БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өдөрт 180-200 хүүхэд хүлээн авч байна
Сүүлийн үед  ханиад томуугийн гаралт ихэсч байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал  эрс нэмэгджээ. Бидний зорьж очсон БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн  хувьд  хоногт 180-200 хүүхэд хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа аж. Үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийг ангилан ялгаж,   яаралтай эмнэлгийн тусламж  үйлчилгээ авах шаардлагатай хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилдэг байна. Харин үлдсэн хүүхдүүдэд  эмчилгээ  бичиж, зөвлөгөө өгөөд буцаадаг аж. Ингэж буцаж явсан хүүхдүүдийг өрхийн эмнэлгийн хяналтад орж, давтан үзлэг хийлгэхийг тус эмнэлгийн хүүхдийн эмч Ц.Лхагважав мэдээллээ.
 
Одоогоор 130 ортой тус эмнэлэг 118 орон дээр өвчтөн хүлээн аван эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа аж. Ингэж хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь  ханиад томуу хүндэрсэн, давхар суулгалттай байгааг тус эмнэлгийн сувилагч Б.Мөнхцэцэг ярилаа. Тэрбээр цааш хэлэхдээ “ Энэ жилийн тухайд  ханид томуу туссан хүүхдүүдийн дийлэнх нь бөөлжих, давхар суулгах шинж тэмдэгтэйгээр ирж  байна. Жил бүр ханиадны вирусын гарлаас шалтгаалж, шинж тэмдэг, зовиур өөр, өөр байдаг. Энэ жил бөөлжис, суулгалтын зовуиртай байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдэдээ шингэн зүйл сайн уулгаж, гарын ариун цэврийг сайтар сахиж чадвал  ханиад томуугаас сэргийлнэ” гэлээ.

Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эцэг эхчүүдээс зарим зүйлийг тодруулахад,  “Ганц хоёр цаг гадаа тоглож байгаад орж ирэхдээ л цор цор ханиалгаад орой нь бөөлжиж, халуураад мөн давхар гүйлгээд байхаар нь эмнэлэгт ирсэн чинь ингээд хэвтүүлчихлээ. Энэ ханиад их муухай юм. Хүүхдийг бүр сульдуулчихлаа. Өрхийн эмнэлэгт үзүүлэх гэхээр аль эрт тараад явчихдаг, ажил төрлөөсөө чөлөө аваад очоод үзүүлэхээр өөдөөс юугаа ч мэдэхгүй шахуу хүүхдүүд юу нь мэдэгдэхгүй баахан эм бичиж өгөөд байх юм. Тэрийг нь уулгахаар  эдгэж ч байгаа юмгүй улам хүндрээд байхаар нь арга ядаад  энд ирж, үзүүлээд хэвтлээ”  хэмээн ярьж байна. Өөр нэгэн эх  өрхийн эмнэлэг рүү  очоогүй шууд л энд ирж үзүүлээд хэвтсэн. Ер нь өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэггүй гэлээ. 

Энэ талаар  тус эмнэлгийн эмч Ц.Лхагважав манайхаар үйлчлүүлэхээр ирж буй эцэг эхчүүд ихэнхдээ өрхийн эмнэлэгтээ үзүүлэлгүй шууд наашаа ирдэг. Энэ нь нэгдүгээрт ажил төрөлтэй учир ажлыг цагаар амжаагүйтэй холбоотой байдаг байх, хоёрдугаарт эцэг эхчүүд өрхийн эмнэлэгт итгэх итгэлгүй болчихсон байна. Өрхийн эмч нар бараг юм мэдэхгүй байна гэх зүйлийг ярьж орж ирээд байна. Уг нь өрхийн эмнэлэг дээрээ хүүхдээ хянуулаад  үзлэг, зөвлөгөө аваад яваад байх боломж байгаа шүү дээ гэсэн юм.

Дээрх иргэдийн ярианаас үзэхэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай өрхийн эмнэлэгт итгэх  итгэл иргэдий дунд алга болжээ. Иймээс л  яаралтай дараагийн шатлалын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай дүүргийн эмнэлгийн ачаалал үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөхөд хамаг цагаа барж байна. Энэ байдлыг халах цаг нэгэнт болсныг аль эртнээс л  ярьж хэлж ирсэн ч байдал өөрчлөгдөөгүй өдийг хүрлээ. Иймээс салбарын яам энэ асуудалд анхаарлаа хандуулж,  иргэдтэй хамгийн ойр ажилладаг  өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа, тэнд ажиллагсдын ур чадварын асуудлыг ч давхар анхаарах  цаг болжээ. Үгүй бол анхан шатны эмнэлгийн хийх ажлыг хоёрдугаар шатлалын эмнэлгүүд хийж, ачааллаа даахгүйгээс болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс цаана нь хохирч үлдэж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БЗД-ын иргэн Гомбо 2016-12-02 08:14:30
    ёстой хогын эмнэлэг чинь БЗД эмнэлэг байхгүй юудаа
  • Зочин 2016-10-09 08:33:02
    Энэ эмнэлэгт ирээд хэвтэж байгаа хүүхдүүд сайжрахгүй баына. Суулгалт бөалжилт хэвээр баына, өрөө баыхгүй гээд төлбөртэй өрөөнд хэвтэж байгаа ч цэвэрлэгээ үйлчил...
  • өвчтөн 2016-09-28 08:33:26
    БЗД эмнэлгийг буцааж улсын мэдэлд өгөөчээ