Хүүхдээрээ ээж болсон нь охидын буруу биш, харин...

Өсвөр насныхны жирэмслэлт гэдэг асуудал ганцхан манай улсад төдийгүй олон улсын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, өсвөр  үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй охидын жирэмслэлт болчихлоо. Мэдээж өсвөр насандаа төрөх нь охидод төдийгүй тэдний гэр бүлийнхэнд тийм ч таатай  биш байдаг. Ялангуяа сурч боловсрох, ирээдүйд сайхан амьдрах боломжоо алдаж, цаашид ажилгүйдэл,  ядууралд өртөх эрсдэлтэй. Тиймээс өсвөр насны охидын  жирэмслэлт, төрөлтийн төвшин,  хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт зэргийг бууруулах гарц, шийдлийг хайж “Монголын мэдээ” сонин энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
 

“9-10 дугаар ангийн сурагчид аль хэдийн  бэлгийн харьцаанд орсон байна”
 

Өнгөц харахад өсвөр насныхны жирэмслэлт гэдэг асуудал хэн нэгэн охинд тулгарч буй хувийн асуудал мэт харагдаж болох юм. Гэхдээ хачир дээрээ ганцхан охины асуудал биш. Энэ нь нийгмийн олон салбараас хамаарч байна. Тухайлбал, Япон улсын Засгийн газар Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж эхлээд байгаа Өсвөр үеийнхний эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төслийн хүрээнд охидын жирэслэлтийн  асуудлыг судалж үзсэн байна.

Энэхүү судалгаагаар өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол гэр хороололд илүү олон байсан аж. Түүнчлэн 7-8 дугаар ангийн сурагчид дотор бэлгийн харьцаанд орсон тохиолдол цөөн байсан байна. Харин 9-10 дугаар ангийн сурагчдаас бэлгийн харьцаанд орсон тохиолдол олон байсан гэнэ.

Энэ нь сургууль дээрээ болон гэр бүлийн орчинд нөхөн үржихүйн мэдээлэл авах боломж дутмаг байгаагаас болж байна гэдгийг тогтоосон байна. Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа “Энэхүү бодит байдлын судалгааны үр дүнд үндэслэн хэд хэдэн дүгнэлтийг хийсэн байгаа. Өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар нухацтай, зөв мэдлэг мэдээлэл өгөхийн тулд тэдний үе тэнгийнхнээр дамжуулан боловсрол олгох зайлшгүй шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарч ирсэн.

Түүнчлэн төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй “Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагаа”-г зохион байгуулахын  тулд дүүрэг, хороо, яамдынхаа төвшинд эрүүл мэндийн ажилтнууд болоод багш сурган хүмүүжүүлэгчид болон гэр бүлтэй нь хамтарсан ажил зохион байгуулах шаардлага байна гэдгийг тогтоогоод байна. Мөн хүүхдийг бүр багаас нь нөхөн үржихүйн боловсролыг болон гэр бүл төлөвлөлтийг ухаалгаар зааж сургах нь зүйтэй гэдэг гэдэг дүгнэлтүүдийг гаргасан” гэлээ. Уг нь энэ судалгаатай, судалгаагүй олон улсын сайн туршлага олон байгаа.

Учир нь өсвөр насны охидын жирэмслэлтийг дагаад чанаргүй төрөлт, ядуурал, үр хөндөлтийн тоо цаашлаад бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс ч улс орон бүхэн өөр өөрсдийн гэсэн арга туршлагыг хэрэгжүүлдэг. Ингэхдээ ихэнхдээ хүүхдүүдэд багаас нь нас насны онцлогт нь тааруулсан бэлгийн боловсролын хичээлийг системтэйгээр заадаг. Гэтэл манайд энэ боловсролыг хангалттай зааж чаддахгүй л байна.
 

Биеийн тамирын багш бэлгийн амьдрал заасаар л...
 

