Анхлан суралцагчдаар дүүрэн М.Энхболдын ангийнхан

2016 оны сонгуулийн дүнд бүрэлдсэн энэ удаагийн парламентын албан ёсны “хичээл” өнөөдөр эхлэх гэж байна. Анхны намрын чуулган нь. Ээлжит бусаар хэд хоног хуралдсан болж, төсвийн тодотголыг баталсныг эс тооцвол тэд одоо л албан ёсоор хурал хуйгаа хийж, жинхэнэ ажилдаа орох гэж байна. Зөв бодлого гаргаж, эдийн засаг “элгээрээ мөлхсөн” энэ үед улс орноо өрнөөс салгаж, төсвийн алдагдлаа тэлэхгүй байх үүрэг ч тэдэнд л оногдоно. Хэрвээ дээдсүүд зөв бодлого гаргахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлахад ганцхан хуруу л үлдээд байна. Ийм хариуцлагатай цаг үед эхэлж байгаа намрын чуулганы өмнө “Монголын мэдээ” сонин парламентын гишүүдийн өнгийг шинжиж байгаа юм.


1-р бүлэг буюу мэргэшсэн парламентчид

 

Энэ удаагийн парламентын 76 гишүүн дунд мэргэшсэн гэж дүгнэж болохоор 23 хүн л байна. Юуны өмнө УИХ-д сонгогдсон тоогоор нь ингэж дүгнэж байгаа юм. Парламентад хоёроос дээш удаа сонгогдож, найм дахь удаагаа сууж байгаа хүн гэдэг жинхэнэ утгаараа мэргэшиж таараа биз дээ. Тухайлбал, УИХ-ын Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 1992 оноос хойш тасралтгүй сууж байгаа. Хоёулаа УИХ-ын дарга байсан.
 

Ц.Нямдорж гишүүний хувьд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн.  Тэр утгаараа хамгийн архаг, мэргэшсэн хуульчид. Ер нь энэ хоёр гишүүн  шиг хуулийн чиглэлээр мэргэшсэн, гүнзгийрсэн түшээ УИХ-д бараг байхгүй гэж магтъя. Харин УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд гээд ихэнх нь УИХ-д 4-5 удаа сонгогдсон гишүүд байна. Улс орныг удирдан залах, жолоог нь яаж атгах, хууль хэрхэн санаачлах, боловсруулах, салбар яамыг хэрхэн удирдах гээд бүхий л зүйлд мэргэшиж байгаа нөхдүүд.


Гэх мэтээр дурьдаад байвал Д.Эрдэнбат, С.Бямбацогт гээд чадалтай, чадвартай гишүүд энэ удаагийн  УИХ-д олон л байна. Бүх гишүүдийн бараг 30 хувь нь мэргэшсэн парламентчдын тоонд багтана. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэх мэт зарим нэг хүнийг хоёроос дээш жил УИХ-д сууж байгаа гэдэг утгаар нь энэ бүлэгт багтааж байгаа юм. Яг үнэндээ мань хүн энэ хугацаанд мэргэшиж чадсан уу гэдэг нь ч бас эргэлзээтэй.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд дуугүй суусан, суралцъя гэж бодож байгаагүй ч байж болох. Харин одоо бол Засгийн газрын хамгийн чухал салбарын сайд болсон учир хууль санаачлах, боловсруулах энэ тэр асуудалд нэлээд нухацтай, анхааралтай хандаж, ярьж хөөрч эхэлж байх шиг байна. Мэргэшсэн нөхдүүд дотор ганц хоёр иймэрхүү улстөрчид байгаагийн жишээ энэ. Хамгийн гол нь энэ хүмүүс одоогийн парламентад түүчээ болж, хүнд хэцүү үед улс орныг зөв удирдаж, хүндрэлээс гарах бүхий л арга замыг олох ёстой.

Тэгээд ч энэ бүлэгт багтаж байгаа гишүүдийн цөөнгүй хэд нь салбарын сайд хийж байгаа. Мөн УИХ-ын дарга ч давхиж яваа юм. Тиймээс гол ачааг үүрч, зөв бодлогыг гаргахад та хэд зөв оройлоосой гэж хүсье. Энэ удаагийн сонгуульд  МАН үнэмлэхүй олонхи болсон. Тэд 65 суудалтай. Тиймээс МАН-ын мэргэшсэн парламентчид одоо л жаахан сэтгэл гаргаад, улсаа шигдэж байгаа “шавар”-наас нь гаргах хэрэгтэй дээ. Хувийн жижигхэн амбийцаа хаявал зүгээрсэн.  
 

2-р бүлэг буюу хууччуул дундах шинүүд

 

Энэ удаагийн парламентад хоёр дахь удаагаа сонгогдож байгаа гишүүд 10 гаруй бий. Тэд бол парламентад найман удаа суусан, гурваас дээш удаа сонгогдож байгаа нөхдүүдийн дунд бол арай л шинэдээ орно. Ерөнхийдөө өнгөрсөн дөрвөн жил УИХ-д сууж, “мэргэжил” эзэмшээд, дээшлүүлээд гарсан гэсэн үг. Монгол төдийгүй дэлхий дахинд мэргэжил олгох дээд боловсролыг дөрвөн жилийн хугацаанд олгодог биз дээ.

Ингэж бодож үзвэл энэ бүлэгт хамаарч байгаа гишүүд одоо л мэргэжилтэн болж, төрд ажиллаж чадахаар болж байна аа л гэсэн үг. Дөрвөн жилд сурсан, мэдсэн, олж авсан бүхнээ одоо ашиглах цаг. Нэг үгээр хэлбэл, парламентын шинэ ажиллах хүчин. Ямар ч байгууллагад шинэ төгссөн оюутан ирээд, хэд хоногийн хугацаанд учраа олоод, дараа нь шижигнэсэн боловсон хүчин гэгддэг биз дээ. Түүнтэй адилхан л гэсэн үг. Тухайлбал, Ж.Эрдэнэбат гишүүн гэхэд хоёр дахь удаагаа сонгогдож, одоо Ерөнхий сайдын албан тушаалд суулаа.

Улс эх орны төлөө зүтгэх шижигнэсэн боловсон хүчин. Харин өнгөрсөн хугацаанд сурсан мэдсэн бүхнээ улс орныхоо сайн сайхны төлөө зөв бодлого гаргаж, ашиглаж чадах уу л гэдэгт байна. Уг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар замбараагүй төсвөө хэмнэлтийн горимд шилжүүлж, төрд байгаа нөхдүүдийн тансаглалыг танах шийдвэр гаргасан. Тэгсэн хэр нь хүүхэд эмэгтэйчүүд, хөгшчүүд хатуурхаж байгаад хэн хүнгүй гонсойсон. Зөв шийдвэр, зоримог ажлыг шижигнэсэн боловсон хүчнүүд л хэрэгжүүлдэг. Харамсалтай нь архагууддаа даруулчих шиг боллоо.

Мөн өнгөрсөн дөрвөн жилд элдэв асуудалд хутгалдахаас өөр ажил бараг хийгээгүй Н.Номтойбаяр гишүүн энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болж, салбарын “боловсрол”-ыг эзэмшихээр суралцаж байна. Гэхдээ дөрвөн жил УИХ-д сууж, боловсорсон хүн арай л өөр ажиллах байх гэж найдаж сууна.

Мөн Д.Сумъяабазар, О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Д.Сарангэрэл гэх мэт МАН-ын гишүүдийг өнгөрсөн хугацаанд сурсан мэдсэн, олж авсан мэдлэгээ архагуудын санаа бодолтой нийлүүлж, Монгол Улсаа өөд нь татахад хамгийн гол оролцогч нь байгаасай гэж хүсч байна. Одоо энэ хүмүүст суралцаж суух биш улсаа өөд нь таталцаж ажиллах л хугацаа ирчихлээ. Я.Содбаатар гишүүн бол хоёр дахь удаагаа сонгогдсон.
 

Өмнө нь дэд сайдаар хүртэл ажиллаж явсан хүн. Харин Д.Сарангэрэл гишүүн сэтгүүлчийн хувьд салбарынхаа төлөө дуугарч байсан, одоо энэ дөрвөн жилд дрвитой шидйвэр гаргуулж чадах буй за. За тэр О.Баасанхүү, Б.Наранхүү, Ж.Батзандан гэх мэт сөрөг хүчний гишүүд яах вэ. Ганц нэг хууль санаачлаад, батлуулж чадвал их юм. Ихэнхдээ ярих л боломж олдох байх. Өөрөөр ч яах билээ.
 

3-р бүлэг буюу бэлтгэгдсэн улстөрчид

 

Энэ удаагийн сонгуулиар маш олон хүн анх удаа УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ тэр дунд өмнө нь төрийн албанд хангалттай олон жил ажилласан, яам тамгын газарт алба хашиж байсан хүн цөөнгүй бий. Ерөнхийдөө бэлтгэгдчихсэн улстөрчид гэсэн үг л дээ. МАН-ын генсек Ж.Мөнхбатыг арай ч анхлан суралцагч гэхэд хэцүү. Нэг том намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан, улс төрд цөөнгүй хэдэн жил “чанагдсан” учраас энэ бүлэгт багтаж болохоор.

С.Чинзориг гишүүний хувьд энэ дундаасаа хамгийн туршлагатай, мэдлэг чадвартай, боловсорсон улстөрч, мэргэшсэн төрийн албан хаагч. Хэдийгээр УИХ-д анх удаа сонгогдож байгаа хэдий ч зарим нэг 3-4 сонгогдож, парламентад сууж байгаа хүнээс ч илүү гэж хэлж болохоор. Тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн. Энэ салбарын бүхий л хууль тогтоомж түүнтэй салшгүй холбоотой.

Өнгөрсөн дөрвөн жилд тур зуур ч гэсэн Хөдөлмөрийн сайд хийхдээ салбартаа хэрэгтэй чухал хуулиудыг гаргаж чадсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар найман жил ажиллахдаа энэ салбарын гол хуулиудыг боловсруулалцаж, батлуулсан гэж болно. Б.Саранчимэг гишүүн НИТХ-ын төлөөлөгч байсан. УИХ-ын Тамгын газар гээд төрийн албанд цөөнгүй жил ажилласан.

Ерөнхийдөө бодлого боловсруулах, хууль санаачлах энэ тэр гээд бүхий л асуудлыг сайн мэднэ.  Ийм л туршлагатай улстөрч. Гэх мэтээр сайтар бэлтгэгдсэн, дэд сайд, сайд байсан улстөрчид цөөн хэд байна. Энэ хүмүүс ирэх дөрвөн жилд парламентын гол цөмийн нэг байж, улс оронд хэрэгтэй хууль тогтоомж, зөв бодлогыг гаргаж ажиллах болов уу. Тийм ч хэрэгцээ шаардлага байна.
 

4-р бүлэг буюу “Бор халзан хонинууд”

 

2016 оны сонгуулиар МАН-аас өрсөлдсөн “бор халзан төлөг”-ийг ч ард түмний 40 гаруй хувь нь сонгосон. Тэгвэл энэ удаагийн парламентад юугаа ч мэдэхгүй, “цэл ногоон”, нөгөө ард түмний яриад, хэвлэлийнхний тодорхойлоод байгаа “бор халзангууд” бараг л 45 орчим хувийг нь эзэлж байна. Яах вэ, өмнө нь төрийн албанд ганц нэг алба хашиж байсан нөхдүүд бий л дээ.

Гэхдээ л ихэнх нь хувийн бизнесээ хийгээд явж байсан хүмүүс. Ийм л гишүүд парламентын бараг тал хувийг шахам бүрдүүлж байгаа нь нэг талаараа тун харамсалтай байгаа юм. Улс орон өнөөдөр ямар хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн хэдхэн жилд манай эдийн засаг дэлхийд тэргүүлэхээр өсөлттэй гарч байсан. Тэгвэл өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийд унаж, Хятадын эдийн засаг жаахан бууралттай болохоор “элгээрээ хэвтчихээд” байна.

