Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүлээлт ба намрын чуулган
УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөхтэй зэрэгцэн гишүүд тойрог тойргийн зүг хүлгийн жолоо залсан. Харин ирэх долоо хоногоос эхлэн тэд хууль санаачлах, боловсруулах, батлалцах үндсэн ажилдаа орно. Тодруулбал, УИХ-ын 2016 сонгуулиар бүрэлдсэн парламент анхдугаар намрын чуулганаа ирэх долоо хоногт нээнэ. Ээлжит бус хуралдсан чуулганаар Засгийн газраас оруулж ирсэн иргэдийн халаас руу гар дүрж, төсвийн цоорхойг нөхөх саналууд толгой дарааллан унасан. Эдийн засгийн хямралаас гарахын тулд иргэдээс авах татвар татаасыг нэмэх бодлого ч нийт массыг бухимдуулахад хүргэсэн юм.

Харин намрын чуулганаар Засгийн газар хямралаас гарах ямар төлөвлөгөө оруулж ирэх вэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хонон өнжин хуралдаж ирэх оны төсвийг төсөл, эдийн засгийн хямралаас гарах “Онцгой хөтөлбөр”-ийг боловсруулсан гэж байгаа.

Тэгвэл УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Засгийн газраас эдийн засгийн хямралаас гарах “Онцгой” хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах нь.

Намрын чуулган бол ирэх оны улсын төсөв, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо баталдаг  хамгийн хариуцлагатай үе байдаг. Энэ намрын чуулганаар 20 орчим хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Тогтсон заншлаар чуулганы эхэнд 2017 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо батална.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай,  Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд зайлшгүй хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан.

 Засгийн газраас өнгөрөгч парламентын үед хэлэлцэн баталсан ч мөрдөгдөж эхлээгүй байсан  зарим хуулийг эргүүлэн татаж, дахин өргөн барьсан. Тухайлбал, Өмнө нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газар буцаан татсан нь олон нийтийг бухимдуулж байлаа.  2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн  байна. Өмнөх парламентаар ёсчлогдоогүй процессын таван хуулийн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Засгийн газраас энэ хуулийн төслийг татах авч, дахин оруулж ирсэн. Ингэхдээ гэр бүлээ хүчирхийлэгч этгээдийг Зөрчлийн хуулиар шийтгэдэг байсныг өөрчлөн ял оноохоор тусгаж, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна. Ээлжит бус чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.  Тиймээс намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан, олны анхаарал татсан хуулийн нэг билээ.

Ийнхүү улс орны эдийн засаг хийгээд, нийгэмд хүлээлт үүсгэсэн олон асуудалд хариулт өгөх нь намрын чуулганы үүрэг болж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.