Ийнхүү олон улсад шалгарсан арга болох бага наснаас нь нөхөн үржихүйн боловсрол  олгох асуудалд манай төр хэрхэн анхаардаг билээ гэдэг асуулт ургаад гаргаад ирлээ. Тэгвэл энэ хүрээнд харин ч нэг “гажиг” шийдвэр гаргасан байдаг юм. Тодруулбал, өнгөрсөн Засгийн газрын үед буюу 2014 онд БШУ-ны сайдын тушаалаар сургалтын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хасчихсан.

Үүнийгээ “Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй уялдуулах буюу биеийн тамир, биологийн хичээлээр орно” гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын агуулга, стандарт, хөтөлбөр, үнэлгээний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ц.Чимэдлхам “Эрүүл мэндийн боловсролыг огт олгохгүй байгаа гэж ойлгож болохгүй. Энэ талын мэдлэг олгох арга, хэлбэр нь л өөрчлөгдсөн. Өмнөхөөс эрүүл мэндийн хичээлийн мэдлэг чадвар олгох цаг нь харин ч нэмэгдсэн. Хэд хэдэн хичээлийн агуулгад нэмж тусгагдсан.

Тодруулбал, өмнө нь анги бүр долоо хоногт нэг цаг л эрүүл мэндийн хичээлийг ихэвчлэн хими, биологийн багш нар заадаг байсан. Харин одоо биеийн тамир, эрүүл мэнд гэж нэр нь өөрчлөгдөөд, биеийн тамирын хичээлээр эрүүл мэндийн хичээл орж байгаа. Түүнчлэн долоо хоног бүр ангиуд “Амьдрах чадварт сургах үйл ажиллагаа” гэдэг хичээлээр, хичээлээс гадуур үйл ажиллагаагаар долоо хоногт нэг цагаар эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа явж байна.

Биологийн хичээлээр эрүүл мэндийн холбогдолтой ихэнх агуулгыг зааж байгаа гээд дөрвөн хичээлээр сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгож байгаа. Харин сургуулиуд дээр эдгээр цагуудыг хэрхэн ашиглаж байгааг хэлж мэдэхгүй юм. Одоо хичээлийн шинэ жил эхлээд сарын хугацаа л өнгөрч байна. Гэхдээ шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал тусгагдчихсан байгаа. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг дөрвөн хичээлтэй хавсран үзэх, хуучин шиг нь тусгайлан үзэх эсэхийг ярилцах болно. Үүнээс өмнө одоо эрүүл мэндийн боловсрол олгож байгаа хэлбэр нь болж байгаа эсэхийг үнэлэх үнэлгээний ажил одоо төлөвлөгдөж байна.

Тиймээс тун удахгүй одоогийн эрүүл мэндийн боловсрол олгох хэлбэр хэр оновчтой байгаа эсэхийг үнэлчихнэ гэсэн үг. Энэхүү хичээлийн асуудлаар төрийн бус байгууллагууд одоог хүртэл шаардлага ирүүлсээр байгаа. Тиймээс бид тун удахгүй эдгээр байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож, халдварт өвчний тархалтыг бууруулах, оюутан, залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тиймээс эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоог “эрүүлжүүлэх” магадлалтай гэсэн үг.

Хэдийгээр эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс авч хаясан асуудлыг энэ мэтээр эргэж харах гэж байгаа ч гэлээ нэлээд хугацаа зарцуулагдах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагуудын хэлсэнчлэн Биеийн тамирын багш бэлгийн амьдралын асуудал, нөхөн үржихүйн амьдралыг сурагчдад заах аж. Уг нь энэхүү хичээлийг тусгайлан мэргэшсэн хүмүүс орох ёстой гэдэг нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой баймаар.
 

Бэлгийн замын өвчнөөр өвчлөгсдийн тал нь 15-24 насны залуучууд байна
 

Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг Монголын ирээдүй болсон 19-өөс доош насны залуус, өсвөр үеийнхэн эзэлдэг байна. Гэтэл  тэдний дунд жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчний өвчлөл өндөр хувьтай  байгааг судалгаагаар тогтоожээ. Бүр дуу алдмаар тоо баримтыг Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зарлаад байна. Тодруулбал, 2015 онд нийт 80.434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлсэн, Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзлэж байна.

