Германы улстөрчид Оросын хакеруудын дайралтад өртжээ
Есдүгээр сарын 20-нд Германы нэр бүхий улстөрчид ба намын албан тушаалтнууд хилийн чанадаас хакерын дайралтад өртсөн тухай мэдээл ихээхэн дуулиан тарьж байна. Энэ талаар “Deutsche welle” мөрдлөгө явуулжээ.
 
Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар яг ийм дайралт энэ оны наймдугаар сарын 15 ба 24-нд болсон. Өөрийгөө Генрих Краммер гэж нэрлэсэн хүнээс Брюссель дахь НАТО-ийн төв байранд ирсэн имэйлд Италийн газар хөдлөлт ба Туркийн төрийн төрийн эргэлт хийх оролдлогын талаарх нэмэлт мэдээлэл агуулсан гэх URL холбоосыг өгсөн байж.
 
Үнэн хэрэг дээрээ энэ холбоос нь нэвтэрсэн хүний компьютер рүү троян буюу тагнуулын программыг нууцаар суулгадаг сервертэй холбоотой байсан байна. Бие даасан шинжээчид нь энэ бүхний ул мөр Оросын тусгай албадтай холбоотой гэж мэдэгдэв.
 

Кибер тагнуулчдын дайралт
 

Энэ бол ийм төрлийн анхны хэрэг биш төдийгүй Оросын тусгай албадыг анхны удаа ч сэжиглэж байгаа юм биш. 2016 оны дөрөвдүгээр сард электрон тагнуулууд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн нам болох Христийн арчдилсан холбооны төв байрны компьютерийн сүлжээнд нэвтрэхийг завдаж байв.2015 оны тавдугаар сард бундестаг нь өргөн цар хүрээтэй дайралтад өртсөн.
 
Германы холбогдох албаныхан тагнуулын програм маш өндөр түвшинд бичигдсэн гэдгийг харгалзан үзээд бичсэн эзэд нь компьютерийн хулиганууд бус харин гадаадын аль нэг улсын тусгай албад гэж сэжиглэжээ. Христийн ардчилсан холбоо ба бундестаг руу хийсэн кибер дайралтыг зарим нь АРТ28, зарим нь Sofacy гэж нэрлэгддэг хакеруудын бүлэглэлийнхэн үйлдсэн гэдгийг нотолсон баримтыг хууль сахиулах албад олж авсан тухай мэдээлэл  ХБНГУ-ын Төрийн албадуудад ойр байдаг эх сурвалжуудаас ирсэн. Өрнөдийн тусгай албад нь энэхүү бүлэглэлийг Оросын Холбооны аюулгүй байдлын алба ба Тагнуулын Ерөний удирдах газрын заавраар ажилладаг гэж үздэг.
 

АРТ28 бүлэглэлийн хакерууд гэж хэн бэ?


Энэхүү бүлэглэлийн үйл ажиллагааг мөрдөн шалгаж байгаа бөгөөд компьютерийн аюулгүй байдлын салбарт ажилладаг FireEye нэртэй Америкийн компани нь илтгэлдээ “Зөвхөн Засгийн газруудын сонирхдог геополитик ба батлан хамгаалахтай холбоотой чиглэлээр тагнуулын мэдээлэл цуглуулдаг сайтар бэлтгэгдсэн программ хангамж боловсруулагчдын ажлыг бид харж байна” гэсэн байна.
 
Анх 2006 онд үйл ажиллагааг нь бүртгэж байсан  APT28 бүлэглэл янз бүрийн чиглэлээр маш олон дайралт хийсэн тэгэхдээ нэн тэргүүнд Кремлийн сонирхлыг татаж байгаа бай руу дайрч байсныг FireEye компани онцолжээ.
 
Эдгээр хакер нь тогтсон цагийн хуваарийн дагуу ажилладаг. Америкийн мэргэжилтнүүдийн бүртгэж авсан тэдний дайралтын 96 хувь нь Москвагийн цагаар 10-18 цагийн хооронд, даваа гарагаас баасан гарагийн хооронд үйлдэгдэж байжээ. Ингээд зогсохгүй 2007-2014 онд янз бүрийн Засгийн газрын эсрэг тагнуул хийж байсан программуудын тохиргооны тэн хагас нь орос хэл дээр бичигдсэн байж.

 
Кремль ямар зорилго агуулж байна?


Есдүгээр сарын 20-нд хийсэн дайралтыг яг адил хэлбэрээр бичиж гүйцэтгэсэн байжээ. Энэ бүхний цаана Кремлийн ямар сонирхол яваад байна?
 
Ээлжит удаагийн кибер дайралт хийгдсэн тухай бундестаг дахь парламентын фракцуудад биечлэн мэдэгдсэн Мэдээллийн технологийн салбарын аюулгүй байдлыг хангах холбооны алба BSI-ийн захирал Арне Шөнб нь тагнуулын программыг захиалагчид  2017 оны парламентын сонгуулийн өмнө Германы олон нийтийн санаанд нөлөөлөхийг хүсч байгаа гэж үзжээ.
 
Захиалагчид нь ингэж нөлөөлөх зорилгоор сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцож байгаа Германы намуудын дотоод амьдралын талаар хууль бусаар олж авсан мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулж, тэгснээрээ Кремльд таалагдахгүй байгаа улстөрчдийн нэр хүндийг гутаахыг оролдож байна.
 
