Голсон юм голд гэдэг шүү дээ

Аливаа өвчин үүсэх өөр, өөрийн шалтгаантай, мөн түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь ч янз бүр гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчуудын дунд янз бүрийн өвчин газар авч, зарим нь бүр хүндэрч, харийн улсыг зориход хүргээд байгаа. Ялангуяа балчир үрсийн дунд цаг агаар, хоол ундны хэрэглээ зэргээс үүдэлтэй огцом өвдөлт үүсдэг байсан бол сүүлийн жилүүдэд суурь өвчтэй хүүхдүүд олширсон гэдгийг тэд хэлж байна. Тодруулбал, амьсгалын замын болон цус багадалт зэрэг өвчин хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж эхэлсэн байна.
 
Энэ бүхэн хүмүүсийн амьжиргааны төвшин, байгаль орчны өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуй зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсч байгааг насаараа хүүхдийн эмчээр ажилласан хүн хэлж байв. Тэрбээр хүүхдүүдийн дунд цус багадалт ихэссэн нь суурь өвчнийг үүсгэж, цаашлаад дархлаагүй болгож, өвчин хүндрэхийн эхлэл тавигддаг гэдгийг ч мөн хэлсэн. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр 80 орчим хувь нь хоолойны ангина, шүд хорхойтох өвчин болон бусад идээт халдваруудын голомттой байгаа гэсэн мэдээллийг эрүүл мэндийн салбарынхан гаргасан байгаа юм. Энэ нь бөөр шээсний замын өвчинд нэрвэгдэх үндсэн шалтгаан болж, үүнтэй холбоотойгоор судасны хатуурал, бөөр болон зүрх, нүдний уг, тархи зэрэг бусад эрхтний үйл ажиллагаа алдагдаж, бөөрний архаг өвчин, бөөрний дутагдалд хүрэх нэг үндсэн шалтгаан болдог байна.
 
ДЭМБ-аас 10 хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгааг хүртэл гаргажээ. Тиймээс эмэгтэйчүүд хөл хүнд болсон цагаасаа эхлээд цус багадалтаас урьдчилан сэргийлж, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл монголчууд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг мэдээллээр дутмаг, өөрсдөө ч хэнэггүй хүмүүс болохоор өвчилсөн хойноо л сандарч тэвдэх нь элбэг. Үнэндээ цус багадалт гэдгийг ойлгодог эсэхийг нь ч мэдэх юм алга. Зарим нь бүр “Намайг цус багадалттай гэсэн. Цус хийлгэе гэж бодож байгаа. Хаана хандвал дээр вэ” гэж асуух юм билээ. Тэгэхээр цус багадалт гэдгийг цусных нь хэмжээ багасчихсан гэж ойлгодог бололтой юм. Яг л өнөөх машины радиаторын ус дундрахад нь нэмээд хийчихдэг шиг л сэтгэх хүн олон байдаг юм байна. Гэвч үнэндээ цус багадна гэдэг нь цусны бүтэц хэвийн байхаа больж эхэллээ гэсэн үг юм байна.
Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгддэггүй гэнэ. Харин цус багадалт хүчтэй илэрсэн үед хүн амархан ядарч, бие нь сульдаж, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт мууддаг, царай нь цонхийж, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэсдэг гэх зэрэг зовиур илэрч эхэлдэг аж. Ийм эмгэгээс сэргийлэх, түүнээс салахын тулд цус төлжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болно.
 
Тэгвэл бидний аль дээр үеэс “цус төлжүүлэгч” хэмээн нэрлэж, байнга хэрэглэдэг байсан улаан лооль цусыг шингэлдэг бөгөөд төмрийн агууламжаараа хамгийн багад тооцогддог юм байна. Харин төмрийг хамгийн ихээр агуулдаг хүнсэнд өлсөж үзээгүй монголчуудын “нохойн хоол” хэмээн цамаархаж, хэрэглэхээ больчихоод байгаа малын дотор гэдэс ордог аж.
 
Тухайлбал, малын элэг, ясны тунгалаг шөл цус төлжүүлэхэд хамгийн сайн, гүзээ нь төрсөн ээжүүдийн хөхөнд сүү оруулна, харин дэлүү нойр булчирхайд хэрэгтэй, толгой шийр нь тэр чигтээ коллаген агуулдаг болохоор дотор гэдэснээс хаях зүйл огт байхгүй гэдгийг ойлгох цаг болж. Учир нь цус багадалтаас үүсэх үр дүн тийм ч хүсмээр эд биш гэдгийг одоо л ойлгохгүй бол хожимдоно. Муугаар бодоход 10,20 жилийн дараа бүгд өвчинд нэрвэгдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Одоо өвчлөл улам залуужаад байгаа болохоор эртнээс л эрүүл мэнддээ анхаарах нь чухал байна. Тиймээс одоо голж шилж, хямсаганаад байлгүй дотор гэдэс, дайвар бүтээгдэхүүнээ л идээд байцгаая, бүгдээрээ.

Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bazar.Ya 2016-09-28 05:56:44
    Golson yum gold orj golgoitoi tsus togoo duurne gej ene dee. Manaihan mongol hool idsen mongol huvtsas omsson huniig ad uzeed ijsen yum