Түүнчлэн бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуучууд байгаа зэрэг сэтгэл түгшим мэдээлэл цацагдаад байна. Хөвгүүдийн хувьд  бэлгийн замын ямар нэгэн өвчлөлийг хэн нэгэнд хэлэхээс санаа зовж явсаар хүндрүүлж эмнэлэгт ирж байгаа нь асуудал болоод байгааг эмч нар хэлж байна. Мэдээж шүү дээ. Биеийн тамирын багш бэлгэвч хэрхэн хэрэглэх талаар тэнд заахгүй нь ойлгомжтой. Хамгийн харамсалтай нь 16-19 насны охидын  жирэмслэлт ихэвчлэн үр хөндөлтөөр төгсдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй.

Тэгээд ч өсвөр насандаа жирэмсэлснээс болж  олон мянган охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо  алдаж, түүнийгээ нуун дарагдуулах үүднээс хувийн эмнэлэгийн эмч гэх “хутга барьсан алуурчдад” ханддаг, улсын бүртгэлгүй буюу хориотой үр зулбуулах эм хулдан авдаг нь нууц асуудал биш. Учир нь энэ асуудлаас болж амиа алдаж байгаа охид олон байгаа.

Ихэнхдээ энэ талын мэдээ мэдээлэл нууц байдлаар дарагддаг. Гэтэл хэдхэн халтар төгрөг олох гэж хүний үр хөнөөсөн этгээдүүдэд дэндүү хөнгөн ял оноодог тогтолцоотой байдаг нь харамсалтай. Тодруулбал, Хууль бусын эм зарж борлуулдаг  иргэдэд хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээг дур мэдэн явуулсан гэсэн үндэслэлээр хариуцлага тооцдог гээд асуудал олон байна.

Энэ мэт өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн болон эрүүл амьдралын  боловсрол, зөв зан үйл, хандлагыг төлөвшүүлэх ажлын хүрээнд төрийн анхаарал буюу томчуудын оролцоо маш чухал байна. Хамгийн чухал нь өсвөр насныханд нөхөн үр  жихүйн эрүүл мэндийн чанартай, шуурхай үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, багаас нь зөв зан үйлийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, нөхөн үржихүйн боловсролыг гэр бүл эцэг эх, нийгэм, сургуулийн орчинд жигд хандуулж чадаж гэмээнэ Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусын том асуудал болоод байгаа эрүүл мэндийн асуудлыг шийдэгдэж чадах нь байна.


Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ням 2016-09-28 11:37:59
    Боловсролын яамны мэргэжилтэн Чимэдлхам гэж хүн одоо юу яриад бн аа. Эрүүл мэндийн талаар мэдлэггүй хүнээр хичээл заалгана гэж байж болохгүй зүйл
  • Батаа 2016-09-28 09:55:34
    Интернэт гж 1 аймар юм бнаа бөгс бөөр гээд бүгд ил бна
  • zochin 2016-09-28 09:45:40
    Банди нар буруутай. Хогнуудыг хонголоод хаях хэрэгтэй
  • за 2016-09-28 05:34:08
    зөв бичсэн байна. охид буруугүй, бид л буруутай
  • byamba 2016-09-28 03:53:03
    idej uuj baigaa zuileesee bolood hamag shim tejeel ni dooshoogoo orchihdog bolchihson yumuudaa. tarhi tolgoi setgehui ni muudaad bogsnii amidral ni saijirsan bn...
  • долгор 2016-09-28 02:52:05
    Хүүхдийг бага байхаас нь ертөнцийг үзэх үзэлд зөв хандлага бий болгох, амьдралыг үнэн мөнөөр ойлгуулах, өөрөө өөртөө хариуцлагатай иргэн болгон хүмүүжүлэх ёстой...
  • Зочин 2016-09-28 02:32:43
    Энэ чинь ганцхан сургуулийн, эмнэлгийн асуудал биш, бараг 80-90 хувь нь эцэг эхийн хариуцах асуудал шүү
    • 111 2016-09-28 05:00:19
      эцэг эх нь зээлээ төлөх гээд өдөр шөнөгүй ажиллаад л.