Ц.Лхагважав: Ихэвчлэн, дархлаа сул, суурь өвчтэй хүүхдүүдийн ханиад хүндэрч байна
Сүүлийн үед  ханиад томуугийн гаралт ихэсч байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал  эрс нэмэгджээ. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн  хувьд  хоногт 180-200 хүүхэд хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа аж. Ийнхүү тус эмнэлгийг зорьж ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь  суулгалттай мөн өндөр халуунтай байгааг тус эмнэлгийн эмч Ц.Лхагважав хэллээ. Түүнтэй ханиад томуугаас хэрхэн сэргийлэх болоод, хүүхдийн өвчлөлийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн үед  вирусын гаралтай ханиад томууны  гаралт ихэслээ. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Уншигчдадаа өдрийн мэнд хүргье. Ерөнхийдөө манай эмнэлгийн хувьд ачаалал эрс нэмэгдсэн.  Жил бүрийн намар эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өвөлдөө ачааллын ид үе эхэлдэг л дээ. Үүний адилаар л хичээл сургууль эхэлснээс хойш эмнэлгийн ачаалал нэмэгдээд байна. Манай эмнэлэг 130 ортойгоос өнөөдрийн байдлаар 118 хүүхэд хэвтэн эмчлүүлж  байгаа. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар хүлээн авахад хандаж байгаа хүүхдийн тоо хоногт 180-200 байгаа нь харьцангуй өндөр тоо. Эдгээр үйлчилгээ авч  байгаа хүүхдүүдээсээ манай эмч нар эрэмбэлэн ангилалт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай авах шаардлагатай  хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилдэг. Харин бусад хүүхдүүдэд эмчилгээ, зөвлөгөө бичиж өгөөд явуулдаг байгаа.

-Эмчилгээ бичиж өгөөд, зөвлөгөө өгөөд явуулдаг гэлээ. Ингэж явуулсан хүүхдүүдийг мэдээж хэрэг өрхийн эмнэлэг хянах шаардлагатай байх. Гэвч эцэг эхчүүд эмч эмчилгээ бичиж өгсөн ч хүүхэд маань эдгэрэхгүй байна гээд улам дордуулчихаад дахин эмнэлэгт ирэх хандалагатай байдаг. Ер нь ингэж эмчилгээ зөвлөгөө аваад буцсан үйлчлүүлэгчдийн хэдэн хувь нь  буцаж ирдэг вэ?

-Яг хэдэн хувь нь эргэж ирж байгааг одоо хэлэх боломжгүй байна. Манай эмч нарын хувьд үзүүлэхээр ирсэн хүүхэд бүрийг нэг бүрчлэн үзэж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгдөг. Ингээд буцаасан хүүхдүүд  эмчилгээгээ хийчихээд хоёр хоногийн дараа өрхийн эмнэлэгтээ заавал үзүүлэх шаардлагатай байдаг. Улмаар  шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт хэвтэх бичиг хүртэл хийж өгдөг.

-Ер нь эцэг эхчүүд өрхийн эмнэлэгтээ эхэлж хандаад, дараа нь дүүргийн эмнэлэг рүү гээ хандах хэрэгтэй байх тийм үү?

-Уг нь бол тийм. Гэхдээ ажлын цаг зав зэргээс болоод өдөр үзүүлж чадаагүй хүмүүс оройн цагаар, амралтын өдрөөр хүүхдүүдээ аваад ихээр ирж, ачаалал нэмдэг. Манайхны дунд  өрхийн эмнэлгээс илүү дүүрэг рүү гээ очсон нь дээр гэж үзэх  үзэл давамгайлаад байна. Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлэгт итгэх иргэдийн итгэл тааруу байна гэж харж байна. Гэтэл яг л адилхан үзлэг хийж, эмчилгээ, зөвлөгөө өгдөг эмнэлэг шүү дээ. Шаардлагатай бол хэвтэх бичиг хийж өгөөд манайх руу явуулдаг.

-Мэргэжлийн хүний хувьд ажиглаж байхад яг ямар хүүхдүүдийн ханиад улам хүндэрч, эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүрч байна вэ? 

-Мэдээж хэрэг дархлаа султай, мөн хавсарсан суурь өвчтэй хүүхдүүдийн ханиад  хүндрэх хандлагатай байдаг. Мөн эцэг эхчүүдийн асаргаа муу байвал хүүхдийн өвчин улам даамжирдаг. Цус багадалттай, рахиттай гэх мэт.

-Сүүлийн үед рахиттай хүүхдүүд ихээр төрж байна.  Энэ нь эргээд хүүхдүүдийг өвчлөмтгий болгож байх шиг байна?

-Шинээр төрж байгаа хүүхэд бүр рахиттай гэвэл өрөөсгөл ойлголт болно л доо.  Төрөхдөө рахиттай  байна гэж байдаггүй. Манайхан өөрсдөө асаргаа буруу хийдэг, дур мэдэн эмчилгээ хийдгээс хүүхдүүд төрснийхөө дараа рахиттай болж байна. Тухайлбал  төрсний дараа 14  хоногийн дотор  Д витамин өгөх ёстой байдаг. Гэтэл сүүлийн үед зуны гурван сар хүүхдэд Д витамин өгөх шаардлагагүй, нарнаас нөхөөд авдаг гэх зөвлөгөөг бие биедээ өгч, түүнийгээ хэрэгжүүлж байна.  Хүүхэд хэрэв нарнаас Д витамин нөхөх гэж байгаа бол нарны хэт ягаан туяаг арьсан дээрээ хүлээж авах ёстой байдаг. Гэтэл манайхан хувцастай нь хэвтүүлдэг талтай. Үүнээс үүдээд өөрт хэрэгтэй Д витаминаа авч чадахгүй байдалд хүрдэг. Энэ мэт буруу, зөрүү ойлголтоосоо болоод хүүхдээ рахиттай болгож байгаа юм.

-Жил бүр намрын сэрүүн орохоор ханиад томууны гаралт ихсэж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг. Энэ жилийн тухайд ч мөн ялгаагүй байдал давтагдаж байна. Харин  жил бүр ханиадны шинж тэмдэг, зовуурь өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд шинж тэмдэг зовуур нь ямар байна. Ямар  эмчилгээ сувилгаа хийх шаардлагатай вэ?

-Энэ жил эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ханиалгахаас гадна суулгалттай,  бөөлжиж, өндөр халуурах зовиуртай ирж байна. Ингээд ханид томуугийн вирусын гарал үүслийг ХӨСҮТ-д судалж үзээд,  тохирох эмчилгээ, сувилгааг орон даяар тараадаг байгаа. Энэ жилийн тухайд рино вирус, отто вирусээс гаралтай ханиад зонхилж байна гэж үзэж, эмчилгээ сувилгааны зааврыг ирүүлсэн байгаа.

-Энэ ханиадны үед ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?  Мөн хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэхийн тулд шингэн сайн уулгах, гэртээ дулаан байлгах,  байнга усанд оруулж чийрэгжүүлэх, гарыг нь байнга угаалгаж байх, мөн  бага насны хүүхдийг аль болох  олон хөлийн газраар авч явахгүй байх шаардлагатай.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tsetgee 2016-11-08 13:14:34
    urhiin emch nar yumar ch medleggvi hugshin esbel shine tugsultiin joroo ch bichij medehgvi h haritsaa muu hvmvvs baih yum urhiin emch l hamgiin sain emch baimaa...