Ипотекийн зээлийн ам метрийн хэмжээг 100 болгож нэмлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан  есдүгээр сарын 28-ны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
 

2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татвар нэмэхгүй

 

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татварын хувь хэмжээг  нэмэхгүй байхаар төсөлд тусгажээ.
 

Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой  төслийг УИХ-д өргөн барина
 

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.

Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна.

Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ.

Манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид юм байна. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ. 
 

Ипотекийн зээлд хамрагдах байранд талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмлээ

 

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг  өөрчилж дээд хязгаарыг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов.

Түүнчлэн 100 ам.метр кв-аас илүү талбайтай орон сууцыг  ипотекийн зээлд хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдах юм.

Жишээлбэл 140 ам.метр кв бүхий орон сууц худалдаж авах бол 100 ам.метр кв талбайн төлбөрөө  ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам.метр кв талбайн төлбөрөө бүрэн төлнө. Тогтоолд оруулсан энэхүү  өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.
 

Боловсролын зээлийн сан байгуулна
 

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцлээ.

Уг санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох юм. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд ямар журмаар хэрхэн буцаан төлөх зэргийг энэ журмаар зохицуулах юм.

Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохыг Оюутны хөгжлийн  зээлийн журмаар зохицуулахаар төсөлд тусгажээ.
 

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг уриаллаа

 

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Засгийн газраас ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдэд уриаллаа.

Уриалгад : “Улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө цагт Та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн сонголт хийх нь хүндрэлээс гарч, өсөлтийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болно.

Үндэсний үйлдвэрлэгчид олон жилийн турш хүчин чармайлт гарган ажиллаж, техник, технологио шинэчлэн сайжруулсны дүнд импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, чанар нь дээшлэн, дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар, нөөц, боломж бүрдлээ.

Иймд өрх гэрийн болон байгууллагынхаа хэрэгцээнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг сонгохдоо Монголдоо үйлдвэрлэснийг худалдан авч, хэрэглэн улс орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэжээ.

Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нар өглөө.

-  Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судлан, санал боловсруулж танилцуулах

-   Стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжихийг судалж шийдвэрлэх

-  Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтад харгалзан үзэх хөнгөлөлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжид  нэмэлт, өөрчлөлт замаар тусгахыг судалж, санал боловсруулан танилцуулах

-  Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийсэн байгууллагыг урамшуулах, худалдан авахыг дэмжсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх зэргийг үүрэг болголоо.

Товч мэдээ

-  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхээр тогтов. 18 жилийн хугацаатай, жилийн 0,0 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй 40 сая еврогийн зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

-  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр барих” төслийн нэгж байгуулахаар боллоо.

-  Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд, зохих журмын дагуу хянаж батлахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongolian people 2016-09-29 04:14:44
    Ардчилсан намын тэнэгүүдийн хийж чадаагүйг МАН хийж чадлаа . МАН мандтугай!
  • zochin 2016-09-29 03:56:28
    100 ch bnuu 80 ch bnuu naad zeelee hurdan yavuulaaacheee.
  • зээлтэй иргэн 2016-09-29 03:00:12
    8%-аа ядаж 6% болгосон бол 80аас доош мкв байртай хүмүүс баярлах байхдаа. Юмны знэ өсөөд, хүмүүс улам л мөнгөгүй болоод байна шүү дээ
  • зочин 2016-09-29 01:05:29
    Юу болнов гэсэн чинь нээрэн сонгууль ойртчихсон юм байна, сонгуулийн маргааш яг эсрэг шийдвэрүүд гарна даа харж л байгаарай
  • anu 2016-09-28 21:08:56
    Sain b.a
  • зээлдэгч 2016-09-28 15:58:41
    МАНамдаа баярлалаа. Ард түмэн та нарт баярлаж байгаа шүү . Амжилт хүсье!
    • зочин 2016-09-29 04:26:35
      Чи баярлаад яахавээ гэж Зээлж 100м2 авч дийлж байгаа юу аан
      • олон 2016-09-29 05:06:57
        энэ ардчилсан намын нөхөр атаархаад боож үхэхнээ
  • Сараа 2016-09-28 15:50:45
    Ман болиосой хямарчихаад бна гэсэн 100 болгож баячууд болон өөрсдийнхөө эрх ашгийн төлөө юу бол юуг батлах ум аа өөрсдийн барьсан том байраа зарах гэж ар түмнээ...
  • Зочин  2016-09-28 15:26:19
    Улс маань хямраагүй юм байна. Сайдууд бүгд 5саяын МАСBOOKтэй үнэтэй засвар хийчихсэн л байна шдээ. Зүгээр л урьдын Засгыг муулж мөнгө идэх хаягаа л мансан юм бн...
  • S.Danzan 2016-09-28 15:14:39
    Bugdeeree bayajihtun.
  • буруу 2016-09-28 14:04:49
    олонх нь бага кв байранд бдг 8 хувийн зээлээ огч чадахгуй бж юун 100мкв вэ баячуудаа зоиулсан оорчлолт бна.
  • e 2016-09-28 13:34:44
    zooz mongtei baychuulaa demjij bas tansag suuts barigsdiig demjsen um bn ahv lobby gedg n heregjij bn tg engiin arduud 40, 50 mkv bair avah hets bolj dee