Монголын банкны системийг “залгих” Bank of China
Саяхан манай улсад арав гаруй жил ажиллаж байгаа гадаадын нэг том хөрөнгө оруулагч “Хятад бол худалдаачны сэтгэлгээтэй улс. Хэрэв Монголд Bank of China салбараа нээвэл төгрөг биш юаниар гүйлгээ хийдэг болж, цаашлаад эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хятадын барьцаанд орохыг үгүйсгэхгүй” хэмээн палхийтэл хэлсэн юм. Хэдий ийм үгс өмнө хаа нэгтээ чихний хажуугаар  өнгөрч байсан ч энэ удаад нэлээд эмзэглэмээр тусав. Монголчууд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө баяртай гэж хэлээд юаниар гүйлгээ хийдэг болбол энэ том гүрэн манай улсыг хэдхэн жилийн дотор л уусгаад авна. Сүүлийн үед манайд гадаадын томоохон банкыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн яриа ахин сэргэж байгаа нь Bank of China-гаас сэрэмжлэх ёстой гэдгийг давхар сануулж байгааг мартаж болохгүй. Манай улсад одоогоор Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC), Bank of Tokyo-Mitsubishi UFJ (BTMU) болон Bank of China зэрэг гадаадын таван банк төлөөлөгчийн газраа нээгээд байгаа. Эдгээр банк Монголд салбараа нээгээгүй учир ашиг олох үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн хуулиндаа заасан байдаг. Аливаа улсад гадаадын  олон улсын стандарт нийцсэн ил тод банкыг тодорхой шалгууртайгаар оруулж ирвэл хөрөнгө оруулалт нь эрс сайжирч, эдийн засагт эерэгээр нөлөөлдөг жишиг байдаг. Харин Bank of China нь төрийн өмчит (67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдаг) банк учир олон улсын стандартад нийцсэн, нээлттэй гэж хэлэхэд хэцүү. Энэ банкны цаана Хятад улсын төрийн бодлого нуугдаж байгаа нь өөрөө том асуудал. 

Өрсөлдөөн биш монополь

Монголын санхүүгийн салбарын 97 хувийг эзэлдэг банкны салбарын актив  ердөө 12 орчим тэрбум ам.доллар буюу 23.9 их наяд төгрөгөөр өдгөө хэмжигдэж байгаа бол Bank of China нь Хонконг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй дэлхийн 37 улсад салбараа нээгээд буй 560 тэрбум ам.долларын активийн хөрөнгөтэй дэлхийн арван том банкны нэг юм. Bank of China-гийн үндсэн хөрөнгө Монголын банкны салбарын актив төдийгүй ДНБ-ий хэмжээнээс хэд  дахин өндөр байгаа нь энд өрсөлдөөн үүсэхгүй, харин монополь буюу давуу байдал бий болохыг тов тодорхой илтгэж байна. Монголын банкуудын зээлийн хүү өндөр учир гадаадын банк оруулж ирж, зээлийн хүүг бууруулах ёстой хэмээн олон хүн гомдоллодог. Гэтэл дотоодын банкуудын иргэд, аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлдэг хадгаламжийн хүү хэт өндөр буюу 13.4 орчим хувь байдаг. Өөрөөр хэлбэл банкууд эх үүсвэрээ ийм өндөр нөхцөлтэй авч байгаа болохоор зээлийн хүү 19 хувиас буухгүй байгаа билээ. Энэ нь арилжааны банкуудын биш цаана нь системийн алдаа байгааг илтгэж байна. Хэрэв манайд Bank of China салбараа нээвэл банкуудын хамгийн найдвартай, том зээлдэгчдийг таатай нөхцөлөөр татсанаар Монголын банкуудыг хүнд байдалд оруулж, эрсдэл нь өссөнөөр зээлийн хүү буурах биш өсөх, цаашлаад банкууд үүдээ барих эрсдэлтэй хэмээн нэгэн том банкны гүйцэтгэх захирал манай сонинд ярилцлага өгөх үеэрээ сануулсан юм. 

Дээжийг нь тэд, шавхрууг нь бид

Манайд гурван жил гаруйн өмнө бууриа засч, төлөөлөгчийн газраа нээсэн үндэстэн дамнасан гигант банк Bank of China нь үйл ажиллагаагаа явуулахдаа өндөр өгөөж бүхий зах зээлийг л сонгодог ажээ. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг байна. Тэгэхээр Монголын бүхий л топ гэж нэрлэгддэг компаниуд Bank of China-гийн аманд орно гэсэн үг. Харин дотоодын арилжааны банкуудад үр ашиг муутай, хэрэглээ, цалин, жижиг дунд үйлдвэрлэл, орон сууцны зээл зэрэг л ногдох нь. Тэгэхээр дээжийг нь Хятадын банк хүртэж,  шавхрууг нь Монголын банк долоохтой ижил байдал үүсэх нь. Хүссэн ч, эс хүссэн ч олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхи өндөртэй банк руу харилцагчид хошуурах нь тодорхой тул жам ёсоороо хөгжиж буй дотоодын банк санхүүгийн байгууллагын өрсөлдөх чадварт илт сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна. Өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд банкууд нэгдэх, үйл ажиллагааны зардлаа хумих, зээлийн хүүгээ хүчээр ч болов багасгах сайн талтай мэт боловч ажилгүйдэл, санхүүгийн үйл ажиллагааны доголдол үүсэж, бүтэц чадамж нь сульдан эвдэрч, эцэстээ Монголоор нэрлэгдсэн банк үгүй болох аймшигт ирээдүй угтахыг үгүйсгэхгүй. 

