Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

60 орны мисс Монголд ирэв
 
Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн  тэмцээн  Улаанбаатар есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 9-ний өдрүүдэд болно. Монгол Улсад 22 ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд буй мазаалай баавгайг хамгаалах хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготой 5 дахь удаагийн тэмцээнийг байгаль орчин, аялал жуучлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.

 
Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх үндэсний ялагчаар Э.Урангоо шалгарсан болохыг  "Mongolian Beauty Association"-аас танилцуулаад байгаа. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт миссүүд ирж, тэмцээний шалгаруулалтдаа орж эхлээд байна. 
Хэвлэл мэдээллийн ёсзүйн өдрүүд тохиов
 
Дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүдийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл /МХМЗ/ орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд "Хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд урилгаар МХМЗ-ийн радио телевизийн ёсзүйн хорооны гишүүн н.Чимэддондог, МХМЗ-ийн УЗ-ийн дэд дарга У.Тамир нар хүрэлцэн ирж сургалт хийсэн юм. 


Сургалтанд 16 сайтын 21 сэтгүүлчид оролцлоо. Сургалтаар сэтгүүлчдийн түгээмэл гаргадаг ёс зүйн алдаа, сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах, Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны дунд мөрдөгдөж байгаа ёс зүйн зарчмуудыг таниулах гол чиглэлтэй байсан юм.
 
УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томиллоо
 
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хороо ОХУ-ын Москва хотноо хуралдлаа.Энэхүү хурлаар УБТЗ-ын даргаар оросууд өөрсдийн хүнээ тавихаар хүч тавьж байсан гэх мэдээлэл байсан юм. Ингээд эцсийн мөчид УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томилжээ. Түүний хувьд өмнө нь УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан, туршлагатай нэгэн юм.
 

Оросын талаас хэрэв энэ удаад дахин монгол хүн томилох бол заавал мэргэжлийн, энэ салбарын мөн улс төрийн бус томилгоо байх ёстойг анхааруулж байжээ.Тиймээс ч УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга буюу тус салбарын хүн болох Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар сонгох тал дээр хоёр тал санал нэгдсэн байна. 

Боловсролын зээлийн сан байгуулна
 
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцлээ.
Уг санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох юм. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд ямар журмаар хэрхэн буцаан төлөх зэргийг энэ журмаар зохицуулах юм.


Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохыг Оюутны хөгжлийн  зээлийн журмаар зохицуулахаар төсөлд тусгажээ.

Ахмадын баярын өдөр тохиов
 
Энэ долоо хоногийн бямба гарагт ахмадын баярын өдөр тохиолоо. Энэ өдөр улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, урамшуулах, хүндэтгэлийн арга хэмжээ зэрэг олон үйл ажиллагаа зохион байгууллагддаг билээ.

Анх ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.