Төсвийн цоорхойг нөхөх Засгийн газрын үнэт цаас
Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногоос эхэлж 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлсэн.

Өнгөрсөн жил манай улс олон улсын зах дээр бондоо амжилттай зарсан. Гадаадын зах зээл дээр үнэт цаасанд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдан авсан. Харин одоо Засгийн газар үнэт цаасаа  дотооддоо зарах шийдвэр гаргасан. Үүнийг нь банкууд л голчлон худалдаж авдаг. Учир нь мөнгөтэй нь банк байгаа болохоор тэр.

Засгийн газар бонд гаргасан бол түүгээр хөгжил бий болгох хэрэгтэйг эдийн засагчид дуулгадаг. Эрх баригч хүчнийхэн өмнөх Засгийн газар бондыг үр ашгаа өгөхгүй төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байв.   Уг нь том төслийг хэрэгжүүлснээрээ том үйлдвэрүүдийг хөгжүүлж, араас нь жижиг үйлдвэрүүд нь дагаад хөгжиж эхлэдэг нь жам ёсных. Эдийн засаг инерцээрээ хөгжих суурь тавигдаж байгаа хэрэг.

Ер нь үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Гэвч Засгийн газар гаргасан үнэт цаас гаргаж том төслүүдэд хөрөнгө оруулах тухай бодохгүй байгаа. Нэг үгээр энэ удаа Засгийн газраас гаргасан үнэт цаас гаргаж төсвийн цоорхойг нөхнө.

УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг бууруулах бус өсгөсөн. Засгийн газрын зардлаа танах зорилгоор санал болгосон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоох, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэлгийн хэмжээг бууруулах заалтууд чуулганы танхимд шил дараалан унасан. Иймээс ийнхүү төсвийн цоорхойгоо Засгийн газрын бондоор өнгөлөн далдлахаар шийджээ.
Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр улсын төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөгт хүрч, оны төгсгөл рүү 4 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй болсон. Төсвийн орлого төвлөрүүлэлт хоёрдугаар улирлаас хойш сайжирдаг ч эсрэгээрээ бууралт үзүүлэх болсон юм.  Сангийн яамнаас гаргасан энэ оны наймдугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого төвлөрүүлэлт 785.4 тэрбум төгрөгөөр дутуу биелээд байна. Орлого буурахад импортын барааны НӨАТ ын орлого 160.8 тэрбумаар, импортын гаалийн албан татварын орлого 76 тэрбумаар, газрын тосны орлого 59.7 тэрбумаар, өмч хувьчлалын орлого 94.8 тэрбумаар, гадаад хандив тусламжийн орлого 206.4 тэрбумаар гэх мэтчлэн тус, тус төлөвлөсөн хэмжээнээсээ тасарсан нь нөлөөлжээ.

Гэсэн ч бонд гэдэг нь бас л Засгийн газрынын өрийн нэг хэлбэр. “Өрийн таазыг өсгөх гэлээ, бонд гаргахгүй шүү, төсвийн хэмнэлт хийж зардалаа хас” гэх шаардлагыг өмнөх Засгийн газарт МАН-ынхан тавьсаар ирсэн. Гэтэл өөрсдөө өрөө нэмж үнэт цаас гаргахаар шийдлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-09-22 00:28:01
    Манай улсад Хөрнгийн биржийн тогтолцоо муу хувьчлалын тасалбар гэж гаргаж хөрнгийн биржийн нэр хүнд унасан энэ талаар эрс алхам хиймээрээ