Долоо хоногийн тойм
Паралимпийн тамирчид эх орондоо ирэв

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн наадмын паралимпийн 15 пахь удаагийн наадам Рио Де Жанейро хотноо амжилттай болж өндөрлөөд байгаа билээ.  Энэ удаагийн олимпийн наадамд манай есөн тамирчин спортын таван төрөлд хүч сорин өрсөлдөж, түүхэн амжилтыг үзүүлсэн.  Тэгвэл Риогийн тэнгэрт Монгол улсынхаа  алтан соёмбот  төрийн далбаагаа мандуулсан шилдэг тамирчид маань лхагва гарагт  ирлээ. “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ тэргүүтэй Монголын тамирчид 00.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцын буудалд газардлаа.



Тэднийг  Монголын паралимпийн хороо, “Сүлд” спорт хороо, “Ард” даатгал, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авч, баяр хүргэлээ. Паралимпийн наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн  манай тамирчин  ОУХМ Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр олимпийн хошой аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга бөхийг ялсан юм.Түүний дараа пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ мөн хүрэл медаль хүртэж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ.
 
Ерөнхийлөгч “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс байв.



Одоогийн байдлаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 60 улс батламжлаад байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр энэ оны эцэс гэхэд батламжилж дуусан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлдэг Бразил, Мексик, Аргентин тэргүүтэй улс орнууд батлаад байгаа. Хэлэлцээрийг баталсан улс орнууд эрс нэмэгдэж буй дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барихыг зорьжээ.
 
Арьс ширний үнэ өсөв

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүхий эдийн үнэ өсөж “Эмээлт” зах дээр ямааны арьс 2500 төгрөг, хонины нэхий өлөнтэйгээ 3000 төгрөгийн үнэтэй болжээ. Энэ талаар тус захын ченжүүд, “Намар хонины муу үс нь унаад нэхийний чанар сайжирдаг тул үнэ нэмэгддэг. Нөгөөтэйгүүр Хятад ченжүүд өмнөхөөс их арьс шир, нэхий худалдаж авч байгаа учраас үнэ өсч байгаа” хэмээн хэлжээ.



Засгийн газар энэ сарын 14-ний хуралдаанаараа салбарын яамнаас санаачлан малчдын орлого нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны 10 дугаар сараас эхлэн мөрдөхгүй байхаар шийдсэн. Ингэснээр арьс шир, нэхийний үнэ өснө гэсэн хүлээлт зах зээл дээр үүсэээд байсан юм.
 
Ерөнхий сайд банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Энэ сарын 20-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банк, санхүүгийн сабарын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр тэрээр 100 хүртэл метр кв талбайтай байр худалдан авах бол 8 хувийн зээл авна гэв. Энэ нь олон хүнийг баярлуулсан мэдээ байв. Гэвч Барилга хот байгууулалтын сайд Ц.Мөнхбаярын санал болгосноор 120 м.кв болгон сунгах ёстой байсан гэж бухимдах нэгэн ч байна.



Ямартай ч борлуулалт зогссоноос хүнд байдалд орсон олон барилгын компани гурван өрөө байруудаа худалдах боломжтой болов. Гэхдээ Засгийн газар санхүүжилтийг нь шийдсэн үед шүү дээ.     
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.