Эдийн засгийн судсыг нь атгах мэх

Bank of China өнгөрсөн хугацаанд манайд нээсэн Төлөөлөгчийн газраараа дамжуулж Худалдаа хөгжлийн банкинд Хонконг дахь салбараараа 350 сая ам.долларын своп хэлцлийг хийж өгөхийн зэрэгцээ “Туушин”  группийн шинэ барих салбарт зориулан 25.1 сая ам.долларын зээл олгосон. Түүнчлэн  Хятадын банкны Төлөөлөгчийн газраар дамжуулан 40 орчим компани нийт гурван тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ илэрхийлээд байгааг хоёр жилийн өмнө мэдээлж байсан. Харин үүнээс хойш одоог хүртэл  санхүүжилттэй холбоотой тодорхой мэдээлэл олон нийтэд цацагдаагүй байна. Bank of China салбараа нээх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард албан ёсоор ирүүлээд буйг албаны эх сурвалж онцолсон. Bank of China-гийн Төлөөлөгчийн газрын зүгээс, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж, Монгол Улсын банкны салбарын активын 12 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгох нөхцөлтэйгээр салбараа нээн хэмээн их эвтэйхэн тайлбарладаг. Гэхдээ Bank of China Малайз, Индонез, Казакстан, Тажикстан зэрэг улсад яг л ийм зарчмаар зах зээлд шургалаад эдийн засгийн судсыг атгасан гашуун түүх бий. Хэрэв манай улс хямралын үе хэмээн дулдуйдаж ам.доллартай бол хэнтэй ч нөхөрлөсөн яах вэ гээд Bank of China-д найр тавибал, тусгаар тогтнолоо давхар тавиад явуулахыг үгүйсгэхгүй. Дэлхийд ч Bank of China-гийн ов мэхэнд орж, улсынхаа санхүү эдийн засаг цаашлаад газар нутгаа хүртэл алдсан улс цөөнгүй байна. Тухайлбал, Bank of China  Казакстаны зах зээлд жижиг дунд бизнесийг санхүүжүүлнэ гэж орсон ч хэдхэн том компанийг тэтгэсэн бол Тажикстан улсын хувьд санхүүгийн систем нь Bank of China-гийн хараанд шилжиж, газар нутгийн 40 хувь нь Хятадын эрхшээлд оржээ. Мөн  Энэтхэгийн банкны салбарын 70-80 хувийг Bank of China хянадаг болохоор дотоодын санхүүгийн зах зээл гэж бараг байхгүй болжээ. Тэгэхээр хэрэв манай улсын том компаниуд өрөө төлж чадахгүйд хүрвэл тухайн компаниар зогсохгүй улсын эдийн засаг цаашлаад улсын тусгаар тогтнолын асуудал яригдах нь. 

Эцэст нь...

Хятад улс манай улстай эдийн засаг, худалдааны том харилцагч гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, бид Хятадтай эдийн засгаараа хэдийнэ уягдсан билээ. Манай эскпорт, импортын гол түнш төдийгүй дэд бүтэц, эрчим хүчний болон уул уурхайн томоохон төслүүдэд хамтарч хөрөнгө оруулах сонирхолтой компани Хятадынх байгаа нь Bank of China том давуу тал олгож байгаа юм. Мөн Төвбанк Хятадын Ардын банктай юанийн своп хэлцэл өмнө нь хийж байсан. Одоо үүнийхээ хэмжээг өсгөх сонирхолтой байгаа нь манай улс Хятадын банкны мэхэнд ороход ойрхон ирээд байгаагийн илрэл. Эдийн засгийн хямралын эмзэг, сул дорой энэ үедээ Bank of China-гийн салбарыг Монголд нээвэл улсаа дампуурал руу шууд түлхэж байгаагаас өөрцгүй хэрэг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хэрэв Монголд гадаадын банк оруулж ирэх шаардлага байвал төрийн биш хувийн өмчит буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ил тодоор үйл ажиллагаагаа явуулдаг, нээлттэй банкыг тодорхой нөхцөлтэйгээр сонгох нь чухал юм. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хямралаас гарах нэрийдлээр Bank of China-гийн салбарыг Монголд нээлгэвэл тусгаар тогтнолоо арилжиж байгаагаас өөрцгүй шийдэл болох нь.
 
Эх сурвалж: Үндэсний шуудан
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine