү байдаг. Тойрч явдаг болохоор их цаг зарцуулдаг. Хичээлдээ очихын тулд бараг цаг гаран явж байна. Тэгэхээр их ядардаг. Ялангуяа орой эрт тарсан үед.

Заримдаа эрт хичээл тарсан үед ч гайгүй. Одоо өвөл болчихвол эрт харанхуй болно. Тэгвэл яана даа л гэж бодож байна. Хичээл орой тарвал явахад хэцүү шүү дээ. Замаас гадна нэг хэцүү асуудал манай хороонд бий. Гэрэлтүүлэг огт байдаггүй. Гэрэлгүй болохоор орой явахад хэцүү л дээ.

Уг нь 21 дүгээр хороололд буусан тохиолдолд Чингис СООСЭ сургуулийн урдаас 1000 төгрөгийн унаа явдаг. Тэр нь суугаад ирж болно. Гэхдээ үргэлж 1000 төгрөгийн машинд сууна гэдэг хэцүү. Би оюутан болохоор автобусны мөнгөнөөс гадна хоолны мөнгө, элдэв ном авах хэрэг ч гардаг. Гүүр ашиглалтад орчихвол болно.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Holop 2016-10-05 05:57:00
    Mongold hoorondoo honi chono shig hereldehees uur butej bgaa yum gants ch alga
    103.26.193.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-05 04:26:53
    МАН- бүтээн байгуулалт хийхгүй. Яагаад гэвэл, АН-ын ЗГ-ын өмнөх 4-н жил МАН Засаг барьж байсан. Налайхын замыг шинэчлэнэ гээд 4-н жил яриад л өнгөрсөн түүхтэй.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • ........ 2016-10-05 03:38:46
    замаа хусаад шороогоороо л ашиглаж байсан нь дээр. хурдан л шугамын автобусаа явуулж үз_
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-05 02:54:31
    Хийсэн ажлынх нь мөнгийг өгөхгүй, хэдэн муу аж ахуйн нэгжийнхээ тамыг цайлгаж байна шүү, ажлаа чанартай сайн хийлгэе гэвэл урьдчилгаа мөнгө өгдөг л байсан
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2016-10-05 02:29:08
    heden muusain kompaniudaa tor zasgiin heden luivarchid l dampuuruuldag shvv dee. mongiig n ogohgvi huvinaluugaa neheed
    43.242.243.25
    Мэдэгдсэн Хариулах