Яг ийм аргыг саяхан АНУ-д хэрэглэсэн байсан бөгөөд тэгэхэд орос хакеруудын хулгайлсан гэх Ардчилсан намын төв штабын дотоод нууцтай холбоотой олон мянган электрон захидлыг Wikileaks сайтад дамжуулан өгсөн.
 
BSI-ийн захирал “АНУ-д болсон үйл явдалтай холбоотойгоор намуудыг тагнуулын ажиллагаанаас хамгаалах нь маш чухал гэж бодож байна. АРТ28-ын хакерууд мөн гэдгийг заасан индикаторууд байна” гэжээ.
 

Зүүний үзэл баримтлалтай намуудыг онцгой анхаарч байна
 

Гэхдээ дээр өгүүлсэнтэй зэрэгцээд Кремлийн улс төрийн хор хутгагч нарт бас өөр, нэмэлт зорилт байж болох юм. Энэ удаагийн дайралтаар хакерууд сөрөг хүчинд багтдаг Зүүний нам, түүний Берлин дэх төв байр ба парламент дахь фракцийн тэргүүлэгчдийн нэг Сара Вагенкнехтийг онцгой анхаарсан нь сонирхол татаж байна.
 
Бундестаг дахь социал демократуудын удирдагч Зигмар Габриэль нь онолын хувьд Зүүний нам ба “ногоон” фракцын депутатуудын тусламжтайгаар одоо ч гэсэн Канцлерараар сонгогдож, Кремлийг бухимдуулж буй Ангела Меркелийг зайлуулах боломжтой. Ээлжит удаагаа Москвад айлчилж байгаа Габриэль нь Оросын Ерөнхийлөгчид хавьгүй илүү нааштай ханддаг болно гэж Германы ажиглагчид үзэж буй.
 
Одоохондоо социал демократууд, коммунист намын залгамжлагчид ба ногооныхон гэсэн гурвалсан эвсэл байгуулахад эхний хоёр намын хооронд байгаа гадаад бодлоготой холбоотой эвлэрэшгүй зөрчлүүд нь саад болж байгаа билээ.
 
Гэхдээ Засгийн газарт орохын тулд зарим нэг зарчмаасаа татгалзахыг хүсэх улстөрчид Зүүний намд байж ч болох талтай. Жишээлбэл, бундесверийг гадаадад бүх төрлийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэхээ болих, үгүй бол НАТО-г үгүйсгэхээ больж болох юм. Хэрэв ийм хүмүүс байгаа бол Кремлийн хувьд дараагийн сонгуулийн дүнгээр өөртөө илүү ашигтай канцлертай болох боломж улам л өснө. Москва ч энэ тухай мэдэж авахыг хүсч байгаа.
 

ХБНГУ-ын Засгийн газар ямар бодолтой байна вэ?
 

Наймдугаар сард Германы улстөрчдийн эсрэг хийсэн кибер дайралтыг Оросын тусгай албаны хакерууд хийсэн гэх нотлох баримт бий юу? 9 дүгээр сарын 21-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Deutsche wellee” –ийн сурвалжлагчийн тавьсан энэ асуултад ДЯЯ-ын төлөөлөгч нэг мөр хариулахаас зайлсхийсэн. Тэрээр мөрдөн байцаалтын нууц гээд кибер тагнуулын улмаас учирч байгаа эдийн засаг ба улс төрийн хохирол, интернэтээр цацагдаж байгаа дайралт ба хуурамч мэдээлэл, тэдний тусламжтайгаар олон нийтийн санаа бодол нөлөөлөх гэж оролдож байгаа тухай Оросыг заалгүйгээр ярьж хариу өгсөн юм.
 
Харин Бундестаг дахь “ногоон” фракцийн орлогч ба тус фракцын кибер орон зайн асуудлыг хариуцсан шинжээч Константин фон Ноц нь “Deutsche wellee”-д ярилцлага өгөхдөө оросуудын оролцоо байж болохыг үгүйсгэхгүй байна гэж шууд мэдэгдсэн. Тэрээр “Оросын тусгай албад шаардлагатай ноу-хауг эзэмшдэг ч хакерын дайралтын үед хаанаас хийгдэж байгааг нь тодорхойлох ямагт хэцүү байдаг. Гэхдээ ийм дайралтын нэг бүрдүүлэгч хэсэг нь ул мөрөө үлдээх байдаг тул хакерууд мөрөө балладаг” гэсэн. Ямар ч байсан ийм дайралт хийх сэдэл оросуудад байгаа.
 
Үүнээс гадна Үндсэн хуулийг хамгаалах холбооны албаны жил болгоны тайлан илтгэлд Оросын электрон тагнуулын идэвх өндөр болж байгааг тогтмол онцолж байна.

 

 
Эх сурвалж: “Deutsche welle

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-09-23 00:35:41
    Хятад иргэд банкнаас мөнгө авсан гэдэг чинь монголчуудад нэвтрэхгүй сүлжээ алга л гэсэн үг
  • Энэ дэлхий хаашаа эргээд байна даа, чаав 2016-09-22 07:10:46
    Үл ойлгогдох асуудлууд Монголоос гадуур ч их байгаа юм байна. Оросыг шууд нэр зааж гүтгэж чадахгүй мөртлөө хардаад байдаг. Америк ч байж болохыг үгүйсгэхгүй нь....
  • Irgen 2016-09-22 06:56:59
    USA-giin NSA-giin hacker-uud Merkeliin utsiig n chagnaj bhad yuu ch duugarch chadaagui uls daa.