Яг одоогоор нөхцөл байдал маш хүнд байгаа. Зөв л бодлого баримталж, эдийн засгаа хурдан хугацаанд аварч авахгүй бол дампуурах орны тоонд багтчихаад байгаа. Ирэх он гаргаад бид зээлээ төлж эхэлнэ. Гэтэл төсвийн алдагдал нь хэчнээн төгрөгт хүрээд байгаа билээ. Ийм эгзэгтэй үед Засгийн газар төсвөө ч хэмнэж чадахгүй байна. Гэтэл УИХ-ын гишүүдийн бараг тал нь энэ мэтийг ойлгохгүй шахам, бусдын яриаг сонсоод, намынхаа нөхдүүдийг дагаж товчлуур дарсан байдалтай байхаар яана аа. Хэн дарга нарынхаа зөв, бурууг шүүж, хэлж, сануулж байх вэ. Энэ ч эмгэнэлтэй хэрэг шүү.

Нэг жишээ хэлье, саяхны. Төрийн албан хаагч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай дүйцэхүйц тэтгэмж авна гэсэн заалтыг энэ мэтийн кнопчингуудын хар гайгаар цуцалчихаад байгаа шүү дээ. Одоо “бор халзан хонинууд” тойрогтоо очиж, сонгогчидтойгоо уулзмар аядахдаа юу гэж хэлж хуйхаа маажих гэж байгаа бол доо, зайлуул. Мэдээж энэ бүлэгт багтсан 30 гаруй хүн дөрвөн жил суралцана.

Өмнөх парламентад оймсонд хавчуулагдаж орж ирээд, сайд, байнгын хорооны дарга болж байсан нэг хүүхэн “Би өнгөрсөн дөрвөн жилд маш их зүйлийг сурч авлаа. Бараг нэг дээд сургууль төгссөнтэй адил” гэх маягийн юм яриад байсан даа. Тэд дөрвөн жилийн дараа ийм л юм яриад сууж байх нөхдүүд шүү дээ. За тэгээд “бор халзангууд”-д энэ дөрвөн жилд хичээлээ сайн судалж, хурлаа битгий таслаарай л гэж хүсье дээ. Уг нь аль болох хурдан суралцаад, ядаж хоёр жилийн дараа хуулийн төслийн аль нь иргэдэд хэрэгтэй вэ гэдгийг ялгаж салгаад, дарга нартаа ганц нэг юм хэлчихдэг болбол сайнсан.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бор халзан хонь 2016-10-05 03:30:42
    Бор халзангууд ард түмнийхөө, улс орныхоо эрх ашигт нийцсэн зүйл хэзээ ч хийхгүй нь тодорхой, сонгуульд зарцуулсан мөнгөө яаж хэд нугалж хулгайлхаа л бодно
  • иргэн 2016-10-04 01:21:38
    Боломжийн нийтлэл байна. МАН залуусаа олноор нь гаргаж ирээдүйгээ бэлтгэж байгаа нь сайн. Тэртэй тэргүй мэддэг чаддагууд нь энэ 4 жил оройлоод нөхдүүдийг чирнэ
  • Зочин 2016-10-03 09:19:14
    УИХ-ын гишүүд хэн байхыг Пунцагболд биш сонгогчид мэддэг болой
  • ИРГЭН 2016-10-03 07:11:24
    ХУУЧИН КОММУНИСТ ДЭГЛЭМИЙН ХУРАЛ ДҮРЭЭРЭЭ МӨН ДӨӨ. УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ШИГ ЯРС ХИЙН ГАРАА ӨРГӨЖ БАТАЛДАГ ТОЛГОЙГҮЙ АЛБАТУУД
  • иргэн 2016-10-03 06:34:06
    шинэ гишүүдийг бор халзан гэж цоллоод байгаа энэ Н.Пунцагболд ч өөрөө бор халзангийн нэг юм....
  • Нэг их ганган хумуус 2016-10-03 06:07:16
    Нэг их ганган луйварчид
  • grmed 2016-10-03 04:54:29
    Man in bor halzanguud yy hiih be dee namin gar hol bolj konop darah l uurag guishefgene biz yanadaa