Монгол улс анх удаа багийн спортын төрөлд өндөр амжилт гаргаад байна
Монгол Улс спортын түүхэндээ багийн спортын төрөлд өндөр амжилт гаргасан тухай тэмдэглэж байсангүй. Тэгвэл Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Монголчууд багийн спортын төрөлд илүүрхэж чадахыг нотолж, эх орныхоо нэрийг Ази тивд цуурайтуулаад байна. Тэд Азийн Оюутны эрэгтэй сагсан бөмбөгийн аварга шалгаруулах VI удаагийн тэмцээний ялалтын цомыг өргөж, элэг нэгтнүүдээ баярлуулсан  юм. Ингээд уншигч та бүхэндээ Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч, Голомт банкны ажилтан, Мон-Алтиус Дээд Сургуулийн оюутан, спортын мастер Б.Дархантөгстэй хийсэн ярилцлагыг хүргэе.
 
Юуны өмнө Монгол Улсынхаа нэрийг Ази тивд цуурайтуулсан хүчирхэг багийн ахлагч танд талархал илэрхийлье. Азийн Оюутны эрэгтэй сагсан бөмбөгийн аварга шалгаруулах VI удаагийн тэмцээн хир хүчтэй өрсөлдөөн дунд явагдав?
 
Баярлалаа. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг-Конг, Макао, Казахстан зэрэг улсын ази тивийн оюутны шигшээ багуудтай өрсөлдлөө. Хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Монголын багууд шалгарсан. Финалийн тоглолтод манай баг Тайваний багийг 92-79-өөр хожиж ази тивийн аварга болсондоо баяртай байна. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ, Хонг- Конгийг 92:82-оор хожсон байгаа. 
Тэмцээн маань маш хүчтэй багуудын өрсөлдөөн дунд өрнөсөн. Хятадын баг гэхэд л бүх хятадын аварга болсон баг. Хонг-Конг, Тайвань, Макаогийн багууд бол улсынхаа шигшээ баг юм.  Ийм учраас ур чадвар өндөртэй, асар их туршлагатай багууд бидний өрсөлдөгч байлаа.
 
Азийн Оюутны эрэгтэй сагсан бөмбөгийн аварга шалгаруулах VI удаагийн тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдсан учраас монголчууд та бүхнийг аварга болоосой хэмээн хүсэж байсан. Та нар ч энэ итгэлийг алдаагүй. Гэхдээ энэ их хүлээлт тамирчдад маань хэрхэн нөлөөлдөг юм бол оо?

Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулна гэдэг тухайн улсын хувьд нэр төрийн хэрэг байдаг. Энэ удаагийн тэмцээнийг манай улс өндөр зохион байгуулттай хийж чадсан гэж би бодож байна. Тэр дундаа манай хамт олон болох Голомт банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж тэмцээнийг ивээн тэтгэсэн нь Монгол Улс анх удаа багийн спортын төрөлд өндөр амжилт гаргахад нөлөөлсөн болов уу гэж  билэгшээж байгаа.

Тамирчдын маань хувьд өөрийнхөө талбайд заавал ялалт байгуулна гэсэн итгэлтэй байсан ч бас энэ хирээр их айдастай байлаа. Хожигдчихвол яана гэсэн айдас нь эргээд багийн тоглолтод муугаар нөлөөлдөг. Ялангуяа хагас шигшээд Тайваний багт хожигдчихоод байхдаа сэтгэлээр их унасан. Энэ үед манай багийн сэтгэл зүйч эмч н.Золзаяа үнэхээр сайн ажилласан. Элдэв дарамтаас бодлоо чөлөөлж, өөрийгөө дайчилж тоглоход их тусалсан. Манай багийн бас нэгэн гол давуу тал нь эсрэг багийнхаа сул тал болон тоглолтын онцлогт тохирсон маш сайн тактиктай байсан даа.

Финалийн тоглолт дуусаад шүглийн дуу тасхийхэд л надад уйлах гээд ч байгаа юм шиг инээх гээд ч байгаа юм шиг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрж бүр яаж баярлахаа ч мэдэхгүй болсон байсан. /инээв/
 
Хөгжөөн дэмжигч үзэгчид ч бас яг тийм байсан. Буянт-Ухаа спортын ордон тэр чигтээ нүргэлж байсан шүү. Манай тамирчид ер нь бусад орны тамирчдаас юугаараа илүүрхэж, юугаараа дутдаг вэ?
 
 Монгол тамирчдын маань хувьд бие бялдрын хөгжил сайтай, бяртай, стэгэл зүйн хаттай байдаг. Үүгээрээ Азиуд дундаа илүүрхдэг. Мөн хурд хүч, тэсвэр хатуужилтай. Нэг ёсондоо тамирчны ур чадварын хувьд илүү юу гэхээс дутахгүй. Харин бидний сул тал гэвэл санхүүгийн боломж, хангамж муу байгааг л хэлнэ дээ. Бусад орны тамирчид сагсаа л тоглодог бол бид чинь хичээлдээ ч явна, ажлаа ч хийнэ. Завсраар нь бэлтгэлээ хийдэг нь бэрхшээлтэй байдаг.
 
Б.Дархантөгс гэдэг хувь хүнийхээ хувьд танилцуулаач. Хэзээнээс сагс тоглож эхлэв? Ярилцлага эхлэхийн өмнө та гэр бүл хамт олондоо их баярлаж явдаг гэж байсан. Ойр дотныхон тань таныг хир дэмждэг вэ?
 
Аав маань бокс, ээж маань волейбол тоглодог байсан учраасби спортын гэр бүлд өссөн гэж хэлж болно. Сагсан бөмбөгөөр хичээллээгүй байсан ч аль нэг спортын хүн болох байсан. Сагсан бөмбөг нь багийн спорт учраас багаар ажиллах чадвартай, бие бялдрын зөв хөгжилтэй, олон найз нөхөдтэй болдог сайхан спорт. Би багаасаа сагсан бөмбөг тоглож байгаад 2005 оноос TLG-13 багт хичээллэж эхэлснээс хойш 10 жил өнгөрчээ.
Голомт банкны хувьд спортод элэгтэй банк, хамт олон гэж би хэлнэ.Ажилчид нь сайн дураараа үүсгэн байгуулсан Спорт хамтлагтай. Төрөл бүрийн тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагддаг. Хамт олны явган аялал нь л гэхэд энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдсан гээд бахархах зүйл олон бий.

Бусад банкны ажилчид нэг нэгнийгээ бараг таньдаггүй гэж би дуулж байсан юм байна. Харин Голомт банкныхан хоорондоо их дотно байдаг. Энэ нь ч надад их таалагддаг. Хамт олондоо намайг үргэлж дэмжиж байдагт баярлалаа гэж хэлье.
 
Танд баярлалаа. Спортын өндөр амжилтыг хүсье.
Бусдад түгээх
  • gplus